Солонгосын хойгт энхийг тогтоох Хойд Солонгосын хүчин чармайлтыг харгалзан үзээд АНУ, өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлууллаа хэмээн АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жэймс Маттис мэдээлжээ.
Түүний хэлснээр, хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлаагүй, харин ирэх хавар хүртэл хойшлуулсан төдийгүй дипломат харилцаанд саад учруулахгүйн үүднээс хөтөлбөрийг нь бага зэрэг өөрчилсөн гэв. Өнгөрсөн долоодугаар сард хойд Солонгосын удирдагчтай уулзсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн томоохон цэргийн сургуулилтыг хойшлуулж, заримыг нь зогсоогоод байгаа юм. Трамп хамтарсан цэргийн сургуулилтыг “хэтэрхий өндөр зардалтай, бусдыг өдөөн хатгасан хэв маягтай” хэмээн хэлж байжээ. Сингапурын дээд хэмжээний уулзалтын дараа Дональд Трамп, ийм цаг үед АНУ, өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтад их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Харин "бүргэдийн зулзага" зэрэг томоохон сургуулилтыг бус жижиг хүрээнд хамтарсан цэргийн сургуулилтуудыг тогтмол явуулж байгаа хэвээр байгаа юм. Энэ тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, “Хамтарсан цэргийн хүчний бэлэн байдал болон өмнөд Солонгосыг хамгаалах үүднээс бид цэргийн сургуулилтыг их, бага хэмжээгээр тогтмол явуулдаг” гэжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн сард болсон АНУ-ын батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга болон өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд нар уулзах үеэрээ "хамтарсан цэргийн сургуулилт нь чухал ач холбогдолтой ч солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хойд Солонгосын хүчин чармайлтыг харгалзан үзэх хэрэгтэй” гэдэгт санал нэгдсэн байна. Мөн цаашдаа хамтарсан цэргийн сургуулилтын хамрах хүрээг багасгах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ