Liberty Summit: Бизнесменүүдэд туслахгүй байж тус болооч

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

LiveLiberty Summit: Бизнесменүүдэд туслахгүй байж тус болооч

12 : 32
2018-11-22

Liberty Summit Mongolia-2018: Бизнесменүүдэд туслахгүй байж тус болооч

П.Цэнгүүн: Шуналыг зөв тайлбарлах, зөв ойлгох цаг нь болсон

Liberty Summit Mongolia-2018 хэлэлцүүлгийн хүлээлт үүсгэсэн илтгэлүүдийн нэг нь “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүний “Данхар төр ба Монгол Улс” сэдэвт илтгэл байв. Бизнесийнхэн гэх томоохон “фронт”-ыг төлөөлж хэлсэн түүний бухимдал шингээсэн илтгэл, илтгэлийн сэдэв нь улс төрд хүссэн хүсээгүй хамаарч байсан юм. П.Цэнгүүн “Энэ дэлхийг аварч, нуруун дээрээ үүрч яваа хүмүүс бол бизнесменүүд. Бизнесменүүд бүх зүйлийн буруутан, хамгийн муухай хүмүүс болчхож.  Мөн “Хувиа хичээгч бай. Би шуналтай гэдгээ хэлж бай. Шунал байж гэмээнэ ашиг хийнэ. Бизнес хийж буй капиталист хүн бусдыг хохироохгүй, бусдыг золиослохгүй, хэнд ч саад хийхгүй ашиг хийх ёстой. Ёс суртахууны маш том ялгаа шүү” хэмээн илтгэлдээ дурдсан бөгөө үүнийгээ өнөөдөр өрнөж буй “ЖДҮХС-ийн зээл, бусдын боломжийг булааж хохироож байгаа явдал”-тай ч холбохоо мартсангүй. Тэрбээр бизнесменүүдэд, “Тооцоолол сайн байх, харилцан ашигтай чөлөөт арилжаа” хийхийг товчхон сануулсан. Шуналыг зөв тайлбарлах, зөв ойлгох цаг нь болсон. Бусдын мөнгийг золиослогчид, хулгайлагчдыг “мөнгө хийдэг” хүмүүсээс ялгаж сурах хэрэгтэй. Шуналгүй бол бизнесмен хүнд амжилт байхгүй. Баялаг бүтээгч хүн шуналдаа суурилаад бусдыг хохироохгүйгээр мөнгө хийхэд буруу юм юу байна аа гэхэд оролцогчид алга ташин дэмжиж байлаа. 

Бизнесменүүдэд туслахгүй байж тус болооч!

Дараа нь гурван илтгэгч, хэлэлцүүлэгт оролцогчидтой чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. “Татварыг төр заавал дахин хуваарилах шаардлага байна уу?” Торгууль бол муу үйл хийсний төлөө авч байгаа шийтгэл. Татвар бол сайн үйл хийсний торгууль. Цөөн хүнээс авч олон хүнд тараахыг татвар гэнэ. Гэхчлэн төрд татвар төлөх, дээрэмчинд алдах хоёр адил болжээ гэдгийг зарцуулалт нь харуулаад байна. Тэртэй тэргүй тэгш хүртэхгүй, аль нэг давуу талаа ашиглан цөөнх нь тэр боломжийг, татварын мөнгийг хүртээд байгаа бол татварын талаарх ойлголт ийм л байх болно.

“Хязгаарлагдмал төр гэж юу вэ?” “Данхар төр” гэдгийг хэрхэн ойлгох вэ? Товчхондоо бизнесменүүд бүгдийг хийж чадна. Бизнесменүүдэд туслахгүй байж тус болооч гэдэг санааг дуу нэгтэйгээр давтан хариулж байв. Гэхдээ бид ямар нэг тэмцэл, бослогод уриалахгүй. Зөнгөөр нь орхисон. Зах зээл өөрөө маш хүчтэй. Буруу зүйл хийвэл шийтгэнэ. Хэрхэн шийтгэж, зөнгөөрөө уруудаж байгааг харж байгаа биз дээ гэж либертариудын төлөөлөл хэлж байна.

Ж.Оюунгэрэл: “Татвараа төлцгөө”

Асуулт хариулт өрнүүлэх үеэр нэгэн сонирхолтой оролцогч асуулт тавьсан нь “Петровис” группийн Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл байлаа. Тэрбээр “Татварыг их шүүмжиллээ. Би эсрэг бодолтой байна. Татварыг төлөх ёстой. Тэгж байж энэ нийгэм дархлаатай болно. Төр мөнгөтэй байх ёстой. Өнөөдөр 134 ААН-ээс 40 мянган нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 300 гаруй ААН л нийт татварын 80 хувийг бүрдүүлдэг. Монголд татвар тийм ч өндөр биш шүү дээ. Бүгдээрээ татвараа төлцгөө гэж уриалмаар байна. Монголд хувь хүний хөрөнгийг Монголын хөрөнгө гэж үзэх ёстой. Миний санаа зовж байгаа зүйл бол хууль, шүүх засаглал, тэндээс зөв шударга шийдвэр гарч чадаж байна уу гэдэг асуудал л байна” гэсэн юм.

Түүнчлэн уг хэлэлцүүлгийг сонирхож очсон залуусаас “Яаж тан шиг өдий олон жил төрөөс хамааралгүй, зөрчилдөөнийг давж бизнес хийж чадах вэ. Мөнгө ав гэсэн ч авахгүй, мөнгөн устай гурил зардаг гэж гүтгэсэн ч даваад гардаг аргаасаа хэлж өгөөч гэв. Энэ мэтээр олон залуус цугларч, сонирхолтой, санаанд оромгүй, эргэлзээтэй санал, үзэл бодлыг дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнөж байна. Зөвхөн татварын асуудлаар, зөвхөн хууль, шударга ёстой холбоотой асуудлаар либертари үзэлтэн гэж өөрийгөө андуурав гэдгийг доктор Б.Батчулуун сануулж байсан. Үнэхээр ч “төрөлхийн” гэмээр үзэл бодолдоо үнэнч яваа П.Цэнгүүн нарын туулж өнгөрүүлсэн “романтик, детектив” түүхийг хүндэтгэсэн, дуурайх бус ойлгохыг хүссэн залуус хэлэлцүүлэгт оролцож байгаа нь харагдлаа.  

11 : 17
2018-11-22

“Дүр эсгэсэн либертариуд олширч байгаад харамсдаг”

Liberty Summit Mongolia-2018 хэлэлцүүлэг эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Мизес Монгол” ТББ, Торгоны зам сан хамтран зохион байгуулж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөг дэмжигчдийн том хүрээлэл  үүсч, нийгэмд үзүүлэх нөлөө нэмэгдүүлэх хүлээлттэй байгаагаа хэлэлцүүлэгийг зохион байгуулагчид, оролцогчид хэлж байлаа. Хэлэлцүүлгийн эхэнд “Данхар төр ба Монгол Улс” сэдвээр Философийн ухааны доктор Б.Батчулуун илтгэл тавьж байна.

“Чамайг эрх чөлөөтэй байлаа гээд ямар ч төлбөр төлөхгүй. Ганцхан зүйлд төлбөр төлөөрэй. Сонор сэрэмжтэй байгаарай. Чиний эрх чөлөөнд халдаж байна уу, үгүй юу” гэсэн Томс Жефферсоны үгийг тэрбээр сануулж өнөөгийн нөхцөл байдалд нэмэн дэлгэрүүлж тайлбарласан нь ихээхэн анхаарал татсан юм. Мөн дүр эсгэсэн либертариуд олширч байгаа нь болгоомжлууштай гэлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ч, ер нь либертариудын цугларалтад ч уг үзэл санааг ойлгож дэмждэг хүмүүс , ялангуяа бизнесмэнүүд нэмэгдсээр байгаа нь энэ удаад ч харуулсан.

Доктор Б.Батчулууны илтгэлд “ Татвар бол гайхалтай зүйл. “Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэж цээжилсэн үгсийн маань цаана “Яагаад” гэдэг асуулт огт тавьдаггүй. Хүний бүтээсэн баялгаас 10 хувийг нь авчихдаг, минийх гэж хэлэх эрхтэй хувь хүн ч, байгууллага ч, төр ч байх ёсгүй. Тэгж авдаг, бүр худал хэлж авдаг хүн улам ихэсч байгаа нь харамсалтай. Хувь хүний эрх чөлөө гэдэг бол халдашгүй дархан байх ёстой. Өөрийн хүч хөдөлмөрөөр баялаг бүтээчих гэсэн уриалга агуулсан шүүмжлэл “Данхар төр ба Монгол Улс” сэдвийн гол үзэл санааг харуулж байв.

Д.ЭНХЧИМЭГ “ЛИБЕРТАРИ ХҮНИЙ ХУВЬД ТЕНДЕР БАЙХГҮЙСЭН БОЛ ГЭЖ БОДДОГОО НУУХГҮЙ”

Дараа нь “Монгол Айди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхчимэг эдийн засгийн эрх чөлөөний талаар сонирхолтой илтгэлийг тавьсан. Түүний илтгэлд эдийн засгийн эрх чөлөөг юугаар, яаж хэмжих, тухайлбал хуулийн засаглал, Засгийн газрын ёс зүй, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэйгээр  асуудлаа шийдүүлж чадаж байна уу гэх зэрэг чухал асуудлыг тус бүрт нь задалж ярьсан нь сонирхолтой байлаа.

Засгийн газрын бүх төрлийн зарцуулалт, татвар өсгөдөг шалтгаан, шалтаг, түүнийг зарцуулдаг байдал, ялангуяа зарцуулалтын дөрвөн төрөл болох өөрийнхөө мөнгийг өөртөө зарцуулах, өөрийн мөнгийг бусдад зарцуулах, бусдын мөнгийг өөртөө, бусдын мөнгийг бусдад гэсэн төрлүүд байдаг. Үүнээс Монголын Засгийн газар бол “бусдын мөнгийг бусдад” зарцуулдаг учраас татварын бодлого нь алдаатай, зарцуулалт нь үрэлгэн байдаг талаар илтгэлдээ дурдсан нь өнөөгийн нөхцөл байдлын дүр төрхийг тодорхойлсон хэрэг гэдэгтэй олон хүн санал нийлж байв.

Мөн бизнес хийх эрх чөлөө, тухайлбал, тусгай зөвшөөрөл, ажиллах хүчний эрх чөлөө, худалдааны эрх чөлөөний тухай сэдэв, тарифын хэлэлцээр, импортын татварын талаарх саналууд нь сонирхолтой байлаа. “Өөрийн нутаг дээрээ гадны бараатай өрсөлдөж чадахгүй байхад яаж дэлхийд өрсөлдөх вэ. Өөрсдийнхөө өрсөлдөх чадвараа унагаж байна. Хөрөнгө оруулалт гадаадынх ч бай, дотоодынх ч бай өрсөлдөөнийг бий болгож, инновацийг авчирч байдаг” хэмээгээд эдийн засгийн эрх чөлөөгөөр нь дэлхийн улс орнуудыг жагсаасан байдал, тэдгээрийн эдийн засгийн өсөлтийн харьцуулалт хэлэлцүүлгийн хамгийн их анхаарал татсан сэдэв байсныг онцлууштай. Асуулт хариулт өрнүүлэх үеэр нийтийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхний оролцоо ямар байвал зохистой талаар түүнээс лавлаж байсан. Илтгэгч Д.Энхчимэг  “Нийтийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн түлхүү оролцож ажиллах тусмаа сайн. Либертари хүний хувьд тендер байхгүйсэн бол гэж боддогоо нуухгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж