Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Шашны номлол түгээхээр яваад алуулжээ

Энэтхэг улсад харьяалагддаг,  Бенгалын буланд байх хойд Сентинелийн арал дээр дэлхийн хамгийн аюултай, хорвоо ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд АНУ-ын нэгэн иргэн үүгээр аялж яваад тэдний гарт амь үрэгдсэн байна.

Хойд Сентинелийн арал нь нийт 572 арлаас бүрдэх Андаман, Никобарын бүлэг арлуудад харьяалагддаг байна. Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдээлснээр 27 настай, АНУ-ын иргэн Жонн Аллен Чау нь Энэтхэг улсад аялах зорилготой ирсэн гэх боловч Андаман, Никобарын арлууд руу христийн шашныг ухуулан, номлох зорилготой очсон байжээ.

Энэтхэгээс 1370 км-ийн зайд байрладаг хойд Сентинелийн арал дээр гаднын хүмүүст тун дургүй, тэдэнд харгис хэрцгий ханддаг “сентинелчүүд” хэмээх зэрлэг омгийнхон оршин суудаг учраас тэдэн рүү найман километрээс илүү ойртохыг хориглодог байна.

Сентиналчуудыг холоос авсан зураг

Андаман, Никобарын бүлэг арлуудын цагдаагийн газрын мэдээлснээр Жонн Чау нь нутгийн загасчдаас хойд Сентинелийн арал руу хүргэж өгөхийг гуйсан бөгөөд түүнд тусалсан долоон хүнийг одоогоор баривчлаад байгаа юм. Загасчид арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Жонн Чауг моторт завиар арлаас 700 орчим метрийн зайтай газар хүргэж өгсөн бөгөөд цааш жижиг  модон завийг сэлүүрдэн, ганцаараа явсан байна. Тэр өдрөө Жонн Чау нум сумны шархтай загасчид дээр буцаж ирсэн боловч маргааш нь дахиад л тус арал руу очжээ. Энэ удаад түүний завийг зэрлэг омгийнхон эвдэлсний улмаас Жонн Чау загасчдын байдаг газарт сэлж ирсэн аж. Харин түүний маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тэрбээр дахин хойд Сентинелийн арлыг зориод буцаж ирээгүй байна. Орон нутгийн нэгэн загасчин, омгийнхон түүний цогцсыг далайн эргийн элсэн дээр булж байхыг өөрийн нүдээр харсан хэмээн гэрчилж байгаа юм. Цагдаагийн газрын зүгээс Жонн Чаугийн цогцсыг авчруулахаар мэргэжлийн багийг арал руу илгээгээд байгаа аж.

Амиа алдсан Жонн Чаугийн гэр бүлийнхний хэлснээр тэрбээр христийн шашны номлогч төдийгүй уулын спортын тамирчин, мөн хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажилладаг байжээ. “Тэр Сентинелийн арлынханд муу санаа өвөртөлж очоогүй” хэмээн ар гэрийнхэн нь хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж