Д.Лүндээжанцан: Хариуцлагын зуд болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

LiveД.Лүндээжанцан: Хариуцлагын зуд болж байна

Д.Лүндээжанцан: Хариуцлагын зуд болж байна
18 : 28
2018-11-22

Д.Лүндээжанцан: Хариуцлагын зуд болж байна

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хувийнхаа "Цэн стайл" компанидаа зээл авсан Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн  92.1 хувь нь Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх, хэвлэлийн албаны дарга нь ЖДҮ-д холбогдсон. Энэ хүмүүстээ хариуцлага тооцож ажлаас нь халсан юм билээ. Засгийн газар ЖДҮ-чин гишүүд, сайд нартаа хэзээ хариуцлага тооцох вэ. Д.Лүндээжанцан гишүүнээс асууя, энэ асуудлаар танд хэлж ярьсан зүйл байна уу. Нийгмийн бухимдал дээд зэрэгтээ тулсан энэ үед ЖДҮ-чин сайд нартаа хариуцлага тооц гэдэг асуудлыг Ерөнхий сайдад хэлсэн. Манай Ерөнхий сайдын хариуцлагын сэлэм, сүх хоёр нь байгаа онохгүй байгаа л даа. ЖДҮ-чин сайд нараа цавч гэхээр хотын даргаа мөн бүлгийн даргаа цавччихдаг. Албан тушаал мөнх бус ард түмэн, улс орны эрх ашиг  мөнх шүү.   ЖДҮ-чин гишүүд, сайд нартаа  хариуцлага тооцох асуудлыг ярихгүй байгаа учраа Засгийн  газрыг огцруулах асуудал яригдсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Манай гишүүд УИХ-ын хуулиа сайтар судалмаар байна. Хариуцлагын зуд болж байгаа нь үнэн. Олон жил давхар дээлийг тайлах тухай асуудал ч  яригдаж байгаа. Засах зүйлээ засаад хариуцлагаа тооцоод явах ёстой гэдэг дээр санал нэг байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Монголын төрд  сүүлийн 27 жил ард түмэн төрдөө итгэхгүй болгосон нь ёс зүйн асуудал. Над руу   хөдөөнөөс хүмүүс  ярьж гайхаж байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудыг гайхаж байна. “Муу хүнээс илүү аюул гэж үгүй” гэж ардын үг бий. Олон дипломтой гадаадад сургууль төгссөн гэдгээс илүүтэй  өнөөдөр  ёс зүй үгүйлэгдэж байна. Төрийн түшээдээ хүндэтгэх сэтгэл эгэл жирийн ардад байсаар байгаа. Гэтэл улсын хөгжилд саад болж байгаа нь мөнгө дутагдсандаа бус ёс суртахуунгүй байдлаас эдийн засгийн хямралд орчхоод байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Сүүлийн хэдэн өдөр туйлдаж байна. Төрийн байгаа байдал бидний хоорондын тэмцэл маш хүнд байна. Үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Төсөв ярьж байхад холбогдох хүмүүс нь орж ирэхгүй. Дэмий зүйлд эрч хүчээ тал талд барлаа. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар үнэн эсэхээ шалгуулчхаад орж ирье гэж байгаа нь зөв. Төрийн ордонд хэрүүл ярихаас илүүтэй чухал асуудал зөндөө л байна шүү дээ. Ард түмэн орой болгон өөдрөг өнгөтэй мэдээлэл үзэхээ байлаа.  Хариуцлагын тогтолцоогоо яривал ярьсан шиг яримаар байна. Би Оюутолгойн асуудлыг ойрын хугацаанд оруулж ирнэ” гэсэн юм. Үүгээр Пүрэв гаригийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.  

17 : 45
2018-11-22

"УИХ-ыг тараана гэсэн хүн өөрөө эхлээд өргөдлөө өг"

Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригоо тодотгон оруулж ирсэн учраас УИХ-ын бүлгээр хэлэлцэх  шаардлагатай гэж үзэн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн завсарлага хүссэнээр  тус асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа.

Тус асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Маш чухал асуудал хэлэлцэж байна. Улсын төсөв тоглоом биш гэдэгтэй би санал нийлж байна.  Ерөнхийлөгчийн хэлсэн  малчид руугаа чиглэгдсэн саналыг би дэмжиж байгаа. Би тодорхой горимын санал гаргая. 2019 оны төсвийг Засгийн газар оруулж ирсэн. Гэтэл яагаад Засгийн газар сайд нар нь ялангуяа Сангийн сайд нь орж ирэхгүй байгаа юм бэ. Улс  орны амин чухал асуудлуудыг ярих гэхээр сүүлээ хавчаад байхгүй болчих юм. Сошилоор том том яриад л байх юм. Энд орж ирж ажлаа хиймээр байна. Танхимын сайд нараа дуудаач ээ. Өнөөдөр ажилдаа хариуцлагатай ханддаг 42 гишүүн чуулгандаа сууж байна.  Монгол Улсын төсвийг ярьж байна. Ирэх онд айл өрх ямар байх тухай чухал асуудлыг ярьж байна шүү дээ. Төрөөр тоглохоо Засгийн газар болимоор байна. Тоглоом нь шоглоом болж байна шүү.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Төсөвт хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Малчдаа дэмжих тухай  бидний түрүүлж бодох ёстой асуудлыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа явдлыг  би дэмжиж байна. Гацаанаас гаргахын тулд Ерөнхийлөгч буулт хийж байгаа хэрэг шүү дээ.  Өнөөдөр хэсэгчилсэн хориг оруулаад ирж байгаа нь илүү хязгаарлагдмал болгож байна. Уг нь бүхэлд нь хориг тавих нь илүү чөлөөтэй боломжийг олддог. Тодотголоор илүү хүндэрнэ. Хаанаасаа хасах уу гэдгээ сайн бодоорой. Ганцхан тойрог дээрээ мөнгө тавиулаагүй хүн би шүү. Тоглоом тоотой дээр гэдгийг сануулъя. Нэг хэсэг нь Засгийн газраа огцруулна гээд эсвэл УИХ-ын даргаа буулгана гээд нөгөө хэсэг нь чуулганыг тараана гээд ярьж болдог юм уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-УИХ-ыг тараана гэсэн хүн өөрөө эхлээд өргөдлөө өг. Таны оронд ажиллах сонирхолтой хүмүүс бий шүү дээ. Өөрсдөө ажлаа өгчихвөл дагаад бусад нь гарах биз. Хоригийг хэлэлцэх юм уу эсвэл оруулж ирсэн саяны бичгийг нь хэлэлцэх гээд байгаа юм уу. Алийг нь болохоо тодорхой болгомоор байна. Хоригийг хүлээж аваад ирсэн бичгийнх нь  хүрээнд ярих боломжтой гэж би хувьдаа ойлгож байна. Аль болох Ерөнхийлөгчөө ойлгомоор байна. Ганцаардлыг би ойлгож байна. Ерөнхий сайд нь бас ганцаардчихсан.Эсвэл хэлэлцэх энэ асуудлаа  хойшлуулаад Ерөнхий сайдаа огцруулъя.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь ойлгож байна. Тавьсан хориг нь улс эх орноо хоригт оруулчих вий гэдгээс санаа зовж байна. З.Энхболд оо та Ерөнхийлөгчийнхөө нэр хүндийг унагааж байгаа шүү. Хоригийг хүлээж авах эсэх нь тодорхой болоогүй байхад хориг тодотгосон давхар бичиг оруулаад ирэх юм. Таны үед хамгийн их алдагдалтай төсөв баталж байсан шүү. Тоглоом хэрээсээ хэтэрч байна. Ерөнхий сайд маань хүртэл энэ тоглоомд оролцож Засгийн газрын  гишүүдтэйгээ хамт бойкотлож байна. Хоригийг уян хатан шийдвэрлэж өгнө үү  гэсэн нь маш зөрчилтэй байна. Эхлээд хоригийг хэлэлцэх эсэхээ шийдвэрлэе. Улсын төсвөө шантаажилж үйлдвэрийн парк барина гэж байхгүй шүү, З.Энхболд оо.

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Энэ бичиг нь  урьд өмнө нь болж байгаагүй үйлдэл дээ.Хэлэлцүүлгийн явцад орж ирсэн асуудал учраас дахин байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй л гэж би үзэж байгаа юм. Хоригийн хугацаа ирэх Лхагва гаригт дуусна. Энэ хугацаандаа амжиж байнгын хороод хуралдаад УИХ-аар оруулж хэлэлцэх боломжтой.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ийм гаргалаа байна. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Засгийн газрын гишүүд нь алга. Манай  намын бүлгийн дарга гээд байгаа хүн нь  завсарлага аваад бүлгээрээ эхлээд асуудлыг оруулъя.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Ерөнхийлөгч хориг тавих хэрэгтэй. Маргаантай чухал асуудлыг ярьж байхад Засгийн газрын гишүүд нь орж ирэхгүй байгаа нь монголын парламентийг  үл хүндэтгэж байна. Ярилцаж зөвшилцөж асуудлыг ярих нь зөв. Бүлгийн хурлаар орсны дараа байнгын хороогоор хэлэлцэж байж цаашаа  нь явуулъя. Үгүй бол дахин маргаан үүснэ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Байнгын хороо хуралдаж чадах уу. Ирц нь хүрэхгүй Хуульзүйн байнгын хороо хоёр хоносон  шүү дээ. Ирцээ бүрдүүлж чадна гэдэгтээ баталгаа өгч чадах уу. Засгийн газар эхлээд байр сууриа илэрхийлмээр байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

 

16 : 46
2018-11-22

З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулав

Пүрэв гаригийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх асуудлаар УИХ-дахь АН-ын бүлэг завсарлага хүссэн ч  хоригийг хэлэлцэх нь хуулийн хугацаатай  учир хоёр цагийн завсарлага өгсөн билээ.

Завсарлага 16 цагт дуусгавар болсноор УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус хоригт …”Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна.

Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна” гэжээ. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригоо тодотгон оруулж ирсэн учраас Байнгын хороод хуралдахаар болж байна.

13 : 42
2018-11-22

Ц.Цогзолмаа: Дүрэмгүй тоглолт хэрээс хэтэрч байна

Өнөөдрийн чуулганд оролцсон гишүүд улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж байр сууриа илэрхийлсэн юм.


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

-УИХ-ын гишүүд ард түмнээсээ сонгогдсон атал УИХ-ын бүрэн бүтэн үйл ажиллагааг явуулж чадахгүй байгаад харамсч байна. Монгол Улсын төрийн бүтэц хуулийн дор явагдах ёстой. Хуулиа хэрэгжүүлэх нь бидний нэн түрүүний үүрэг. Төрийн гурван институци өнөөдөр ямар ч мухардалд орсон бай асуудлын гарц гаргалгааг олж ажиллаж ирсэн түүх бий. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагджээ. Ард түмний эрх ашгаас илүү том эрх ашиг гэж байхгүй.

УИХ-ын гишүүдийн онцгой бүрэн эрх бол төсвөө бүрэн баталж, ард түмнийг цалинтай, тэтгэвэртэй, тайван амьдрах нөхцөлөөр хангаж өгөх үүрэгтэй. Гэтэл ард түмнийхээ орлогыг нь нэмэгдүүлж чадахгүй, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж чадахгүй байж хий хоосон улстөржсөн мэдээллээр ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна. Энэ бол дэндүү том эмгэнэл. Сүүлдээ зохион байгуулалттайгаар, өндөр төлбөр төлж олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийн гэр бүлд нь халдах явдал хэрээс хэтэрлээ. Хуулийн байгууллага нь ажилладаг журмаараа ажиллаж УИХ-ын гишүүдийн нэр төр, үр хүүхэд рүү халдаж байгаа явдлыг таслан зогсоож, нэр төрийг нь яаралтай сэргээж өгөх ёстой. Дээр нь төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудад улс төрийн захиалга өгч зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахыг зогсоох цаг болсоон. Энэ бүхэнд үнэхээр тэвчээр барагдаж байна.  

УИХ-ын гишүүдийн төсөв батлах онцгой эрхэд халдаж байгаа, УИХ-ын хэвийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа, нам, төрийн ажлыг хольж хутгаж байгаа ёс зүйгүй үйлдлээ таслан зогсоомоор байна. Чуулганы танхимдаа орж ирэхгүй байгаа гишүүд орж ирж УИХ-ын хэвийн үйл ажиллагааг явуулаасай гэж хүсч байна. Хэлэлцэх асуудлаа хууль журмынхаа хүрээнд хэлэлцэж, төрийн ажлыг хуулийнх нь дагуу явуулах ёстой. Дүрэмгүй тоглолт хэрээс хэтэрч байна. Хэнд ч төрийн дээр гарч тоглох эрх байхгүй.

Ард түмнээс сонгогдчихоод хэний өмнө ямар үүрэгтэйгээ умартаж ард түмнийхээ нийтлэг эрх ашгаас хувийн явцуу эрх ашгийг дээгүүрт тавьж байгаа УИХ-ын гишүүдтэй нэгдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Өнөөдөр Монгол Улс хуулийн засаглалтай орон уу үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Эрх мэдэлтнүүдийн засаглалтай орон болчихжээ. Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавьсан гэж ойлгосон. Гэтэл одоо Ерөнхийлөгч тавьсан хоригоо танилцуулахгүй байгаа нь Монгол Улсын УИХ-д, Үндсэн хуульд хориг тавьсан юм байна. Бид ард түмний элч байна гэж бүгд тангаргаа өргөсөн. Монгол Улсын Ерөнхий сайд хүн УИХ-ын үйл ажиллагаанд халдаж байгаа увайгүй үйлдэл хийж байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байна. Энэ бол огцруулах үндэслэл мөн. Намын дарга хүн төрийн толгой дээр сууж болдог юм уу. Эрх баригч намын дарга болохоос биш Монгол Улсад байгаа 27 намын даргын л нэг шүү дээ. Төрийг ингэж бойкотлож болдог юм уу.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Тэвчээр барагдаж байна. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдах учиртай. Үндсэн хуулиа мөрдөж ажиллах ёстой. Би яагаад Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан бэ гэхээр Ерөнхийлөгчийн засаглал руу орж парламентийн засаглалыг таслан зогсоох гэсэн оролдлогыг таслах хамгийн сүүлийн боломж нь энэ Засгийн газрыг унагаах явдал гэж би харсанхынх. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр нь нийлээд парламент руугаа дайрч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд хамгийн том заналхийлэл учруулах  явдал өнөөдөр эхэлж байна гэж үзэж болно. Би Монгол Улсын том эрхийн ашгийн төлөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан. Бүлэг хулгайчдыг барих эрх нь энэ Засгийн газарт бий. Гэтэл энэ үйлдлүүдээ хийхгүйгээр парламент руугаа буруугаа тохож нийлж бойкот хийх боллоо. Монголын ард түмэн өнөөдөр айдас дунд амьдарч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа төрөөр тоглохоо одоо боль.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Үнэхээр харамсч байна. Монголын төр ингэж доройтож дампуурлын үед ирж байсан цаг үеийг би мэдэхгүй. Өнөөдөр ардчилсан сонгуулиар парламент бүрдсэн. Үе үеийн парламентийг сайн, муу нэр зүүдэг. Гэтэл энэ парламентыг Үндсэн хуулийн бус аргаар зогсоох гэж байгаад харамсаж байна. Төсвийг маш муу оруулж ирсэн. Ч.Хүрэлбаатар маш муу ажилласан. Төсвийн асуудлыг хариуцдаг Сангийн сайд нь өнөөдөр бас л алга. Ерөнхий сайдтайгаа хамт сайд нар нь чуулгандаа суухгүй бойкотлож байна.  Монголын ард түмний төрд итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээч ээ. Ард түмэн бүгдийг харж дүгнэж суугаа шүү. Би өнөөдөр  МАН-ын ялалтын бялуугаас хүртэж байсан дарга нараас ичиж байна. Оюун-Эрдэнэ нарт шударга ёсны талаар ярих эрх алга. ЖДҮ-тэй холбогдсон сайд нартаа хариуцлага тооцохгүйгээр нэг сайдаараа туг тахиж хаалгаа хаана гэж байхгүй шүү.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Чуулганыг гацаахгүй байх гэж бид өглөөнөөс хойш сууж байгаа. Төрийн ажил нэг минут ч хоцрох ёсгүй. Төсвийн хоригтой холбоотой асуудалд сайд нар нь орж ирэхгүй байгаа учраас  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирэхгүй байна. Тиймээс байхгүй сайд нараа оруулж ирээ. Бүлгээ хуралдуулж дотоод асуудлаа цэгцэл.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-32 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн байна. Нэрсийг нь харахаар АН-ын хоёр, 32 нь МАН-ын гишүүд байна. 26 гишүүн нь ЖДҮ болон албан тушаалд барьцаалагдсан гэж харагдаж байна. Үүнээс 13 нь дандаа Засгийн газрын гишүүд байна. Засгийн газар огцроход хангалттай. ЖДҮ-чиддээ барьцаалагдаад байна. ЖДҮ-чдийг шалгах Түр хороог баталж өгөхийг УИХ-ын даргаас хүсье.

13 : 10
2018-11-22

Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх гэсэн боловч  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг  орж ирж хоригоо танилцуулахыг хүссэн ч тэрбээр орж ирсэнгүй. 

УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус асуудлаар завсарлага авахыг хүсч тэрбээр “АН-ын бүлэг парламентын үйл ажиллагааг  тасралтгүй  тогтвортой явуулах байр суурийг баримталдаг. Гэвч өнөөдөр бид асуудалд ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас АН-ын бүлэг  2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг түр хойшлуулж өгнө үү гэж горимын санал гаргаж байна” гэсэн юм. 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхийг УИХ хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас завсарлага авах боломжгүй. Харин хоёр цагийн завсарлага өгье” гэснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа.

12 : 37
2018-11-22

О.Баасанхүү: Би тэмцэхэд бэлэн байна

Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхэд,  гишүүдийн 89.7 хувиар дэмжигдлээ


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Монголын төр чадамжгүй болж хувирсан байна. Засгийн газрыг огцор гэж би гарын үсгээ зурсан. Өнөөдөр ЖДҮ-д холбогдсон гишүүддээ хариуцлага тооц гэж хэлсний  төлөө УИХ-ын гишүүд нь бойкот хийж  эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын гишүүн, төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээн самуунд турхирч жагсаал цуглаан хийнэ, цэрэг хүчнийг цуглуулна гэдэг асуудал яригдаж байна. Нуруу нь өвдсөн гэсэн Ерөнхий сайд нь маргааш нь цуглаан уулзалт хийгээд явж байдаг. Төсвийн асуудлыг хэлэлцэх гэхээр Сангийн сайд нь орж ирдэггүй.   Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байгаа УИХ-даа хариуцлага тооцооч ээ.  ЖДҮ-чин сайд, гишүүддээ хариуцлага тооц гэхээр бүлгийн дарга, хотын даргаа огцруулдаг ийм байж болох юм уу. Засгийн газраа огцруулъя, дараа нь УИХ-аа огцруулъя.Миний бланкин дээр ирж гарын үсгээ зураарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өнөөдрийг хүртэл нөхцөл байдлыг дүгнэж харахад УИХ-ын даргыг огцруулах гээд хэдэн хүн гүйгээд байх юм. УИХ-ын даргыг огцруулах  хоёр л арга бий. нэг нь Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарах нөгөө нь өөрөө огцрох гэсэн хоёр л арга бий. Парламентаа өнөөдөр доромжилж хамгийн муухай үүр болчихсон мэтээр ярьж байгаа нь харамсалтай.  Батлан хамгаалахын сайд нь орж ирэхгүй байгаад би айж байна.Тагнуулыг хариуцдаг Ерөнхий сайд нь орж ирэхгүй байна. Мөн төсвийг барьдаг Сангийн сайд нь алга. Гэхдээ би айхгүй. Та нар хууль бусаар төрийн эрхийг авах  гэж байгаа бол  би хуулийн дагуу  төрийн эрхээ буцааж авахын төлөө байлдана. Би цус асгаруулаад ч тэмцэхэд бэлэн байна. Картаа сугалаад гараад явсан бүх хүн зайлаарай. 

Үүний дараа 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх гэсэн болов ч  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг  орж ирж хоригоо танилцуулахыг нь  хүлээж байна.

12 : 09
2018-11-22

М.Энхболд: Хууль бусаар төрийн эрхийг авах  оролдлого хийж байгаа юм уу

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй удсаны эцэст дөнгөж сая эхэллээ. Үүнээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүд төлөөллийнхөө үүргийг биелүүлж энэ танхимд орж ирэх ёстой. Би өглөөнөөс хойш дөрвөн удаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудлаа. Төсвийн хоригийг хэлэлцэх гээд байна. Засгийн газрын гишүүд нь яагаад чуулгандаа орж ирэхгүй байгаа юм бэ.  Хууль бусаар төрийн эрхийг авах  оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг хууль бусаар хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй ээ. Тийм учраас чуулганы хуралдааныг эхлүүлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина. Бүх яригдаж байгаа асуудал хуулийн дагуу явагдах ёстой. Гишүүдийн ирц 39-д хүрсэн байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг үүгээр эхэлж байна” гэлээ.

Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Сонгуулийн дүнд байгуулагддаг Улсын Их Хурал болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн үзсэн юм.

10 : 55
2018-11-22

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  10.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй байгаагийн улмаас одоогоор эхлээгүй байна. Учир нь МАН-ын албан бус 33-ын бүлэг буюу Засгийн газрын сайд нар УИХ-ын чуулганыг нэгдсэн хуралдааныг бойкотлохоор шийдсэн үү, ажилдаа ирсэнгүй. Өнөөдрийн чуулганаар 11  хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт болон 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. МАН-ын бүлэг болон Байнгын хороодоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй.  Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хувийнхаа "Цэн стайл" компанидаа зээл авсан Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Тэрбээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан асуудалдаа хариуцлага хүлээж ажлаа өгөхөөр болсон билээ.

Мөн Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм. Хоёр намын бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд үүрэгдсэн. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар ирсэн.  Чуулганы ирц 46.7 хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж