Улстөрч, урлагийнхны ялгаа

Хуучирсан мэдээ: 2015.02.22-нд нийтлэгдсэн

Улстөрч, урлагийнхны ялгаа

Монголын парламентад 11 эмэгтэй гишүүн бий. Хууль тогтоох хамгийн дээд байгууллагад ард түмнийг төлөөлж байгаагийн хувьд эмэгтэй гишүүдээс их зүйлийг хүлээх хүмүүс цөөнгүй. Гэвч, нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим нэг саваагүй нөхрөөсөө болоод УИХ дахь эмэгтэй гишүүдийн нэр төр унасаар.

 

Хэдхэн хоногийн өмнө туулай агнасан зургаа сошиалаар цацаж, онигооны баатар болсон Л.Эрдэнэчимэг хатагтай хаа явсан газраа хэрэг мандаах нь энүүхэнд.

Өмнөх дуулиан нь дарагдаагүй байхад дараагийнхаа дуулианыг дэгдээсэн Л.Эрдэнэчимэгийг энэ үйлдлийг сонгуулийн пи-ар нь гэж харах хүмүүс байна. Яагаав, дэлхийн зарим одод олигтой уран бүтээл туурвиж чадахаа болингуут элдвийн зүйл сэдэж, фэнүүддээ “Би амьд байгаа шүү” гэдгээ харуулахыг оролддог гэсэн. Чимгээ гишүүний үг, үйлдэл болгоныг харахад иймэрхүү л бодол төрөх.

Сар шинийн үеэр телевизийн нэгэн шоунд оролцохдоо Л.Эрдэнэчимэг гишүүний нууц авъяас нь илрэв. Намжиртай гэгч нь бүжиглэх гишүүний үйлдлийг алга ташин таашаахаасаа хаа явсан газраа хэрэг төвөг тарьдаг хүүхэд шиг хүлээж авсан нь олон. Сар өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга дуучин Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул” дууг дуулж, бичүүлснээ сошиалаар цацсан нь бас л дуулиан тарьсан. “Баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд падгүй” гэгчээр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүд чөлөөт цагаараа туулайгаа агнана уу, дуугаа дуулна уу, бүжгээ бүжнэ үү бидэнд хамаагүй л дээ. Хүний эрх талаасаа харвал хөөрхий гишүүд саарал ордонд өдөржин хэрэлдээд бие нь чилж, бүжиглэмээр, дуулмаар болдог юм байгаа биз. Тэгээд ч ямар УИХ гишүүн дуулж, бүжиглэж болохгүй гэсэн хууль байхгүй. Хүн л юм чинь дуулах, бүжиглэх нь буруу юу байхав.

Гэхдээ ард түмний төлөөлөл болж, УИХ-д сонгогдсон гишүүдэд дуу дуулж, туулай агнаж, бүжиг бүжиглэхээс илүү чухал асуудал олон байна.

Сүүлийн үед урлаг соёлын одод хүмүүнлэгийн үйлс анхаараад ихэд завгүй болсон. Гавъяат жүжигчин И.Одончимэг гэхэд л “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Ядарсан, зүдэрсэн ард олондоо жаахан ч гэсэн буян үйлдэхээр урлагийнхан сэтгэл шулуудаж, харин орон зайг нь эзлэхээр улстөрч бүсгүйчүүд ханцуй шамлан орцгоожээ. Хууль тогтоох хамгийн дээд байгууллага болох парламентад эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа бүсгүйчүүдийн хувьд хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү хамаагүй ч, тэднийг нийгэмд хэрэгтэй хууль баталж, ард түмний дуу хоолой бол гэж сонгосны хувьд ингэж “аальгүйтэх” зав баймааргүй юм. Тэгээд ч төрийн түшээ хүнд олны өмнө биеэ авч явах харилцааны бага ч гэсэн соёл байх ёстой. Энтертайнмент байх ёстой ч ийм байдлаар лав биш.

Урлаг соёлын одууд дунд туулай агнаад түүнийгээ сошиалаар цацаж суудаг “тэнэг” лав байхгүй. Олны хайр хүндэтгэлийг хүлээснийхээ хувьд ч урлагийнхан өмсөх зүүх ярих, хэлэх зүйлээ хүртэл цензурддаг. Тэгэхээр урлагийн одод, улстөрийн ододын ялгааг энэ мэт үг, үйлдлээс нь харж болох.

Иймэрхүү саваагүй нөхдүүд саарал ордонд биднийг төлөөлөөд хууль санаачлан баталж суудаг гэхээр нүүр улаймаар ч юм шиг.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж