ОХУ-ын Соёлын яамтай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Соёлын яамтай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

ОХУ-ын Соёлын яамтай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Соёлын орлогч сайд О.С.Яриловатай уулзаж талуудын соёлын харилцааг эрчимжүүлэх боломж, арга зам, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ц.Цогзолмаа орчин цагийн соёлын чиг хандлага, тухайлбал аялал жуулчлалын бүтээгдэхүүнд тулгуурласан соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талуудад ихээхэн боломж байгааг тэмдэглээд “Бид уламжлалт соёлын харилцаагаа улам бүр өргөжүүлэх, идэвхжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед Орост төдийгүй олон улсад нэр хүндтэй (И.Моисеевын нэрэмжит чуулга, Байгалийн чуулгg) чуулгууд Монгол Улсад айлчлан тоглосон, хэдхэн хоногийн өмнө гэхэд л Улаанбаатарт Оросын киноны өдрүүд зохион байгуулагдсан, өмнө нь Монголын кино өдрүүд Москвад болсон зэрэг таатай мэдээг олныг дурдаж болох ч бидэнд улам нягт, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бий. Сүүлийн жилүүдэд сураг тасраад байгаа Монголын Соёлын өдрүүдийг ОХУ-д, ОХУ-ын Соёлын өдрийг Монголд зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг харилцан зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн ирэх жил бидний хамтын түүхэн ялалт болох Халх голын байлдааны 80 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар нь миний бие томилогдон ажиллаж байна. Ялалтын тэгш энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, түүхэн үнэнийг хойч үедээ бодитойгоор мэдрүүлэх үүднээс уран сайхны болон баримтат кино бүтээх гээд хойшлуулгүй хийх олон ажил байгааг зориуд тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.

Орлогч сайд О.С. Ярилова хоёр талын соёлын харилцааг эрчимжүүлэх талаар сайд Ц.Цогзолмаатай санал нэг байгаагаа илэрхийлээд “Оросын Соёлын өдрүүдийг ирэх жил буюу Халхын голын ялалтын ойн жилд Монголд, түүний дараагийн жил буюу аугаа эх орны дайны ялалтын 75 ойн жилд Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулах саналтай байна. Үүний тулд бид хугацаа алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ойрын үед олон биш ч гэсэн, өргөн цар хүрээтэй, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болсон томоохон хэд хэдэн арга хэмжээг тохирох шаардлагатай байна” гээд “Манай яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг архив, музей зэрэг салбаруудын хамтын ажиллагааг ч эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн бүс нутгуудын, ялангуяа хил орчмын бүс нутгуудын хоорондын соёлын харилцаа, хамтын ажиллагааг бид дэмжин ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Соёлын яам хоорондын 2018-2020 оны “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т талууд гарын үсэг зурлаа.
Уулзалт болон хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл тус тус оролцсон юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж