Өндөр байшин, өргөн зам, сүрлэг гэгчийн дал мод энэ бол “Сахиусан тэнгэрүүдийн хот”. Дэлхийн кино урлагийн чиг хандлагыг тодорхойлдог гэх Америкийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг шилдэг зураглаач шалгаруулах наадамд оролцохоор Монголын багийнхан алдарт “Холливуд”-ыг зорьсон билээ. Монголоос анх удаа багаараа ивээн тэтгэгч орноор оролцсон нь энэ юм. Зургийн найруулагч Д.Ангараг тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүнтэй баг албан ёсоор эх орноо төлөөлөн дэлхийн одуудтай мөр зэрэгцсэн олон улсын томоохон наадамд оролцохоор болсон сайхан мэдээ. Монгол Улсыг төлөөлөн оролцсон багт соёлын тэргүүний ажилтан Д.Ангараг, Э.Сант-Амар, Д.Номин, Ч.Шинэбаяр, Ч.Даваасүрэн, Х.Жигжидсүрэн, Э.Тэмлүүн, Л.Нямжаргал, Н.Нямсүрэн нар эх орноо төлөөлөн ивээн тэтгэгч, хүндэт зочноор "29th ASC Annual Awards" наадамд оролцлоо. “Hyatt regency, century plaza” зочид буудлын үүдээр ороход л тансаг даашинзтай эмэгтэйчүүд хөлхөлдөх. Зочид буудлыг ажиглавал дээд зэрэглэлийнх гэдэг нь илт. Үүдээр нь тансаг зэрэглэлийн машин дүүрэн. Манай бүсгүйчүүд ч ялгаагүй үндэсний хувцараараа гоёсон тэнд цугларсан олны сонирхлыг багагүй татсан. Тиймээс дэлхийн алдартай уран бүтээлчид хүртэл үндэсний дээл хувцасаараа гоёсон Монголын багийнхантай зураг даруулахаар дугаарлах нь содон.
Удаан хүлээлгэсэн эхлэл
Америкийн кино зураглаачдын холбооны шилдэг зураглаач шалгаруулах наадмын танхимд дэлхийн өнцөг булан бүрээс зочид гийчид цугларчээ. Манай Монгол уран бүтээлчдийн хувьд 35 дугаар ширээнд суусан юм. Энэ нь танхимыг голлож, тайзны чанх урд байрлах аж. Танхимд Холливудын нүүр царай болсон Анжелина Жоли, Брэд Питт хоёрыг орж ирэхэд тэдэнтэй уулзах хүсэлтэй хүмүүс дугаарлах нь тэр. Тэд манай ширээний ойролцоо суусан тулд тэднийг ажиглахад амар байлаа. Алдартай жүжигчдийг дэргэдээс нь харах нь телевизээр харахаас мэдээж хамаагүй өөр. Монголчуудын хэлдгээр “амьдаар нь харах”-ад үнэхээр үзэсгэлэнтэй. Энгийн хувцасласан тэд үнэхээр “эрдэмтэй хүн даруу” гэдэг үгийг санагдуулах. Анжелина их энгийн хүн шиг санагдсан. Хүмүүстэй хариолцах байдал биеэ авч явж байгаа зэрэг нь эгэл хэрнээ гэрэл цацруулсан эмэгтэй юм. Эргэн тойрны зочдын хэлж байгаагаар тэд хамтдаа аливаа ёслолд оролцох тун цөөхөн гэнэ. Учир нь тэдэнд уриллга, заллага олон ирдгээс сонголт хийж хамгийн чухал арга хэмжээнд оролцдог юм байна. Ингэж дэлхийн алдартай жүжигчид зочилсон арга хэмжээ албан ёсоор 19.00 цагт эхэлж шилдэгийн шилдэгүүдийг зарлав.
Америкийн шилдэг зураглаач шалгаруулах наадмын номинациуд
Дэлхийн шилдэг зураглаачдыг эгнээндээ нэгтгэсэн томоохон кино урлагийн байгууллага бол Америкийн кино зураглаачдын холбоо. 1986 оноос хойш үйл ажиллагаа явуулж шилдэг зураглаачдын шалгаруулдаг “ASC Annual Awards” наадмыг олон улсын киночдын дунд тэр дундаа кино урлагийн зүрх нь гэж хэлж болох зураглаачдын дунд зохион байгуулдаг ажээ. Эл наадам “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос ялгаатай нь зөвхөн кино зураглаачдын дунд буюу өөрсдийн хүндэт гишүүдийн дунд зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой. Холливудад нэг зүйл маш хачирхалтай санагдсан. Өөрөөр хэлбэл кино найруулагч, жүжигчдээс илүүтэй кино уран бүтээлчдийн “зүрх” гэгддэг зураглаачид Холливудынхны дунд чамгүй нэр хүндтэй байдаг нь "29th ASC Annual Awards" наадмын үеэр харагдаж байлаа. Энэ удаагийн дэлхийн зураглаачдын наадамд монголчууд ивээн тэтгэгч орноор оролцож байгаа нь манай улсын хувьд эерэг сурталчилаа болов. Олон улсын алдартай зургийн найруулагчид, “Оскар”-ын удаа дараагийн шагналтнууд, кино урлагийн түүхэн дэх хүндэт зүтгэлтнүүд хүртэл Монголын уран бүтээлчдийг ихээхэн хүндэтгэлтэй хандаж байсан юм.
“ASC” буюу АНУ-ын кино зураглаачдын холбоонд дэлхийн хамгийн алдартай чадварлаг уран бүтээлчид гишүүнээр элссэн байдаг бөгөөд Монгол улсаас анх удаа Д.Ангараг зургийн найруулагч гишүүнээр элссэн юм. Түүнийг АНУ-ын кино зураглаачдын холбоо гэр бүлийн хамтаар хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзана билээ.
Ингээд "29th ASC Annual Awards" наадмын шилдэг уран бүтээлчдийг сонирхуулья.
-Бүрэн хэмжээний шилдэг кино
“Birdman” буюу зургийн найруулагч Emmanuel Lubezki
-Цуврал киноны нэг ангийн зургийн шилдэг найруулагч номинацид
Boardwalk Empire киноны ангиар Jonathan Freeman шилдэг уран бүтээлч болсон бол Game of Thrones kinonii хоёр анги тус номинацид өрсөлдсөн юм.
-Жүжигчин найруулагч Barbra Streisand Америкийн кино зураглаачдын холбооны удирдлагуудаас олгодог шагналын эзнээр тодорсон
-Lifetime Achievement Award буюу “Хөдөлгөөнт зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчийн шагналыг John Bailey хүртсэн юм. Түүнийг кино сонирхогчид маань “American Gigolo”, “The Big”, “Chill to Groundhog Day”, “As Good As It Gets” зэрэг бүтээлүүдээр нь андахгүй мэднэ.
-Телевизээр гарсан ололт, амжилтын шагналыг Bill Roe зургийн найруулагч хүртэв.
-Matthew Leonetti Америкийн кино зураглаачдын холбооны ерөнхийлөгчдийн шагналын эзнээр тодорсон.
-Олон улсын шагналын эзнээр Phil Méheux
-“ASC” холбоонд үнэнчээр зүтгэснийх нь төлөө олгодог шагналын эзнээр Danny Clairmont болон Otto Nemenz гэх хоёр өндөр настай зургийн найруулагч нарт олгосон юм.
-John Lindley "Manhattan” kinogooroo телевизийн кино богино хэмжээний цувралууд төрөлд өрсөлдөж шагналын эзэн боллоо.
Шинээр төрөн гарж буй хамгийн их олны анхааралд байгаа гэх шагналын эзнээр Peter Flinckenberg зургийн найруулагч “Concrete Night (Betoniyö)” зэрэг бүтээлүүдээр тодорсноор наадмын үндсэн арга хэмжээ өндөрлөсөн билээ.
Мөн бидэнд гүн туслалцаа үзүүлсэн дэмжигч байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Биднийг дэмжин ажилласан “Монголын урлагийн зөвлөл”, “Хувьсал продакшн”, “Хурд” хамтлаг, “J салон”, “Hifi” media групп, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг байгууллагууддаа баярласнаа илэрхийлье.
Э.ТЭКҮ