Танд энэ гарчгийг уншихад эвгүй төвөгтэй байна уу. Яг ийм л хэцүү, эвгүй, төвөгтэй орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань амьдарч байна. Тэдэнд өдөр тутам ийм бэрхшээл, зовлон үргэлж тулгардаг. Бусдын адил ажил хийж, бусдын адил сайхан амьдармаар байвч, тэд хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тэднийг хөсөр хаясан Төр.
Нүд муутай бүсгүй таягаараа зам тогшин алхана. Гэвч мухардалд ороод хэсэгхэн зогсов. Учир нь, түүний явж байсан явган замын үзүүрт томоос том хашаа барьжээ. Энэ бол хараагүй иргэдийн өдөр бүр амсдаг зовлон.
Тэргэнцэртэй хүүхдээ түрсэн ээж автобусанд орохын тулд байдгаараа хичээнэ. Оюутан бололтой нэг залуу түүнд тусалсныг эс тооцвол автобусны жолооч огт хөдөлсөнгүй. Энэ бол тэргэнцэртэй иргэдэд өдөр болгон тохиолддог бэрхшээл.
Монголд 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Харамсалтай нь, тэдний тоо улам өссөөр л байна. Сүүлийн жилүүдэд барилга, уул уурхайн ослоос болж олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихсэх болсон бөгөөд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 57 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дотор нь хараа, яриа, сонсгол, хөдөлгөөн, сэтгэцийн бэрхшээлтэй гэж ангилдаг. Тэд бусдын тусламжгүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс ихэнх нь нийгэмд эзлэх байр суурьгүй эцэг эх, ах дүүгийнхээ тусламжтайгаар амьдарч байна. Өнөөдөр банкны зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл ажилгүй, барьцаанд тавих хөрөнгөгүй. Тиймээс олонх нь гэр хороололд амьдардаг. Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна гэх боловч энэ нь халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлагддаг. Харамсалтай нь, халамжийн тэр мөнгөөр хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн өмнө тулгардаг олон олон асуудал шийдэгдэхгүй юм.
Гадаад орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрсөн цагаас нь эхлэн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйд нь анхаарч нийгэмд бусдын адил орчин нөхцөлд амьдарч, нийгэмших боломжоор нь хангадаг. Энэ нь зөвхөн мөнгөн халамж биш, төрийн бодлого, хууль тогтоомж гээд олон зүйл дээр нягт нарийн тусгаж өгдөг гэсэн үг. Тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч нийгэмд энэ тэнцүү оролцоотой байж, эрүүл хүнээс дутахааргүй сэтгэл ханамжтай амьдарч чаддаг байна.
Хөдөлмөрийн хуульд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн заалт байдаг аж. Дээрх заалтыг мөрдөөгүй тохиолдолд албан байгууллагууд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль төлөх ёстой. Гэвч дээрх хуулийн заалт хэрэгжих нь тун ховор. Үүнд нөлөөлдөг зарим нэг шалтгаан байдаг бололтой. Тухайлбал, тэргэнцэртэй хүн ажилд орлоо гэхэд түүнд зориулж, шат, ариун цэврийн өрөөнөөс эхлээд бүхий л дэд бүтэцдээ, өөрчлөлт хийх шаардлага тулгардаг. Энэ нь эргээд мөнгө шаарддаг учир албан байгууллагууд торгуулаад өнгөрөхийг урьтал болгодог байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХАНДДАГ БИДНИЙ ЭРҮҮЛ БУС ХАНДЛАГА
Иргэн Б.ОТГОНТУЯА:Хотоор тэргэнцэртэй явахад дэд бүтцийн асуудал үнэхээр тулгардаг. Байгууллагын шат, босго, довжоо, хаалгаар зорчино гэдэг маш хүндрэлтэй. Эсвэл зам, талбай, гарцыг хааж машин таглаад тавьсан байх жишээтэй. Гадуур явахдаа 1-2 хүний тусламжийг зайлшгүй авдаг. Туслах хүнгүй бол би явж чадахгүй. Хүмүүс бидний ялгаатай талыг л хараад байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгө өгөөд, гэрт нь байлгах ёстой гэдэг социализмын үеийн сэтгэлгээ одоо хүртэл ард иргэдэд байсаар л байна. Энэ утгаараа төрийн бодлого, хийж байгаа дэд бүтцийн төлөвлөлт нь үнэхээр муу. Улаанбаатар хотод олон гоё шинэ барилгууд баригдаж байна. Хүмүүс тэнд орж амьдарч, үйлчлүүлэх ёстой. Бид бас хүн шүү дээ. Бид бусадтай адил дэлгүүр орж, ресторанд сууж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл тэр дэд бүтцүүд нь байдаггүй. Хүнтэй гадуур хоолонд оръё гэхээр аль газар налуу замтай билээ, аль ресторан нь тусгай ариун цэврийн өрөөтэй билээ гэж боддог.
Иргэн Ж.НАРАНМАНДАХ: Би хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой хүмүүсийн л нэг. Өмнө нь олон газар ажиллаж байсан ч, ажлын хамт олонтой харилцах нь надад хамгийн хүнд байсан. Ажилд орох гээд очихоор надтай харилцах хэлмэрч байдаггүй. Хэлмэрч л байхгүй бол хэнтэй ч харилцаж чадахгүй. Өөрийгөө мэргэжил эзэмшсэн гэдгийг батлах, мэргэжлийн үнэмлэхтэй ч ажил олддоггүй. Үүний шалтгаан нь сонсох чадвараа 100 хувь алдсан учраас л тэр байх. Олон байгууллагад ажлын анкет бөглөдөг ч эргээд холбогдох газар тун ховор”
Эдгээр хүмүүсийн хэлж байгаагаас гадна бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ханддаг хандлага маань эрүүл бус гэхэд хилсдэхгүй. Тэднийг тэргэнцэртэй юм байж хүйтэн өвлөөр юунд гудамжаар явах, гэртээ хэвтэж байхгүй дээ, дүлий амьтан яах гэж гэрээс гарч байдаг юм, машин сигналдахыг ч сонсохгүй дайруулчихна гэж ярьцгаана. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг. Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг юм шүү.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ