Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

МАН-ын шоглоом

Түүх давтагддаг гэдэг. Агуулга, мөн чанар нь ав адилхан бөгөөд танил үйл явдал өнөөдөр өрнөж  байна, Монголд. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичгийг МАН-ынхан өргөн барьж, АН-ын гишүүн, танхимын сайд нь заналтайгаар гарын үсэг зурж асан 2014 оны арваннэгдүгээр сарын тэр өдрүүд Монголын улс төрд эргэн иржээ.

Дөрвөн жилийн тэртээх ийм л өвлийн өдрүүдэд Н.Алтанхуягийн засгийг огцруулахдаа “Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувиар өсөж, монгол төгрөгийн ханш эрс суларч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудлаа” гэх шүүмжлэл хэлж явсан МАН өөрсдөө түүхийн шоглоом болж байна. Учир нь, МАН-ын үед жаран тэрбум, ЖДҮ-ийн хулгай, концессын булхайд эрх баригчид  ээлж дараалан нэр холбогдоод зогсохгүй төрийн яаманд хүн амины хэрэг гарсан, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гэх олон баримтууд дэлгэгдэх болсон.

2014 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гурван засгийг огцруулах асуудлыг зөвхөн МАН-ынхан л гаргаж тавьж ирсэн, өдгөө Ардын засгийн газрыг огцруулах бичгээ Ардын намын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад дөрөв хонож буй юм.

Ч.Сайханбилэгийн засаг УИХ-ын сонгуулийн дараа “жамаараа” явсныг эс тооцвол 2014 онд Н.Алтанхуягийн, 2017 онд Ж.Эрдэнэбатын, 2018 онд У.Хүрэлсүхийн засгийн  гээд сүүлийн гурван засгийн хувь заяаг МАН-ынхан шийдэж ирсэн, шийдэхээр ч болж байх шиг.

 Эндээс харвал Монголын Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа явуулж, бүрэн эрхийнхээ дөрвөн жилийг гүйцээх үгүйг нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд дийлэнхдээ МАН-ын улс төрөөс хамаарч иржээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах У.Хүрэлсүхийн намынхны өргөн барьсан шаардлагыг дэмжих чиглэлийг Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс бүлгийн гишүүддээ  өгсөн бөгөөд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын боломжийг булаасан тул үүнд хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурийг тус намаас баримталж буй. Сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн засагт удаа дараа анхааруулга өгч ирсэн. Даанч, Ардын намынхан сөрөг хүчний зөвлөгөө болон анхааруулгын аль алийг нь "гөлөөг" ч гэж тоогоогүй юм.  Ж.Эрдэнэбатын засаг ч, У.Хүрэлсүхийн танхим  ч.

Эрх баригчдын алдаан дээр улс төр хийх нь зарчмын хувьд АН-ын буруу биш бөгөөд тэд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа. Тэр тусмаа есөн хүнтэй жижигхэн бүлэг 65 кноптой эрх барьж байгаа намаас томилогдсон хоёр ч засгийнхаа хувь заяаг атгуулж байгаа нь өөрсдийнх нь алдаа.  Хэрэвзээ АН-ын оронд МАН сөрөг хүчин байсан бол ийм боломжийг ашиглахгүй өнгөрөх байсан гэж үү. Дуун дээр гуяа алгадаад кноп дарах нь лавтай. Тэгээд ч засгийг огцруулах бичиг барьсан нь МАН болохоос АН биш шүү дээ. МАН овоо босгоогүй бол АН очиж суухгүй байсан юм .

Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргасны дараахан сөрөг хүчин рүү буруутах, шүүмжлэх хандлага олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ спикер М.Энхболдтой гар барьсан ч байж мэднэ, үгүй ч байж болно.

Гэвч сөрөг хүчний хувьд ирэх 2020 оны сонгуулиа бодсон ч Ардчилсан нам өрсөлдөгчийнхөө алдаан дээр тоглолт хийх нь улс төрийн хувьд буруу үзэгдэл биш. Спортод өрсөлдөгчийн сул талыг ашигладагтай адилхан. Тэр тусмаа МАН өөрсдөө АН-ын ялалтын гол хөзөр нь болж байгаа тохиолдолд шүү.  Өөрөө унасан хүүхдүүд уйлдаггүй гэдэг.

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш ялалтынхаа шокноос салаагүй шахам явсан МАН ялагдалтайгаа жинхэнээсээ нүүр тулаад байна. Тэднийг өнөөдөр бурхан  нь ч, буг нь ч аврахаасаа нэгэнтээ өнгөрчээ. Учир нь, МАН-ын  бүлгийн 27 гишүүн дахин нэг  Засгийн газраа огцруулах бичигт гарын үсгээ зурснаар эрх баригчид нэгэнтээ эвлэж нэгдэхээсээ өнгөрснийг харуулж буй юм. Эрх баригчид хагаралдаж, МАН муу, бүр муухай байх тусмаа Ардчилсан намд ашигтай.  Энэ бол аль ч сөрөг хүчний хувьд өлгөөд авах улс төр мөн. “Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан нь бид сайн ажилласных” гэж 2014 онд МАН-ын цөөнхийн хэлж байсан үгийг энд эргэн сануулъя. АН засаглаж чаддаггүй гэж даапаалж суусан МАН-ынхан бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд хоёр засгаа огцруулж байгаагаа юу гэж тайлбарлах нь бас л  мөнөөх түүхийн шоглоом юм даа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж