"Тарвага махчин амьтан байсан гэх таамаг бий"

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"Тарвага махчин амьтан байсан гэх таамаг бий"

"Тарвага махчин амьтан байсан гэх таамаг бий"

Тарвага хүнээс зугтааж өндөрт амьдрах болсон гэж амьтан судлаач, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа сонирхууллаа. Ингээд түүнтэй хийсэн товчхон ярилцлагаа хүргэе.


-Та хэзээнээс эхэлж амьтан судлах болсон бэ. Амьтан судлах сонирхолтой байдаг уу?

Би Болгар улсад аялал жуулчлал, газарзүйн мэргэжлээр төгссөн. Тэнд сурч байхдаа хоёр жил гаруйн хугацаанд палеонтологийн чиглэлээр хичээл заалгасан. Давхар амьтан судлаач мэргэжилтэй. Орчин үеийн амьтад эртний амьтдаас эхлэлтэй байдаг. Эртний амьтдын үлдэгдэл  байж мэдэх таамаглал цөөнгүй байдаг. Тухайлбал, тарвага махан идэшт амьтан байсан байх магадлалтай, үлэг гүрвэл, матар нь тухайн үед амьдарч байсан хоёр нутагтан байна гэж судлаачид үздэг.

-Тарвага махан идэшт байсан гэлээ. Тэгэхээр орчин үеийн амьтад эртний үлдэгдэл гэдгийг яаж таамаглаж байгаа юм бэ?

-Тарвага махан идэшт байсныг судалсан эрдэмтэд л хэлж мэдэх байх. Гэхдээ ийм таамаглал дэвшүүлж байгаа. Орчин үеийн амьтдыг неогенийн үед амьдарч байсан амьтдын үлдэгдэлтэй харьцуулахад үүдэн хоёр шүд, араа эсвэл гавлын яс нь төстэй байдаг. Амьтан судлаач гэдэг үүднээс орчин үеийн амьтадын амьдрах орчин, зан чанар, бие махбодын онцлог, биологи, физиологийн хувьд ямар онцлогтой байдгийг үндэсний амьтан судлаачид өөр өөрсдийн чиглэл чиглэлийнхээ дагуу судалсан тайлан нь байдаг. Миний хувьд жижиг мэрэгчдийг судалдаг. Тэр дундаа зурам. Энэ амьтан нь хүн дагаж амьдардаг онцлогтой.

-Яагаад хүн бараадаж амьдардаг юм бол. Монголд хэдэн зүйлийн зурам бүртгэгдсэн бэ?

-Зурам бол их хөөрхөн. Биеийн хэмжээ нь 25 см. Өөрөөс нь өндөр өвстэй газар байвал хүн дагахаас өөр аргагүй болно. Мал ургамлыг идэж богинохон болгохоор  өөрийнхөө биеийг дайснаас хамгаалах боломж нь бүрдэж байгаа юм. Өвс тачирхан байх тусам харагдац сайтай, дайснаас хамгаална. Өнөөдөр Монгол дөрвөн төрөл зүйлийн зурам байна. Урт сүүлт, дагуурын, монгол, болзлог зурам бий. Эдгээрээс хамгийн их бид нартай ойрхон байдаг нь ойт хээрийн бүсээр явахад хэрэм шиг сагсгар сүүлтэй шаргал өнгөтэй зурам тааралддаг нь урт сүүлт юм. Бүтэн өдөржин зурмыг дурандаж суухад тухайн амьтан маш хол явж үр жимс иддэг. Жимсээ хоёр хацартаа бөмбийлгөн хийгээд нүхэндээ очиж үр төлдөө өгнө. Эсвэл зөөллөж иддэг. Зурам ганц шулуухан нүхэнд амьдардаг. Жижигхэн шулуухан нүхээр ороод цаанаа олон унтлагын өрөө, ээж аав нь унтдаг газар, бие засах газар нь тус тусдаа байдаг. Бүр хоорондоо хонины ноосоор бөмбөг хийн тоглож байгааг ч харсан.

-Амьтад хүнээс юугаараа ч өөр биш гэдэг шүү дээ. Хүмүүс ярихдаа ирвэс их өс санадаг гэдэг. Тэгвэл  баавгай  ямар араншинтай вэ. Та баагай ирвэсийн талаарх судалгааны багт ажилладаг гэж сонссон учраас асууж байгаа юм шүү?

-Миний хувьд зурмаас гадна ирвэс, баавгай, суусрын судалгаанд явж байлаа. Ирвэс бол муурын төрлийн хамгийн том  амьтан. Монголд ирвэс, шилүүс, мануул, цоохондой нар  амьдардаг. Ирвэсийн тооллого хийх гэж  Цогт, Бигэр сумын Алтайн нурууны өндөрлөг газруудаар явсан. Энэ амьтан  туурайтан амьтдаар хооллодог. Аргаль янгир гол хоол тэжээл нь болдог учир тугалмайтан амьтдын тоо толгой цөөрсөн байна билээ. Тарвага нь тал хээрийн амьтан атал 3300 метрийн өндөрт баас, нүх нь харагддаг болсон. Энэ нь тарвага хүнээс зугтаж өндөрт гарсныг харуулж байгаа юм. Ирвэс бол маш мэдрэмжтэй. Баасаа бумбайлдаг. Үүгээрээ өөрийнхөө хил хязгаарыг тогтоож байдаг. Энэ амьтан өсөрхүү гэдгийг нэг удаа харсан. Судалгааны явцад бидний мөрөөр байрласан газраар ирж айлын хотон дахь хонь ямааны цусыг нь сорсон тохиолдол гарсан.  Ер нь их нууцлаг амьтан. Баргийн хүнд ил харагддаггүй, судлаачид ирвэсийн зураг авсандаа асар их баярладаг. Харин баавгай бол ичдэг, махан идэштэн. Монгол орны хамгийн том хөхтөн амьтадын нэг. Жилдээ хоёр бамбарууш гаргадаг. Хавар сэрэхдээ хөөрхөн бамбарууштай болсон байдаг. Тэдэнтэйгээ хамт явж хоол тэжээл олж идэхийг нь зааж өгдөг өвөрмөц онцлог зан чанартай. Ер нь холимог идэштэн ч гэдэг.

-Таны хувьд 2013 оноос хойш Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар ажиллаж байгаа. Музейн сан хөмрөг, үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?

-Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдаад таван жил болж байна. Бид ойн баяраа 2019 оны нэгдүгээр сарын 12-н тэмдэглэнэ. Намайг  захиралаар ажиллах үед  музей маань байргүй, ганцхан батаартай, үзмэр гэх зүйлгүй байлаа.  Харин өнөөдөр өөрийн гэсэн байртай, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй болчхоод байна. Үзмэр их болох тусам боловсролын үйл ажиллагааг сайн хийх ёстой гэж судлаач хүний хувьд үздэг. Одоогоор 1000 гаруй үзмэр палеонтологийн олдвор дээжийг хадгалдаг. Эдгээрийн дөнгөж 40 ширхэгийг нь  олон нийтэд дэлгэсэн байхад 1000 метр талбай дүүрч байна. Хэрэв сан хөмрөгт байгаа бүгдийг нь дэлгэе гэвэл энэ байр хаанаа ч хүрэлцэхгүй. Батаар гэхэд нэг олдвор гэж хүмүүс хардаг. Хэрэв бүх биеийнх нь хэсгийг хуваавал 82 ширхэг болно . Энэ олдвор нь өөрөө зургаан метр урт, дөрвөн метр өндөр учраас нэг том танхимыг эзэлж байна гэсэн үг.

-Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа олдворуудын хадгалалт хамгаалалтын тухайд ямар арга хэмжээ авдаг вэ. Тухайлбал эртний ховор олдворуудыг хамгаалахдаа юуг анхаардаг вэ. Хадгалалт хамгаалалтын хувьд байнга сэргээн засварлалт хийх шаардлагатай байдаг уу?

-Манай музей Монгол Улс бүү хэл Азид ганцхан баригдсан музейн зориулалтын барилга. Олдворуудад музейн стандартад тохирсон сэргээн засварлалт хийдэг. Ингэхдээ анхнаас нь тухайн олдвортоо бэхжүүлэлт хийдэг. Тэгэхээр  дахин сэргээн засварлалт хийх шаардлагагүй гэсэн үг.

-Танай музей хэр их үзэгчтэй байна.  Эртний амьтдаараа орлого хэр олж байна?

-Мэдээж танхимын голд байрлах Батаар, Торбазавар, Овираптор, аварга зауролофус , монголд хонь шиг бэлчдэг байсан үлэг гүрвэл гэх мэт олдворууд байна. Үлэг гүрвэлийн төв музейг өнөөдөр хүүхэд, гаднын жуулчид байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7-нд үнэ төлбөргүй музей үзүүлэхэд 77 мянган хүн сонирхож ирсний 52 мянга нь хүүхэд байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж