"Зодуулснаас биш менингитээр нас барсан гэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

"Зодуулснаас биш менингитээр нас барсан гэсэн"

"Зодуулснаас биш менингитээр нас барсан гэсэн"

Одоогоос сар гаруйн өмнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн тусгай сургалттай 63-р сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй Ц.Буянхишиг хүү сургуулийнхаа хүүхэдтэй зодолдсоны улмаас бие нь огцом муудаж зуурдаар амиа алджээ. Харамсалтай нь хүүгийн шүүх эмнэлгийн дүгнэлт гаднын нөлөөтэй бус менингит өвчнөөс болж амиа алдсан хэмээн гарчээ. Энэ асуудлаар талийгаач хүүгийн ээж Г.Ган-Эрдэнэ бидэнд хандсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Танай гэр бүлд тохиолдсон явдалд юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Хүү тань амиа алдахынхаа өмнө ангийнхаа найздаа зодуулж бэртэл авсан гэл үү? Чухам юу болсон юм бэ?

-Миний хүү 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр эмч нарын хайнга байдлаас болж амиа алдсан. /уйлав/ Амиа алдахаасаа дөрвөн хоногийн өмнө сургуултийнхаа хүүхэдтэй зодолдоод гэртээ ирсэн. Тухайн үед хүү сүртэй юм болоогүй, зүгээр гэж байсан ч маргааш нь буюу Баасан гаригт гэнэтхэн бие нь муудаж, толгой нь хүчтэй өвдөж эхэлсэн. Хүү бид хоёр яах учраа ололгүй дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд жижүүрийн эмч “Гадна талдаа шарх сорви байхгүй, толгойд нь бага зэргийн доргилт өгсөн юм байлгүй" гээд хүү бид хоёрыг тоож хэлэлцээгүй. Тухайн үед хүү минь хоол, унд идэж чадахгүй их л зовиуртай байсан. Тэр өдөр гэрийн ойролцоо бариач хайгаад олоогүй тул маргааш болтол түр харзнахаар шийдсэн. Ингээд Ням гаригт хүүгийн бие огцом муудаж би хоёр ихэр хүүхдээ Төв аймагт эмээ дээр нь харуулчихаад хүүгээ аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв оройн 19.00 цагийн орчимд дагуулж явсан. Гэмтэлийн согог судлалын үндэсний төвийн эмч хүүг үзээд эхлээд томографийн зураг авна. Дараа нь хаван буулгах дусал хийнэ гээд дээшээ авч гарсан. Дусал хийлгэх явцад миний хүү их тарчилж “Ээжээ энэ дуслыг дуусгачихаж болдоггүй юм уу. Миний бие чилээд байна. Өвчин намдаадаг дусал юм уу, ихэсгэдэг дусал юм уу, миний толгой өвдөөд байна” гэж орилж билээ. Энэ байдлыг харсан би удаан тэвчилгүй эмчдээ хэлэхэд удахгүй зүгээр болно гээд гарсан. Дусал хийлгэх явцад би хүүгийнхээ багшид нь үзүүлнэ гэж бодоод бичлэг хийсэн юм.

-ГССҮТ-ийн эмч нэр үзээд ямар онош тавьсан юм бэ. Уг нь ямар нэгэн гэмтэл байсан бол компьютерт  харагдах байсан байх?

-Эмнэлэгт үзүүлсэн шөнө буюу үүрийн 06.00 цагийн орчимд хүү минь амьсгал хураасан. ГССҮТ-д дусал хийлгэсний дараа томографийн шинжилгээний хариу бичгээр, CD-гээр гарсан юм. Хамгийн анхны дүгнэлтэд бичсэнээр хүүгийн “Баруун талын хамрын хөндийн салст зузаарсан, бусдаар хэвийн байна” гэсэн хариу гарсан. Эмчээс асуухад ханиад томуу хүрснээс хамрын хөндийн салст зузаардаг гэж тайлбарласан. Хүү минь өвчиндөө шаналаад хоол унд ч идэж чадахгүй хэвтэрт орсон байдалтай байсан. Тиймээс эмчээс зүгээр гэдэгт итгэж болох уу гэхэд нөхөр бид хоёрыг бичиг, үсэг мэддэг юм бол наадахаа унш гээд загнах шахуу гаргасан. Тэгээд болоогүй. Шөнөдөө байдлыг ажиж хоноод толгойн өвчин нь намдахгүй байвал маргааш  цахилгаан соронзон бичлэг хийлгээрэй гэсэн. Болж өгвөл долоо хоног эмнэлэгт хэвтүүлчихвэл зүгээр юм байна гэсэн зөвлөгөө өгсөн. Хаана хэвтүүлбэл зүгээр вэ гэхэд надад “Мөнгөн гүүр” эмнэлгийг санал болгосон. Тэгж явахдаа бид миний хүүг зодсон гэх н.Төгсбаярын төрсөн ах, эгч ээжийг дагуулж явсан. Тухайн үед хоёр талын гэр бүл ярилцаад маргааш өглөө буюу Даваа гаригт “Мөнгөн гүүр”-т хэвтүүлье гэж тохиролцоод салсан. Харамсалтай нь, хүү гэртээ ирснээс хойш бие нь огцом муудаж тэр шөнөдөө үүрийн 06.00 цагийн орчимд нас барсан. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, хөл муутай боловч ухаан санаа цоо эрүүл хүүхэд байсан юм. Хүүг минь хүмүүс жил ирэх тусам улам мундаг болж байна гэж магтдаг байсан юм. Есөн настайдаа Хан-Уул дүүргийн тусгай дунд 63-р сургуульд орсон.

-Хөвгүүд юунаас болж зодолдсон юм бол?

-Миний хүүг нөгөө ангид суралцдаг насаар ах хөвгүүн н.Төгсбаяр сургуулийн хоёр хөвгүүнээр тухайн өдөр зодуулах гэж байсан юм билээ. Түүнийг ангийнх охин нь мэдээд хамаг хурдаараа сандарч очиход миний хүү хоёр хүүхдийн өмнө сөгдсөн байдалтай сууж байсан гэдэг. Охин гүйж ирээд миний хүүг сугадаад харихаар явсан байгаа юм. Тэр хоёр харихаар цааш явж байтал нөгөөх н.Төгсбаяр тааралдаж хүүтэй минь дахин маргасан байдаг. Улмаар  бетонон хана олон удаа мөргүүлж, газар унагаад өшиглөсөн гэсэн. Хүүхдүүд тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч "Хоорондоо ярилцах юм байна" гээд цааш холдож яваад дахиад зодолдсон байсан. Манай хүү хөл муутай болохоор н.Төгсбаярын гарынх нь аясаар зодуулаад байсан юм билээ.

ГССҮТ-ИЙН ЭМЧ ХОЁР ӨӨР ОНОШ  ТАВЬСАН

-Таны яриаг сонсоход ГССҮТ-ийн эмч нарт гомдолтой байгаа юм шиг байна?

-Тиймээ, миний хүү зодуулаад дөрөв хоногийн дараа нас барсан. Манай гэр бүл маш хэцүү байна. Эхийн хувьд ГССҮТ, шүүх эмнэлгийн дүгнэлттэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. Гэмтлийн эмнэлгийн эхний оношинд итгээгүй болохоор CD-гээ аваачиж дахин шалгуулахыг хүссэн. Тэгтэл гэмтлийн эмнэлгийн хоёр дахь томографийн оношинд “баруун нүдний доод талд хугаралтай” гэж гарч ирсэн. Тухайн үед нь СD-ийг нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт дахин уншуулсан. “Мөнгөн гүүр”-ээс аман байдлаар “Баруун талынхан нүдний доод тал шингэнээр дүүрсэн байна” гэсэн өгсөн. Өөрөөр хэлбэл, Гэмтлийн эмнэлгийн дүрс оношилгооны эмч Д.Ундармаагийн гаргаж өгсөн оношны хариу зөрчихсөн. Дараа нь өмгөөлөгчийнхөө хамтаар гэмтлийн эмнэлгийн эмчтэй уулзахад “Танай хүүхэд хүнд зодуулсан гэхээр чинь нүдний доод талын сэтэрхий харагдсаныг хугарсан гэж орууллаа. Хэрвээ хугарал биш байх юм бол баруун талын нүдний доод талд шингэнтэй байж болно гэсэн. Тэгэхээр нь би яагаад нүдний доод талд хугаралтай гэдгийг дурдаагүй юм бэ гэхээр олигтой хариулт өгөөгүй. Эцсийн байдлаар эхний дүгнэлтийнхээ хариуг барина гэсэн. Үнэхээр хоёр өөр дүгнэлт гаргачихаад ийм хариуцлагагүй хандаж болохгүй.

-Талийгаач төрөхийн суурь өвчин нь сэдрээд амиа алдсан байж болох уу?

-Манай хүү багаасаа хөлдөө саажилттай байсан. Гэхдээ хичээл сургуульдаа ганцаараа явчихдаг. Хүн харахад өлмийн дээрээ гишгэж явдаг юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “Гаднын нөлөө байхгүй, идээт үрэвсэл ужиг өвчнөөс болж амиа алдсан” талаар бичсэн байсан. Энэ талаар гомдолтой байна гээд байцаагчдаа хэлэхэд байцаагч шинжээч эмчийг дахин шалгасан. Байцаагчийн хэлснээр хамрын хөндийн үрэвсэл буюу гайморит нь хүндрээд менингит болж нас барсан гэж хэлж байгаа юм. Би дөрвийн дөрвөн хүүхэд гаргасан эх хүн. Дээрээс нь миний том хүү хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй учраас илүү анхаарал тавьдаг. Би хүүгээ хамар, ам нь битүүрээд явж байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Жаахан ханиад хүрэхэд дор нь арга хэмжээ авдаг. Миний хүү бие нь өвдөж хичээл, сургуулиасаа акт авч байсан удаа нэг ч байхгүй. Түүнээс гадна удахгүй БНСУ-д болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тэмцээнд явна гээд гадаад паспортоо хүртэл захиалахаар ярилцаж байсан юм. Мөн сургуулийнхаа шилдэг сурагч медальтай хичээл зүтгэлтэй, авьяастай хүү байсан.

-Зодсон хүүхдийн ар гэрийнхэнтэй нь биечлэн уулзсан уу? Тэд юу гэж байна?

-Миний хүүг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ар гэрийнхэн нь хариуцлагаас мултрах гэж оролдож байна. Би тэдгээр хүмүүсээс мөнгө авъя гэж бодоогүй. Талийгаачийг хөдөөлүүлсэн өдөр бидэнд нэг сая төгрөг өгсөн. Маргааш нь таван сая төгрөг өгье гэж хэлчихээд холбоо бариагүй хэд хоносон. Монгол хүний сэтгэл ямар муухай болчихсон юм. Тэдний ар гэрийнхэн тав хоногийн дараа бид нар та нарт мөнгө өгөх нь зөв үү буруу юу гэдгээ ярилцаж байна. Хэрэв мөнгө өгөхөө хүрвэл цагдаа, шүүхийн хажууд баримттай өгнө. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлтийг харна гэж ярьсан. Талийгаачийн ажил явдлын үеэр тэднийхэн хоёр удаа орж ирсэн. Зодсон хүүхэд нь н.Төгсбаяр гээд сургуулийнхан 14 настай хүүхэд. Манай хүүхдийг зодуулахад хамт байсан гэрч хүүхдүүд бий. Хамт явсан арван хүүхдээс зургаагаас нь мэдүүлэг авсан байдаг. Зургаан хүүхдийн мэдүүлгээр н.Төгсбаяр манай хүүхдийг зодсон болох нь тогтоогдож байгаа юм.

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА

-Та шүүх эмнэлгийн дүгнэлтэд гомдолтой байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? Шүүхийн шинжилгээний хариу юу гэж гарсан юм бол?

-Би хүүгээ гаднын нөлөөтэй нас барсанд бат итгэлтэй байгаа. Ил харагдах шарх сорви байгаагүй ч гэсэн миний хүү гайморитаар өвдөөгүй. Гайморит ямар байдгийг би олон эмч нараас асуусан. Муугаар бодоход гаймориттай байлаа гэж бодъё. Гэхдээ яагаад гэнэт менингит болчихдог юм бэ гэж эмч нараас асуусан. Тэд доргилтоос үүдэн менингит болж болно гэсэн. Тиймээс би тэдний хэлсэнд итгэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг Ц.Оюун-Эрдэнэ гэх эмч гаргасан. Одоогоор хэрэг прокурор руу шилжих үү хаагдах уу дээрээ байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төв зөв оношилж цаг алдалгүй эмчилгээ хийсэн бол хүү минь амьд байх байсан юм болов уу.

-Мэдээж, танд эмч нарын дүгнэлттэй эвлэрэхэд хэцүү байгаа л даа. Таны хувьд хүүгээ зодуулснаас болж амиа алдсан гэдэгт итгэлтэй байна уу?

-Хүү  маань зодуулсан өдрөө гэртээ ирэхэд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Гэхдээ хүүг минь бетонон хананд толгойг нь мөргүүлсэн юм билээ. Тийм болохоор битүү гэмтэл авсан байх гэж бодож байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр гарсан. Шүүх эмнэлгийнхэнтэй уулзахад байцаагчдаа хэлэх үгээ хэлсэн гээд намайг ерөөсөө халгаахгүй байна лээ. Дарга руу нь ороход та нар гомдлоо зохих ёсны газарт нь өг. Хариуцсан прокурортоо өг гээд хүлээж авдаггүй юм билээ. ГССҮТ-д олон жил ажилласан эмчээс асуухад хамрын хөндий тэр чигтээ идээтэй байж байгаад доргилт авснаас идээ нь цусанд нь тархаж нас барсан тохиолдол байдаг гэж хэлсэн. Тэгтэл үүнийг доргилтоос бус ужиг өвчнөөр нас барсан гэж надад тайлбарлаад байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

  Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж