Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улс нь өмнөд Америкийн хойд хэсэгт оршдог, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай улс юм. Венесуэлд сүүлийн арваад жил нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралыг өгүүлэхийн өмнө тус улсын тухай сонирхолтой баримтуудыг эхлээд хүргэе.
- Нийслэл нь Каракас хот
- Хүн амын тоо энэ оны байдлаар 31 сая
- Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 1950 онд АНУ, Швейцарь, Шинэ Зеландын араас дөрөвдүгээрт жагсаж байсан. Харин одоо 6,600 ам.доллар болсон.
- Венесуэл улсын гоо бүсгүйчүүд ертөнцийн миссийн титмийг долоон удаа, дэлхийн миссийн титмийг таван удаа хүртэж байсан.
- Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй улс боловч хүн амынх нь 90 хувь нь ядуу амьдарч байна.
- Буутай холбоотой гэмт хэргийн гаралтаараа дэлхийн хоёрт жагсдаг бөгөөд нийслэл Каракас нь гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлдэг хот юм. Тус улсад 21 минут тутамд хүн амины хэрэг гардаг.
- Одоогоор нэг галлон байгалийн хий 0,02 центийн үнэтэй байгаа нь уснаас ч хямд гэсэн үг юм.
- Эдийн засгийн хямралаас болж, хүнсний бүтээгдэхүүн хомсдон, 2016 оноос хойш хүн амынх нь 75 хувь нь найман кг жин хассан мэдээг ДЭМБ-аас гаргасан байдаг.
Венесуэл улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог байна. Тиймдээ ч хар алтны экспорт нь нийт экспортынх нь 90 гаруй хувийг, үлдсэнийг нь бусад уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Уго Чавос 1998-2013 он хүртэл 15 жилийн турш тус улсын Ерөнхийлөгч байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн хэт зүүний бодлогыг улс төр, нийгмийн бүх салбарт баримталж эхэлсэн ажээ. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нэрийдлээр байгалийн баялаг, эрчим хүчний салбарт ажиллаж байсан бүх гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдаа хөөн гаргаж байв. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Венесуэл нэр хүндээ унагаан, эдийн засгаа дан ганц газрын тосны салбар дахь дотоодын үйлдвэрлэгчдэдээ бүрэн уяхаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Венесуэлийн хамгийн том попчин улсдаа үлгэр жишээ болсон 21-р зууны социализмыг байгуулна хэмээн ам гарч байсан удаатай.
Уго Чавосын явуулсан бодлого богино хугацааа ажлын байрыг нэмэгдүүлсэн урт хугацаандаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг муутгаж, үндэснийх үйлдвэрүүд зогсонги байдалд орж, ядуурлын төвшин эрс өсчээ. Мөн нийгмийн халамжид хэт их мөнгө зарлагадсанаас улсын өр нь төлж баршгүй их болсон байна.
Түүнийг 2013 онд нас барснаас хойш Венесуэлд улс төр, эдийн засгийн хямрал улам даамжирч, жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал газар авах болсон юм. Ялангуяазалгамжлагч Николас Мадурогийн явуулсан бодлогоос болж Венесуэл улс өдгөө мөхлийн ирмэгт ирээд байгаа юм. Түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахаа больсон төдийгүй ядуурлаас болж эмх замбараагүй байдал, дээрэм тонуул маш их болсон байна. Жирийн ард иргэдийн дунд төдийгүй төр засгийн өндөр дээд түвшинд ч авлига, хээл хахуул, хууль бус явдлууд хавтгайрч байгаа аж. Өдгөө энэ улсын улс төрчид нь улс төрийн хоосон амлалтуудаар л ард түмнээ тэжээж байгаа юм.
Нийт экспортын орлогын 95 хувийг нь газрын тос эзэлдэг Венесуэл улсын хувьд дэлхийн газрын тосны үнийн савлагаанд хамгийн мэдрэмтгий байдаг билээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж байгаа нь эдийн засгийн тун хүнд нөхцөлд орсон энэ улсын хувьд гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Үүнээс болж өргөн хэрэглээний бараа болон валютын нөөц хомсдолд орж, үндэсний мөнгөн тэмдэгт болох боливи нь үнэгүйдэж байгаа юм. Уго Чавос ерөнхийлөгч төв банкны бие даасан байдлыг үгүй хийсэн нь ч бас өнөөгийн эдийн засгийн их хямралд хөтлөх хүчин зүйл болсон хэмээн шинжээчид үздэг байна.
Энэ онд хийсэн судалгаагаар Венесуэлийн инфляцын түвшин 83,000 хувьд хүрсэн байгаа нь хоёр өдөр тутамд барааны үнэ хоёр дахин өсөж байгаагаас харагдана. Иймэрхүү гиперинфляц 1923 онд Германд, 2007-2009 онд Зимбабве улсад тохиолдож байсан билээ. ОУВС-ын мэдээлснээр энэ оны эцэс гэхэд Венесуэлийн инфляцийн түвшин нь нэг сая хувьд хүрч магадгүй байна. Одоогийн байдлаар Венесуэл улсад хоёр ам.долларын үнэтэй бүтэн тахианы мах 14 сая, нэг ширхэг ариун цэврийн цаас 2.6 сая, нэг килограмм бяслаг 7.5 сая, нэг кг цагаан будаа 2.5 сая боливарын үнэтэй байгаа юм.
Инфляци хэтийдэж, хүмүүс ганцхан барааг л уут дүүрэн мөнгөөр сольдог больсноос өнгөрсөн жил мөнгөн тэмдэгтээ шинэчилсэн энэ нь байдлыг улам дордуулсан юм. Гиперинфляцаас болж өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, картын барааны системд шилжсэн төдийгүй ус, цахилгааны ч хомсдол ч орон даяар нүүрлээд байгаа юм.
Харин ерөнхийлөгч Николас Мадуро нь эдийн засгийн хямралын шалтгааныг АНУ тэргүүтэй улсуудын хоригтой холбон тайлбарладаг аж. Түүнийг 2013 онд ерөнхийлөгч болсноос хойш Венесуэлийн ДНБ тавь гаруй хувиар буурсан байдаг. Түүнийг эсэргүүцсэн, огцрохыг шаардсан жагсаал цуглаан байнга гардаг бөгөөд амь насанд нь халдах оролдлого ч хэд хэд гарч байжээ.
НҮБ-ийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 засгийн эрхэнд гарснаас хойш дөрвөн сая гаруй хүн эх орноо орхин дүрвэсэн байна. Тэд ихэвчлэн хөрш орнууд болох Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудыг зорьж байгаа юм. Энэ оны эцэс гэхэд дүрвэгсдийн тоо 4,6 саяд хүрч магадгүй байгаа юм. Харин 1999-2013 онд Уго Чавесийг засгийн эрхэнд барьсан 14 жилд нийт 800,000 хүн эх орноо орхин явж байсан юм. Венесуэлээс ирэх дүрвэгсдийн тоо үлэмж ихсэж байгаа нь хөрш улс орнуудад нь хүндрэлтэй тусч байгаа нь ойлгомжтой юм. Тухайлбал Сирийн дүрвэгсдийн хямрал одоо ч Европын улс орнуудад нөлөөлсөөр байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Венесуэлийн ерөнхийлөгчийн бодлогыг шүүмжилж, шат дараатай хориг арга хэмжээ авах болсноо саяхан зарласан байна.
Нэг хүнд ногдох ДНБ нь цагтаа 12,000 ам.доллароор хэмжигдэж байсан, газрын тосны асар их баялагтай Өмнөд Америкийн Венесуэл улс нь ийнхүү улс төрийн хямрал гээч зүйл цаашдаа ямар үр дагавартай байдгийн тод жишээ болж байгаа юм.
Холбоотой мэдээ