Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян өнөөдөр /2018.11.21/ Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хятадын иргэн Мэн Хонвэй интерполын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад аравдугаар сарын эхээр эх орондоо очоод авлигын хэргээр баривчлагдан, албан тушаалаасаа чөлөөлөгдөж хоригдсон.
Интерполын ерөнхийлөгчид тус байгууллагын одоогийн дэд ерөнхийлөгч, Оросын дотоод хэргийн яамны генерал Александр Прокопчук, интерполын ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян нар өрсөлдөж байсан юм. Хэрвээ Прокопчук сонгогдвол Интерполын сүлжээ Москвагийн улс төрийн дайснуудын эсрэг ашиглагдана гэж барууныхан болгоомжилж, АНУ тэргүүтэй улсууд эсэргүүцсэн учраас Оросын нэр дэвшигч ялагдаж Өмнөд Солонгосын Ким Жон Ян ийнхүү дэлхийн 192 орныг өөртөө нэгтгэсэн олон улсын цагдаагийн байгууллагын тэргүүнээр сонгогдлоо.
Дубай хотод болж буй Интерполын ерөнхий чуулганаар нийт оролцогчдын гуравны хоёрын саналаар шинэ ерөнхийлөгч тодорч байгаа юм. Ким Жон Ян одоо өмнөх ерөнхийлөгч Мэн Хонвэйн дөрвөн жилийн хугацааг гүйцээж, 2020 он хүртэл ажиллана.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ