Энэ жил инновацид 12 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Энэ жил инновацид 12 тэрбум төгрөг зарцуулна

Энэ жил инновацид 12 тэрбум төгрөг зарцуулна

Шинжлэх ухаан, технологийн салбарынхан тухайн жилд хийж бүтээсэн зүйлээ тайлагнадаг “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэн өнөөдөр /2018.11.21/ нээгдлээ.

Үзэсгэлэнд ном товхимол, эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 120 байгууллагын 1500 орчим сонирхолтой инновацийн бүтээгдэхүүн дэлгэгдэж байна.

Монгол эрдэмтдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнг сонирхон ирсэн хүн монгол эрдэмтэн, судлаачдын бүтээсэн шинэ содон зүйлсийг сонирхоод зогсохгүй түрүү булчирхай болон элэгний вирус тоолуулах шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэж болно.

САНХҮҮЖИЛТ 85 ХУВЬТАЙ БАЙНА

Хурлын үеэр Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргалаас инновацийг дэмжин ямар ажил хийснийг тодрууллаа.  

-Танайхаас хэчнээн төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт олгоод байна вэ?

-Манай сан 2018 онд 454 төсөл хэрэгжүүлэхээс 431 төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ингээд тооцвол санхүүжилт 85 хувьтай явна. Өөрөөр хэлбэл, энэ жил 12 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үлдсэн санхүүжилт улсаас ороод ирвэл төслүүддээ хуваарилахад бэлэн байна. Ерөнхийдөө бүх санхүүжилт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар санхүүждэг.

Жил бүр найман төрлийн төсөл дээр сонгон шалгаруулалт зарладаг. Улсын захиалгат төслийг бүх яамд зарладаг бол инновацийн төслөөр патент нь бэлэн, үйлдвэрт нэвтрэхэд бэлэн болсон 24 төслийг шалгаруулдаг. Мөн залуу судлаачийн докторын гранд, академийн гранд зэрэг жилд 500 орчим төсөл санхүүжүүлдэг.

-Төслүүдээс хамгийн шинэлгийг нь нэрлэхгүй юү?

-Монгол Улсын шилдэг инновацийн бүтээл шалгаруулах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд нийгэм рүү чиглэсэн нэг төсөл, шилдэг бүтээгдэхүүн гэсэн хоёр төрлийн номинаци шалгаруулсан. Хувийн хэвшлээс “ITOOLS” компани дата боловсруулах системээрээ шилдэг үйлчилгээ шагнал хүртсэн. Харин шилдэг бүтээлээр мал эмнэлгийн хүрээлэнгийн шимэгч хорхойг устгах бүтээл шалгарсан. Шагналыг арваннэгдүгээр сарын 26-нд гардуулна.

МЭДЭЭЛЛИЙГ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙРЛУУЛНА

Ингээд “ITOOLS” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамираас үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцож байгааг тодрууллаа.

-Шинжлэх ухаан технологийн сан үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор гарч буй инновацийн үзэсгэлэнд “ICT” групп “Жамуха” үндэсний блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүнээр оролцож байна. “Жамуха” нь блогууд дээр цугларч байгаа их хэмжээний мэдээллийг манайх аюулгүй, найдвартай байрлуулж буйгаараа онцлог.

НЭГ МАЛААС ЖИЛД 100-200 ТӨЛ АВАХ БОЛОМЖТОЙ

Хуруу шилнээс хурга гаргаж авах инноваци тун сонирхолтой байлаа. Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор П.Эрдэнэтогтох

-Хуруу шилний тусламжтайгаар нэг малаас хэдэн төл гаргах боломжтой вэ?

-Манай сургууль нөхөн үржихүй, био технологийн лаборатори ажиллуулдаг. Энэ лаборатори нь хурга, тугал зэргийг хуруу шилнээс гаргаж авдаг. Яг л хуруу шилний хүүхэд гэдэг шиг. Давуу тал нь нэг малаас жилийн дотор ашиг өндөртэй 100-200 төл авах боломжтой.

-Одоогоор хуруу шилнээс хэдэн хурга гаргаад байна вэ?

-Бид туршилтын байдлаар гурван хурга гаргаж авсан. Хурганууд сургуулийн хашаан дотор байгаа.

-Байгалиараа төрсөн хурга, хуруу шилнээс гаргаж авсан хурга ялгаатай юу?

-Хуруу шилнээс гаргаж авсан төл, байгалиараа төрсөн төлөнд хийсэн судалгаа олон байдаг ч ялгаатайг нь баталсан судалгаа дэлхийд байхгүй. Бид шинээр гарсан хурганууддаа шинжилгээ хийж, биологийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг судалсан.

-Нэг хониноос 100-200 төл авах боломжтой гэж үү?

-Бид гурван ихэр хурга гаргаж үзсэн ч амьдрах чадвар багатай байдаг юм билээ. Тиймээс хоёр ихрээр гаргаж байгаа. Одоогоор 20 хонинд шилжүүлэн суулгалт хийчихсэн байгаа. Махны ашиг шим өндөртэй хөврөлөөс хоёр ихрийг суулгасан. Ингэснээр монгол хониноос махны чиглэлийн хурга гаргаж авна гэсэн үг. Манай лаборатори долоо хоногт багаар тооцоход 50 өндгөн эс үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ улирлын чанартайгаар буюу арваас арванхоёрдугаар сар, дөрвөөс зургадугаар сард хийдэг.

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм. Харин үзэсгэлэнгийн сүүлийн өдөр шилдэг бүтээл шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил шилдэг бүтээлийг зургаан бүтээгдэхүүн хүртэж байсан юм. Харин энэ жил ямар инноваци шилдгээр шалгарахыг хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж