Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, ургацаа амжилттай хураан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, ургацаа амжилттай хураан авлаа

Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, ургацаа амжилттай хураан авлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр ургац хураалтын нэгдсэн дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар мэдээлэл өглөө.

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ 89,1 ХУВЬТАЙ БАЙНА

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд  Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын Албан даалгавар, зөвлөмж, тэдгээрийн  биелэлтийг хангаж ажилласан тухай аймгуудын Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын захирамж, мал мах бэлтгэх хангуулах  төлөвлөгөө, ажлын үр дүнгийн  тухай тайланг нэгтгэн Та бүхэнд танилцуулж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая,хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллав. Үүнээс 19465 өрхийн 8.7 сая толгой мал отроор өвөлжиж  хаваржих зохион байгуулалт хийгдэв.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн  үзүүлэлттэй,  энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх  буюу 1.1 сая малаар буурсан байна.

Энэ онд малчдын түвшинд өвс 1 сая 162.1 мянган тн, сүрэл 16.6 мянган тн, ногоон тэжээл 113.4 мянган тн, үйлдвэрийн тэжээл 42.3 мянган тн, гар тэжээл 79.8 мянган тн, дарш 10.8 мянган тн, давс, хужир 107.6 мянган тн, бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувь бэлтгэсэн нь өмнөх оноос өвс 227 мянган тн-оор, ногоон тэжээл 90.8 мянган тн-оор, гар тэжээл 38.6 мянган тн-оор тус тус илүү  байна.

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тн өвс, 14.7 мянган тн тэжээл бэлтгэх даалгавартайгаас 21.2 мянган тн өвс, 7.1 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 66.7 хувийн биелэлттэй байна. Үүний дотор Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн сумд бэлтгэл ажлыг хангалтгүй биелүүлсэн байна.

Энэ онд улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 191, гадаадын төсөл, хөтөлбөрийн 368.1 сая төгрөгөөр 26, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 206 инженерийн хийцтэй худаг, малчдын өөрсдийн санаачилгаар 296 гар худаг, нийт 7.3 тэрбум төгрөгөөр 719 худаг гаргасан нь 930.5 мянган га бэлчээр  буюу 2.7 мянган малчин өрхийн 1.4 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ болсон. 9511-9790

Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд үлийн цагаан оготнотой 15 аймгийн 730.0 мянган га-д, царцаатай 3 аймгийн 70 мянган га-д тус тус тэмцэж, нийт бэлчээрийн даац багтаамжийг 800 мянган га-аар эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн.

Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар  ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Гонконг 955 тн үхрийн мах, 22492 тн адууны мах, 3814 тн хонь, ямааны мах нийт  27261 тн мах, дулааны аргаар боловсруулсан 16027 тн махыг тус тус экспортолж, нийт 104.0 сая ам.долларын экспорт хийгдээд байна.Өнгөрсөн оны мөн үеэс мах 17.7  мянган тн-оор, дулааны аргаар боловсруулсан мах 14.5 мянган тн-оор тус тус илүү байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны  хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдлаа.

Малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг  дээшлүүлэх чиглэлээр “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарласан. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг  2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор  дүгнэв. Уралдаанд аймгаас “Хөвсгөл” аймаг, Сэлэнгэ аймгийн “Орхон туул” сум, Дорнод аймгийн  Баяндун сумын “Түргэн баг”, Малчдын бүлгээс Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн “Улаан-Адаргана” малчдын бүлэг, Фермерээс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг “Баянцагаан хайрхан” ХХК тус тус  шалгараад байна.  Шалгарсан аймаг, сум, баг, малчдын бүлэг,  фермер нь хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл  зэргийг  сайн хангаж ажилласан байна.

Аймгуудын Засаг дарга нарт сумдын түвшинд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн дутууг нөхөн бүрдүүлэх, мал мах бэлтгэлийг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих талаар чиглэл өгч буй Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг танилцуулж байна.

ЭНЭ ЖИЛ ӨМНӨХ ОНООС 1.8 ДАХИН ИХ БУЮУ 444.7 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВЛАА

2018 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаан буудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авснаар буудай, төмсний хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.

Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алдсанаар нийтдээ 37.2 мянган га талбай хураагдаагүй болно.

Шинэ ургацаас  гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 50.5  мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 276.9мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр 63.1мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээтэй байна.

Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаан буудайн шаардлагатай бөгөөд энэ жилийн ургацын дүн, борлуулалтаас харахад нийтдээ 340 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэх боломж харагдаж байна.  368987

Энэ жилийн хувьд 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй ажлын амжилт болж байна.

Ургац хураалтын явц, цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцах ажлаар Монгол Улсын Ерөнхий Сайд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, тариаланчид ногоочидтой уулзан, тэдгээрийн тавьсан санал хүсэлт, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ажилласны зэрэгцээ тусгайлан өгсөн үүрэг, чиглэлийн дагуу уг асуудлыг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 42 дугаар тэмдэглэл гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Мөн ургац хураалтын явцын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсний зэрэгцээ тус байнгын хорооны гишүүд 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллан ургац хураалтын явц, тулгамдсан зарим асуудлуудтай биечлэн танилцав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож, байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчдадаа хүргэж танилцуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн эхний ээлжинд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн  тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан тариалангийн бүс нутгийг тогтоосон шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна.

Байгаль цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ТЭДС-гийн өр авлагад тооцож авах 1 тонн хүнсний  буудайн үнийг 600 мянган төгрөг, худалдан авах үнийг 560 мянган төгрөг болгож, нэмэгдүүлсний зэрэгцээ налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэх, дотоодоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлж хураалтын үеийн хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүлж ажиллав.

Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийн хүрээнд ургац хураалтын өмнө ОХУ-аас 30 ширхэг үр тариа хураах комбайн, хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай 8 нэр төрлийн 78 ширхэг техник, тоног төхөөрөмжийг шуурхай нийлүүлж 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5 жилийн хугацаатай зээлээр олгов.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн тариалангийн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж,  тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулав.

Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах зорилгоор Засгийн газрын 324 дүгээр тогтоолоор “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэх, жил бүрийн11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааныг  хөнгөлөхөөр шийдвэрлүүлэв.

Цаашид тариалангийн салбарыг тогтворжуулах, эрсдэл даах чадамжийг нь сайжруулах зорилгоор таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх, талбайн эзэмшилт ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх, таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх, тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, талбайг хашаажуулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэж, нэмэгдүүлэн ашиглалтыг сайжруулах зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж