Засгийг “шахсан” салбарыг Ж.Сауле толгойлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.22-нд нийтлэгдсэн

Засгийг “шахсан” салбарыг Ж.Сауле толгойлж байна

Засгийг “шахсан” салбарыг Ж.Сауле толгойлж байна

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад сайдгүй байгаа салбар буюу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Жижиг дунд үйлдвэрийн сангаас олгосон зээлийн асуудалд нэр холбогдсон учраас хариуцлага хүлээж, ажлаа өгсөн. Түүний оронд Ч.Улааныг томилохоор МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг дэмжсэн ч улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, олонхийн бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах шаардлагыг өргөн барьсан. Одоогоор ХХААХҮ-ийн сайдын ажлыг дэд сайд Ж.Сауле түр орлон гүйцэтгэж байна. "Яам, агентлагаар сонин юутай вэ" булангаараа Засгийн газрыг огцруулах сэжим болсон яамны ажилтай танилцлаа.

БУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС 100 ХУВЬ ХАНГАНА

Энэ онд 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна.

Ган, хэт халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алджээ. Дараа жилийн тариалалтад зориулж аж ахуйн нэгж, иргэд 43.2 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 7.7 мянган тонн, нийт 50.9 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн байна.

ОТРЫН БҮС НУТАГТ МАЛЧИД 500 ГАРУЙ АЙЛ ӨРХ ӨВӨЛЖИЖ БАЙНА

Улсын хэмжээнд есөн отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 672 438 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Завхан, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Увс, Говьсүмбэр, Ховд, Төв аймгийн отрын бүс нутагт 527 өрхийн 467039 мал өвөлжиж байна.

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ 89,5 ХУВЬТАЙ БАЙНА

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар малчдын түвшинд нийт 1,1 сая тонн өвс, 16.6 мянган тонн сүрэл, 113.4 мянган тонн ногоон тэжээл, 42.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 79.8 мянган тонн гар тэжээл, 10.8 мянган тонн дарш, 107.6 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 89.5 хувь юм. Өмнөх онтой харьцуулахад энэ жил өвс 227 мянган тонн, ногоон тэжээл 90.8 мянган тонн, гар тэжээл 38.6 мянган тонноор тус тус ахиу бэлдээд байгаа аж.

Орон нутагт мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгуудын удирдлагуудад хандан нөөцийн өвс, тэжээлийг хадгалах өвсний саравч, тэжээлийн агуулахыг ариутгаж бэлэн болгох, мал амьтны гоц халдварт өвчний голомт илэрсэн бол тухайн бүсээс бэлтгэсэн өвсийг өөр аймаг, сум руу тээвэрлэхгүй байх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсийг тээвэрлэхдээ тухайн сумын Мал эмнэлэг үржлийн тасгаас өвсний гарал үүслийн гэрчилгээг авсан байх зэрэг чиглэл өгчээ.

Мөн “Хадлан, тэжээл -2018” болзолт уралдааныг улс орон даяар зарласан бөгөөд хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн аймаг, сум, баг, малчдын бүлэг, хоршоо, фермерийг шалгаруулахаар ажиллаж байна.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж