"ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгана"

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

"ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгана"

"ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгана"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2018.11.21/ ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллийн эхэнд “Түр хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. “ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгахаар Түр хороо байгуулагдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар  нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХ сангаас зээл авсан асуудалд хариуцлага тооцохгүй байна. Гэтэл уг асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. “Хулгайч хулгайчаа шалгадаггүй” гэж мэргэн үг бий. Тиймээс энэ хулгайчдыг шалгах зорилгоор Түр хороо байгуулагдаж байна. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор нийгэмд шударга ёсыг шаардаж байна. Тиймээс УИХ дахь манай намын нэр бүхий гишүүд мөн АН-д санал хүргүүлсэн. Дэмжинэ гэдгээ АН-ынхан илэрхийлсэн. Хамтарсан хянан шалгах  Түр хороо гэж ойлгож болно” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Түр хороо яг ямар үйл ажиллагаагаар хяналт тавих вэ?

-Тусгай хяналтын дэд хороо дэмжиж хамтарч ажиллах асуудлыг тогтоолын төсөлд тодорхой оруулчихсан байгаа.

-Түр хороонд ямар гишүүд орох вэ. Хэрэв ЖДҮ-чин гишүүд нь орчихвол асуудал сарних тал руугаа орох болов уу?

-Мэдээж, ЖДҮ-чин гишүүдийг оруулахгүй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Ганболд, О.Содбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нар болон АН-ын бүлгээс Б.Пүрэвдорж гэсэн гишүүд Түр хороонд нэгдээд байна.

-ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээс гадна нэр нь нийтэд ил болоогүй гишүүд байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Хэрэв дээрх асуудалд холбогдвол тухайн гишүүнийг Түр хорооноос гарахыг шаардана. ЖДҮ-тэй холбоогүй гишүүд ам тангаргаа өгч Түр хороонд орж байгаа нь ойлгомжтой.

-Хууль хяналтын байгууллага нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль хяналтын шалгах ёстой ажлыг УИХ-ын гишүүд Түр хороо байгуулж шалгах нь хэр зохистой вэ?

-Хуульд эрх нь бий. Дэд ажлын хэсэгт хуулийн байгууллагуудын төлөөлөл орно.

-Та бүхэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөлөлд автахгүй байх ямар баталгаа байгаа юм бэ?

-Ерөнхий сайд нь өөрөө нөлөөнд автаад байна. Өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-чин болсон ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга гэх мэт жижиг нөхдүүдтэйгээ л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад энэ Я.Содбаатар, Н.Цэрэнбаттай хариуцлагын асуудал ярихгүй байгаа юм.

Энэ түр хороо санал дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй, тийм ч үүрэгтэй. Үүнийгээ Их хурал дээр тавина. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага тооцож чадахгүй байна. Бид хариуцлагын асуудлыг хөндөнө.

-Энэ хэргийг хууль хяналтын байгууллага замхруулж магадгүй гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийж байна гэж ойлгож болох уу?

-Энэ нь нэг үндэслэл. Дээрээс нь Сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлыг зөрчилтэй асуудал юм.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд “Энэ бол төрийн задгай мөнгө. Эргэж төлөгдөнө” гэдэг зүйл хэлдэг. Үүний оронд АСЕМ, концесс зэргийг шалгаж болдоггүй юм уу?

-Шалгаж болно шүү дээ. Хэвлэлийн өмнө гэхээсээ илүү бүлгийн хуралдаан дээр хачирхалтай зүйл яриад байгаа гишүүд бий. “50-хан тэрбум төгрөг. Намайг авъя гээгүй байхад шахсаар байгаад авхуулсан. Ийм асуудал болох байсан юм бол хэрэггүй авдаг байж” гэх ч юм уу. Ийм хачирхалтай үгийг Их хурлын гишүүд хаалттай бүлгийн хуралдаан дээр гаргаж байгаа.

-Таныг концессын хөрөнгөөр “Цагаан суварга”-ын ордоо тохижуулдаг гэсэн шүүмжлэл байдаг. Сая гэхэд ажил нь дуусаагүй байхад төсөв дээр мөнгөө суулгасан байна гэсэн шүүмжлэл ч гишүүдийн зүгээс гарч байсан. ЖДҮХС-тай холбоотой гишүүд бохир мөнгөнд холбогдсон гэж байгаа юм бол та ч гэсэн өөрөө бохир юм бишүү?

-Энэ бол 2010 оны долдугаар сард намайг Төрийн ордонд байтугай Монголд байхгүй байхад шийдэгдэж байсан асуудал. Төр мөнгөгүй болоод тухайн компанид хүсэлт гаргаад, тухайн компани нь өөрсдөө мөнгөө гаргаад, эргүүлээд хуулийн дагуу мөнгөө авч байгаа. Төсөв дээр энэ мөнгө орсонд талархаж байгаа. Анхнаасаа хууль бус үйл ажиллагаа гэсэн хардлагыг байхгүй болгож байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

“Сэтгүүлчид маань хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа зүйлд нөлөөлчих юм биш байгаа гэж асууж байна. Монголын улс төрд үнэт зүй, ёс суртахуун алдагдсан байгааг хараад хүн бүхэн дургүйцэж байна. Тийм учраас УИХ дээр дэд хороо байгуулагдаж ажиллаад хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа явцтай танилцаад УИХ-ын чуулган дээр нээлттэй хэлэлцүүлэг явуулна гэсэн үг. Энийг бид хаалттай хаалганы цаана ярих ямар ч боломжгүй болсон.

Хамгийн эхлээд ББСБ-гаар дамжуулан мөнгө угаасан гэж тодорхой асуудлуудыг ярьж байна. Энэ асуудал хаана ямар шатандаа яваа юм. Үүнд хэр шударга хандах юм гэдгийг ард түмэн харж байна. Үүнд хариу өгөхийн тулд УИХ-аас хуулийн дагуу УИХ-ын гишүүд энэ санаачилгад нэгдэж, оролцъё гэсэн байр суурьтай байгаа юм.

Нөгөө талаас өмнө нь иймэрхүү олон хэргүүд дарагдсан. Энэ асуудлыг яах вэ гэж байна. Эдгээр хэргүүд шалгагдаж байгаа тухай Улсын ерөнхий прокурор УИХ-ын чуулганд албан ёсоор хэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

“Түр хороог хуулийн дагуу байгуулж байгаа. Хуулийн байгууллагатай хамтарч ажиллана. Хамгийн гол нь нэгэнт бид урсгалаараа явж байгаад хүнд байдалд орчихсон, хуулийн гажуудал, эрх мэдлээ ашиглаж байгаа үйлдэлд дүгнэлт гаргах ёстой. Цааш цаашдаа үүнийг шилэн болгох ёстой.  Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд өөрчлөлт оруулах ёстой. Цаашдаа ЖДҮ-ийн сангийн зээл очих ёстой хүнд хүрдэг байх ёстой. Ийм болгох нь түр хорооны бас нэг үүрэг.

-Түр хорооны ажлын хэсгийн үр дүн хэзээ гарч эхлэх вэ. Өмнө нь олон түр хороо байгуулагдаж байсан. Ингэж байгуулагдлаа гэж мэдээлэл хийдэг ч яасан нь мэдэгдэхгүй нам жим болдог?

-УИХ-аас олон түр хороо байгуулагдаж байсан ч замхраад алга болдог. Гэхдээ энэ бол попрох сэдэв биш. Монгол Улсын төсвийг хууль бусаар захиран зарцуулсан. Монголын ард түмний хөрөнгө хууль бусаар зарцуулагдсан явдалд Их хурал хариуцлага ярих зайлшгүй шаардлагатай.

ЖДҮХС-г байхгүй болгох хэрэгтэй гэж зарим хүн ярьж байна. Энэ байх ёстой. Эзэндээ хүрэх ёстой гэж үзэж байна.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж