Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг дэмжсэнгүй.Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг нь тодрууллаа.
-Хуульзүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?
“Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас худлаа шалтаг хэлээд байна л даа. Д.Оюунхорол гишүүний ахалж байгаа ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгочихсон байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийсэн гэсэн үг. Үүнийг нь Сангийн яам хүлээн авч тухайн өдөр нь буцаагаад Засгийн газрын хуралдаанаар оруулбал болох гээд байгаа юм. Дахин яамдаас санал авах ямар ч шаардлага байхгүй. Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нарын ярьж байгаа зүйлс бүгд худлаа. Ажлаа мэдэхгүй байгаа хэрэг.
-Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт хэсэгчилж хориг тавих боломжгүй байсан юм уу?
-Төсөв маш зузаан. Энэ дундаас нь аль нэгийг сугалж аваад нөгөө талд нь оруулбал бүрэн нааш, цааш нь хөдөлгөж болох эрх чөлөө болдоггүй. Тиймээс хаана хаанаас хасаж хаанаа нэмэхийг нь Ерөнхийлөгч хэлэх боломжгүй. Тэр бол Засгийн газар , УИХ хоёрын ажил. Өөрөөр хэлбэл, хаанаа юу нэмэхийг нь бүрэн эрх чөлөөтэй хийхийн тулд хоригийг бүхэлд нь тавьсан. Хэрэв төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол хөдөлгөх боломжгүй болгочхож байгаа юм.
-Анхнаасаа 500 тэрбум төгрөгийг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юм уу?
-Угаасаа үндсэн шаардлага нь энэ. Уул уурхайгаас хараат болж жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө л гэсэн санаа. Сая байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нэг зүйлийг буруу ярьж байна. 42 сая тонн нүүрс зарна гээд үнийн дүнг нь өсгөөд тавьчихсаныгаа хамгаалаад байна. Хятад улс хоёр сар нүүрс авахаа болчихлоо, дэлхий даяар. Ирэх жил нүүрс худалдаж авах уу эсэх нь тодорхойгүй. Ийм байхад энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрсийг илүү зарна гэж байгаа нь зүгээр л хорлож байна. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр энд бичсэн 11.1 таван их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Нүүрснээс хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Хятад хил хаагдвал энэ орлого алга болчихвол яах юм. Ийм найдваргүй төсвийн төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч хэлээд байгаа юм биш. Аудитын байгууллагаас худал төсөөлөл байна гэдгийг нь хэлээд байгаа. Түүнийг засах бололцоо байсан. Ерөнхийлөгч аравдугаар сарын 1-ны өдөр төсөв хүлээж авсан. Аравдугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар хэлэлцүүлгээр засах боломж байсан. Энэ бүх процесс Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хооронд хамтын ажиллагаа явсан. Засгийн газар ойлгосон. Ингэх нь зөв. Энэ ажлыг хийж байж уул, уурхайн хамаарлаас гарах юм байна. Ирэх жил олон сая тонн нүүрс нь зарагдахгүй юм байна гэдгийг ойлгосон. Яг засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. Болд, Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа.
-Таны нэр ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
– Ямар ч холбоогүй. Манай хуульч та бүхэнд мэдээлэл хийнэ. Тэр нэр дурдаж байгаа компаниудтай холбоогүй.
– Таныг ажлаа өгнө гэх мэдээлэл байна уу. Энэ үнэн үү?
– МАН-аас төлбөртэй мэдээлэл тараасан байна. Цуурхал, худал мэдээлэл. Би ажлаа өгөх талаар огт яриагүй. Тухайлбал МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан. Хуулийн байгууллагад энэ асуудлаар хандана.
Холбоотой мэдээ