Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй. Байнгын хорооны хуралд Ерөнхий сайд, Сангийн сайд оролцоогүй юм. Хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. Уг хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Төрийн тэргүүний зүгээс ирэх оны төсөвт яагаад хориг тавих болсон талаар тайлбар өглөө.
Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлахдаа “Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, тэр 500 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж болно. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг Ерөнхий сайд дэмжиж байсан учраас хориг тавьсан” гэж тайлбарласан билээ. Тэгвэл байнгын хорооны гишүүдийн зүгээс тойрог тус бүрт тусгасан мөнгийг “гишүүдийн мөнгө” гэж ярих нь буруу гэж З.Энхболдыг шүүмжилсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Монгол Улс Засгийн газар ч үгүй, төсөв ч үгүй улс төрийн хүнд үед төсвийн хориг ороод ирлээ. Хүнд нөхцөл байдалд орсныг хэлэх ёстой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Хориг бол нэг талаасаа үндэслэлтэй гэж харж байна. Ирэх оны төсөв бол 2020 оны сонгуульд чиглэсэн тооцоо судалгаа муутай болсон. Өнгөрсөн жилүүдийн төсвийн алдагдлыг нийлүүлээд тооцоход 7 их наяд төгрөгийн өрийг хойч үедээ үлдээж байна. Энэ нь Монгол Улсын бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Шатахууны үнэ тэнгэрт хадлаа, цалин тэтгэврийг нэмлээ гээд ханшийн өсөлтөд дарамтлуулна. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөн дээр маргалддаг ч өөрсдөө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулж хэдэн тэрбум төгрөгийн хүүгүй зээл авч байгаагаас ичих хэрэгтэй. Энэ бүхнийг харгалзан үзээд, бид ирэх оны төсөв дээр нухацтай хандах ёстой.