Ураг төрлийн хүчирхийлэл хүүхдийг амиа хорлоход хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ураг төрлийн хүчирхийлэл хүүхдийг амиа хорлоход хүргэж байна

Ураг төрлийн хүчирхийлэл хүүхдийг амиа хорлоход хүргэж байна

Нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй гэрийн углааштайгаа харанхуй гудамжинд уйлж зогсох, охиноо хүчирхийлээд “цагдаад хэлээд үзээрэй ээжтэй чинь хамт алчихна шүү” хэмээн сүрдүүлэх мунаг аав, үр хүүхдэдээ “үхээд өгөөч” гэж загнуулах буурай…

Ийм хүчирхийлэл дунд арга мухардсан олон хүн хэнд, хаана хандахаа мэдэхгүй эцэс төгсгөлгүй зовлон дунд амьдарч байна. Хэдийгээр цагдаад хандахаа мэдэх ч ихэнх нь дуудлага өгөлгүй нууж явсаар аюул хоолой дээр нь тулаад ирэхэд л гэрээсээ зугтдаг аж. Зарим нь гартаа бэртэл авсан, хөл нь гэмтэж, дотуур цус алдалттай яваагаа үл хайхран “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийг зорьдог аж. Ийм тохиолдолд тус төвийнхөн эмнэлгийн байгууллагад холбон зуучилж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамгаалах байрандаа авч нийгмийн үйлчилгээг үзүүлэн хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.

Тус төвийн нөхцөл байдал болон үйлчилгээ авч буй хүмүүсийн талаар сурвалжиллаа. Биднийг өчигдөр 16.00 цагийн орчимд очиход ажилтнууд нь угтан авсан ч үйлчилгээ авч байгаа хүмүүс харагдсангүй. Тус төвд ханддаг хүмүүс өглөө эрт эсвэл шөнийн цагаар ирдэг аж.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны зохицуулагч З.УНДРАХ

“Манайд өдөрт хандаж байгаа 10 хүний хоёрыг нь хамгаалах байранд авах шаардлага гардаг. Одоогоор нийт зургаан эмэгтэй, долоон хүүхэд байрлаж байна. Хамгаалах байранд долоо хоногт 7-8 эмэгтэй хүүхэдтэйгээ тогтмол ирж, солигддог. Ер нь хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд 3-5 хүүхэдтэй байдаг. Биедээ бэртэл гэмтэл авсан тохиолдол маш их. Тиймээс зөвлөгчид маань уулзаж ярилцаад бэртэл авсан хэсгийг нь зургаар баримтжуулдаг. Хүнд гэмтэл авсан бол эмнэлгийн тусламж үйлчилгээнд холбож өгдөг. Ирж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь эцэг эх, найз нөхөд хэвлэл мэдээллийн байгууллагаас манай төвийн мэдээллийг авсан гэдгээ хэлдэг. Өчигдөр гэхэд Багануураас нэг эмэгтэй таван хүүхэдтэйгээ ирсэн. Монгол эмэгтэйчүүд хамгийн багадаа таван жил тэвчсэний эцэст манай төвд ханддаг. Манай төвд 60 настай эмэгтэй ирж байсан. Тэр эгч “Би 30 жил хүчирхийллийг тэвчлээ, одоо бол больё. Эгч нь одоо үүнээс цааш тэвчиж чадахгүй нь. Хайран миний 30 жилийн амьдрал минь” гэдгээ хэлж байсан. Эмэгтэйчүүдийн хувьд нөхрийн дарамт шахалт, зодуур, хардалт гэсэн шалтгаанаар ханддаг. Сүүлийн үед бага насны болон өсвөр насныхан  ирж үйлчлүүлэх нь ихэссэн. Шалтгаан нь ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Есдүгээр сараас хойш манай төвийн хамгаалах байранд таван хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж ирсэн. Энэ бол өндөр тоо. Хүчирхийлэлд эрэгтэй хүн ч бас өртдөг. Гэхдээ эрэгтэй хүнийг хамгаалах байранд авахгүй. Тэд ихэвчлэн эдийн засаг, сэтгэл санааны хямралд орсон байдаг” гэлээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛСНОО ЗУРАГ, ТОГЛООМООРОО ИЛЭРХИЙЛДЭГ

Тус төвийн хуулийн зөвлөгч Д. САНЧИР: 

Гэр бүлийн хохирогчдын сэтгэлзүй маш тогтворгүй. Их айдастай байдаг. Өмнө нь хүчирхийлэгч нь зөвхөн тухайн эмэгтэйг чиглэдэг байсан бол одоо тийм биш болсон. Тухайлбал, “Хэрвээ чи надаас салах юм бол танай гэр бүлийнхнийг ална” гэх зэргээр сүрдүүлж дарамтлах хэлбэрээр хамрах хүрээ нь өргөн болсон учраас их хүндрэлтэй. Хохирогчийг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах боломжтой. Гэвч хуульд нь заавал эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд гэрч хохирогчийг хамгаална гэж заасан учраас хэрэгжихэд хэцүү байдаг.

Тодорхой хэмжээнд хамгаалах байр, нэг цэгүүд ажиллаж байгаа ч гэсэн энэ нь оновчтой арга хэмжээ болж чадахгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь амиа хорлох, салах, хүний гарт амиа алдах байдлаар төгсдөг учраас олонх нь гэрээсээ зугтаж аав ээж ах дүүгээ барааддаг. Манай төвд хандаж байгаа хүмүүст аюулгүй байдал талаас нь ажиллаж аюулгүйн төлөвлөгөөтэй байхыг зөвлөдөг. Манай төвд хохирогчид ихэнхдээ шөнийн цагаар гэрийнхээ хувцастай ирсэн байдаг. Тиймээс шаардлагатай үед бичиг баримт, хувцсаа байршуулах газраа наана нь сонгож бэлдсэн байх хэрэгтэй. Хамгаалах байрнаас ажлын байр руу холболоо гэхэд бичиг баримт шаардагдана. Үүнээс гадна олон улсад туршлага судлахаар явж байхад Тайваньд ураг төрлийн хүчирхийлэл байдаггүй. Эсрэгээрээ Монголд ийм тохиолдол маш их байна. Энэ нь монголчуудын амьдралын онцлогтой нь салшгүй холбоотой.

Аав ээж, хамаатныдаа хүүхдээ харуулахаар үлдээдэг нь ийм төрлийн хэрэг гарахад нөлөөлж байдаг. Ураг төрлийн хүчингийн хор уршиг нь амархан илэрдэггүй. Манай төвд хандаж байгаа нь өөрсдийгөө илэрхийлэх чадваргүй бага насны хүүхдүүд болон өсвөр насны охид их ханддаг. Хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүд зураг, тоглоомоор илэрхийлж харуулдаг. Жишээ нь манай төвд гэр бүлийн хохирогч болж ирсэн охин тоглож байхдаа тоглоомоороо бэлгийн хүчирхийллийн хохирогч гэдгээ илчилж байсан. Хүүхэлдэйгээ уйлуулж, юу ч үгүй сийчиж урсныг нь асуухад “мама өвдсөн, ингэсэн тэгсэн” гэдгээ хэлсэн удаа бий. Гэтэл хүүхэд өөрөө өртсөн байдаг. Өсвөр насны охидын олонх нь хаалттай, үг дуугардаггүй, хоол иддэггүй, гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлачихдаг. Тэгэхлээр эцэг эхүүд хүүхдийнхээ зан байдлыг маш сайн ажиглах хэрэгтэй.

Манай төвд хандсан охидын олонх нь сэтгэлзүйн хувьд хаалттай, амиа хорлох оролдлогыг удаа дараалан хийж өндрөөс үсрэх гэж оролдсон, судсаа ханах, эм уусан тохиолдол байдаг. Ер нь бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод ч бас ийм шинж тэмдэг илэрдэг. Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг даруй хамгаалах байранд авахгүй бол хэргийг шийдэх явцад мэдүүлгээсээ буцдаг. Тиймээс цаад учир шалтгааныг нь мэдэхэд цаг хугацаа маш их шаардлагатай байдаг.

"ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ"-Д ЭХНЭРЭЭ АСУУСАН НӨХРӨӨС МЭДЭЭЛЛИЙГ НУУХ БОЛОМЖГҮЙ

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, сэтгэлзүйн болон хууль зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөр өдөрт 8-10 хүн тогтмол ирж үйлчлүүлж, зөвлөгөө авдаг байна.  Ихэвчлэн өглөө эрт эсвэл зарим тохиолдолд нимгэн цамц, богино өмдтэй гэрийнхээ хувцастайгаа өглөө хаалга онгойхыг хүлээн хоносон байдгийг ажилтнууд хэлж байв. Ингээд тус төвийн тэргүүн Б.Сувдаас дараах зүйлийг тодруулав.

-Танай төвөөр ороход орцны хаалгаар дамжиж ордог. Энэ нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах нэг арга уу. Ер нь хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалахад аюулгүй байдлыг хэр хангаж ажилладаг вэ?

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд бусдаас нуугдаж зугтааж ирдэг учраас айлд орж байгаа юм шиг орцны хаалгаар дамжиж ордог. Тиймээс орон сууцанд байрладаг. Одоо бол дохиолол хамгаалал хөгжсөн үед энэ байрыг өөрчлөх шаардлага гарч байна. Зөвлөгөө тусламж авах гэж байгаа хүмүүс кодыг нь мэдэхгүй, эсвэл оршин суугчдаас гомдол гаргах тохиолдол бий. Орон сууцны хаалгыг дохиолол хамгаалалттай болгодог нь гаднын хүн орж ирэхээс л хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл энэ нь манай үйлчилгээнд нийцэхгүй, асуудал үүсэж байгаа юм.

– “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс хамгаалах байранд байрлаж буй иргэдийн ахуй хангамжийг яаж шийддэг вэ. Санхүүжилтээ ямар эх үүсвэрээр шийдэж байна?

– Хандив тусламж бол тогтмол биш нэг л удаагийнх. Тогтмол зардал шаардлагатай байдаг. Гэтэл эрхзүйн орчин нь бүрдсэн ч хамгаалах байранд байгаа эмэгтэйчүүдэд үзүүлдэг нэг өдрийн 19150 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг Засгийн газраас авах журам гарсан байгаа. Гэтэл түр асрамжлан халамжлах үйлчилгээ нь дүүргүүдэд очсон байдаг. Дүүргийн төсөвт очдог. Дүүргээс энэ үйлчилгээг авахад заавал тендер зарла гээд 7-9 сарын хугацаанд зарладаг. Ингэж явсаар арваннэгдүгээр сард шалгарсан тендертэй гэрээ хийхэд арванхоёрдугаар сард мөнгөө авна. Товчхондоо эрхзүйн орчин бүрдсэн ч хэрэгжилтийн шат нь муу байна. Тиймээс энэ байдлыг анхаарч үзмээр байгаа юм. Байрны хувьд хүмүүст танигдсан утгаараа солих шаардлага бас үүсч байна. Нэг талдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх нь чухал.

– Танай төвд ирсэн эмэгтэйчүүдийн нөхөр нь ирж эхнэрээ асуух тохиолдол гардаг гэсэн. Энэ тохиолдолд мэдээллийг нь шууд хэлдэг юм уу. Тухайн эмэгтэйн аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг болох уу?

– Аюулгүй байдал алдагдсан гэж хэлж болохгүй. Үнэхээр эвлэрэх гэж байгаа хүн байж болно. Ийм нөхцөлд манай хуулийн хөтөлбөрийнхөн албан ёсны өмгөөлөгчдийн оролцоотойгоор хамтарсан багийн уулзалт хийж, тухайн хүнд үүргийг нь зааж тайлбарлаж өгдөг. Нөгөө талаас шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд бид тухайн хүнийг хүлээн авахгүй байж болно. Үнэхээр манай төвд хандсаныг нь мэдсэн бол бид үүргийнхээ дагуу хэлэх хэрэгтэй.

“Хүчирхийллийн эсрэг” үндэсний төв нь 22 ажилтантай. Хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хоёр мэргэжилтэнтэй аж. Тэд тухайн үйлчлүүлэгчтэй ярилцах тусгай өрөөнд хүлээн авч зөвлөгөө өгч ажилладаг байна. Тус төвд сард дунджаар 20, жилд 240 орчим хүнд сэтгэлзүйн, хуулийн зөвлөгөө өгч ажилладаг гэх мэдээлэл бий.

Мөн тус төвөөс гаргасан 2017 оны судалгаагаар, Монголд 10 эмэгтэй тутмын найм нь нөхөр болон хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан боловч Монголд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа нь эцгийн эрхт ёс, эр хүнийг дээдлэх үзэл, жендерийн тэгш бус байдал хүчирхийлэл гарах үндсэн суурь шалтгаан болж байгааг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж