Олон улсын зүгээс сэтгүүлч Жамаль Хашоггийн үхэлд Саудын Арабыг буруутган, Герман, Франц тэргүүтэй улс хориг арга хэмжээ хүртэл авахаар зэхэж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод дахь өөрийн ойрын түншээ ямар ч тохиолдолд алдахгүйгээр, харилцаагаа хэвээр хадгалахыг хичээж байгаа бололтой.
Трамп Саудын Арабыг АНУ-ын “үнэнч хамтрагч” гээд, түүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг авахаар тохиролцсон тухай мэдэгдсэн байна. Мөн ямар ч тохиолдолд Саудын Арабтай тогтвортой, нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Ирантай тэмцэх асуудалд ч бас Саудын Араб нь АНУ-ын тууштай хамтрагч байсаар ирсэн билээ. Хаант улсын зүгээс Исламын террористуудтай тэмцэхэд олон тэрбум ам.долларыг зарцуулсан аж.
Вашингтон Пост сонины сэтгүүлч, Саудын Арабын иргэн Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан билээ. Түүнийг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсаныг Туркийн зүгээс аль хэдийн нотлоод байгаа бөгөөд уг хэргийг Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салманы тушаалаар үйлдсэн гэдгийг олон улс, түүнчлэн АНУ-ын Тагнуулын төв газраас ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин Саудын Арабын зүгээс сэтгүүлчийн аллагын хэрэгт хунтайж хамааралгүй, харин Саудын тагнуулын албаныхан дур мэдэн үйлдсэн хэмээж байгаа.
Аллагын тухайд Дональд Трамп, “сэтгүүлчийн аллагын захиалагч нь хэн байсныг баттай мэдэх боломжгүй. Хунтайж энэ хэрэгт оролцсон байж болно, оролцоогүй ч байж болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү хандлага нь Саудын Арабын удирдагчдын хувьд таатай байгаа нь тодорхой. Саудын Араб ч, АНУ ч сэтгүүлчийн аллагын хэргийг дипломат харилцаандаа саад болох хүчин зүйл болгон дэвэргэхийг хүсэхгүй байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн Саудын Арабын ард иргэд ч улс орныхоо дефакто удирдагч, хунтайж Мухаммед бин Салманыг ийм хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа. Тэд уг хэргийг Саудын Арабын олон жилийн турш цогцлоон бүтээсэн хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нэр хүндээс хойш татах шалтгаан болохгүй байхыг хүсэж байгаа юм. Харин зарим хүмүүс тус хэргээс болоод Саудын Арабыг ирээдүйн үйл хэргээсээ арван алхам ухарлаа хэмээн дүгнэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ч бас Трамптай санал нэг байгаа тухайгаа өчигдөр /2018.11.20/ илэрхийлжээ. Тэрбээр АНУ-д Саудын Арабын оруулах их хэмжээний хөрөнгө оруулалт болоод зэвсгийн наймааны тухай сануулан дурдаад, “Бид энэхүү гэрээнүүдээсээ одоо татгалзах юм бол Хятад, Орост илүү хожоотой тусна” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын ханхүүтэй удахгүй Аргентин улсад зохион байгуулагдах Их-20-ын чуулганы үеэр уулзах юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ