Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхэлсэн билээ.
Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Т.Лхагвасүрэн, талийгаач охины ээж С.Баясгалан, иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцохоор байсан ч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Ингэснээр арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагаас шүүхийг хурлыг дахин явуулахаар товлосон байна.
ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ Д.ЖАВХЛАНГИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Д.Жавхлангийн өмгөөлөгчийг 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно.
Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ