Скандинавын орнуудын шинэ прагматизмаас суралцацгаая

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Скандинавын орнуудын шинэ прагматизмаас суралцацгаая

Скандинавын орнуудын шинэ прагматизмаас суралцацгаая

Европын зүүний үзлийг баримталдаг Дани, Норвеги, Финлянд, Швед зэрэг Скандинавын орнууд хөгжлийн асуудалд прагматик хандаж, эдийн засгийн эрх чөлөөг хангах, өсөлтийг бий болгох үйл явцыг нийгмийн бодлоготой холбож баялгийг тэгш хуваарилах, нийгэмд шударга ёсыг тогтоохтой хослуулан явуулах бодлогыг баримталдаг. Ийнхүү социалист ба зах зээлийн эдийн засгийн үр ашигтай гэсэн элементүүдийг зэрэгцүүлэн авч ашигласан болохоор тэднийг холимог эдийн засагтай ч гэж үздэг байна. Хөгжлийн энэ загварыг “Хойд орнуудын загвар” гэж нэрлэгддэг.

Хойд орнуудын хөгжлийн загварын онцлогийг дараах хэдэн чиглэлээр нарийвчлан авч үзэж болох юм. Үүнд:

Урт хугацаанд тогтвортой хөгжих үндэс нь зөв бодлого, нийгмийн дэмжлэг

Дээрх орнуудад эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд хөгжлөө урт  хугацаанд төлөвлөж чиглүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байлгахад ихээхэн ач холбогдол өгдөг байна. Ингэхдээ Засгийн газраас бодлогоо ард түмнээр дэмжүүлэх, нийгэмд шударга ёс тогтоох, орлогын тэгш хуваарилалтыг хэрэгжүүлэх, хүйсийн тэгш харьцааг хадгалах нь хөгжлийн дотоод зайлшгүй хүчин зүйл гэж үздэг ажээ. Эдгээр үндсэн ойлголт нь бүх нийтийн үнэт зүйлс болж чадсан байх учир Засгийн газрын үйл ажиллагаа дэмжигдэж, нийгэмд өрсөлдөөн тэмцэлгүй, ард түмэн хөгжилд анхаарал, чармайлтаа төвлөрүүлэх бололцоотой болдог байна.

Засгийн газар бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхдээ үндэсний эрх ашигтаа суурилж, хүмүүсийн амьдралын түвшинг хадгалж, улмаар ахиулахад голлон анхаарч шаардлагатай бол зах зээлийн эдийн засгийн зарим үндсэн зарчмаас ч татгалзахад бэлэн байдаг ажээ.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх

Скандинавын орнуудын хөгжлийн үндэс нь эдийн засгийн өсөлт,  бизнес болохыг харгалзан үзэж, зах зээлийг нээлттэй, хүнд сурталгүй, бизнесийн дотоод таатай орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг. Өнөөдөр  бизнес хийх орчны индексээр 190 орноос Дани 3, Норвеги 8, Швед 10, Финлянд 13 дугаар байрт, хүний хөгжлийн индексээр 189 орноос Норвеги 1, Швед 7, Дани 11, Финлянд 15 дугаар байрт, авилгын индексээр 190 орноос Дани, Финлянд, Норвеги 2-4, Швед 6 дугаар байрт шалгарсан нь дээрх  орнуудад бизнесийн таатай нөхцөл бүрдүүлж чадсаныг илтгэн харуулж байна.

Нийгэмд таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өндөр татвар төлөхийг иргэд нь зөвшөөрдөг

Скандинавын орнуудад нийгмийн шударга ёсыг хангаж, авлига, хээл хахууль  байхгүй, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулдаг нь иргэдийн зүгээс өндөр хэмжээний татвар төлж, төрийн зүгээс ДНБ-ийхээ хагасаас илүүг төсөвтөө төвлөрүүлэн, дахин хуваарилах бололцоог олгодог байна.  Тухайлбал, Финляндад татварыг олон шатлалтай бөгөөд 25-65 хувиар,  Шведэд 22,1-56,9 хувиар, Норвегид 23-39 хувиар, Данид 20-55,8 хувиар төлдөг байна. Үр дүнд нь улсын төсөвт төвлөрөх  ДНБ-ий хэмжээ 2017 оны байдлаар  Данид 51,9 хувь, Норвегид 50,3 хувь, Шведэд 49,1 хувь, Финляндад 53,7 хувь болж байна.

Скандинавын орнуудад боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн үйлчилгээ бүх нийтэд хүртээмжтэй өндөр түвшинд хөгжсөн байдаг

Улсын төсвийн орлогын нэлээд хэсэг нь иргэдийн нийгмийн үйлчилгээнд зарцуулагдаж, нийгэмд амьдрах таатай нөхцөл бүрдүүлдэг учраас хүмүүс өөр өөрийн эрхлэх ажилд хүч, анхаарлаа төвлөрүүлж, ирээдүйн төлөө айдасгүй амьдрах бололцоог бүрдүүлдэг байна. Эдгээр оронд эдийн засгийн гол өндөрлөгүүдийг төрийн мэдэлд барьж, ажлын байрны нэлээд хэсгийг хангадаг ажээ. Тухайлбал, улсын сектор Шведэд ажлын байрны 32 хувийг, Дани, Норвегид 30 хувь, Финляндад 25 хувийг бий болгосон.

Скандинавын орнуудад боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүйгээс гадна иргэддээ нийгмийн халамжийн олон үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, хүүхэд төрсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн зэрэгцээ залуус  байртай болоход хүртэл төрийн зүгээс санхүүгийн туслалцаа үзүүлдэг байна.

Төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээний баталгаа нь улсын төсвөөс гадна баялгийн, тэтгэврийн зэрэг сангууд болж байна. Норвегийн тэтгэврийн санд баялгийн орлогоос 1 их наяд ам.долларын хөрөнгө хуримтлуулсан нь дэлхийд  хамгийн том баялгийн санд тооцогддог байна.

Аз жаргалын индексээр Финлянд, Норвеги, Дани, Исланд улсууд эхний дөрвөн байрт жагсаж байна. Эдгээр оронд дундаж нас бусад орныхоос өндөр байгаа нь ажиглагддаг.  Швед, Норвегид дундаж нас 82, Финлянд, Исландад 81, Данид 80,7 байна.

Дүгнэж хэлэхэд, Скандинавын орнуудын прагматизмын эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ нийгмийн амьдралын баталгааг хангах, орлогын тэгш хуваарилалтыг хийх, нийгэмд шударга ёсыг тогтоох зэрэг амьдралаар батлагдсан туршлагаас Монголын нөхцөлд тохирохыг нь авч нэвтрүүлэх нь монголчуудад тустай хэмээн үзэж байна.

… Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө гэсэн үг бий. Нийтээрээ тунгаана биз ээ.

УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж