ХБНГУ-ын Берлин хотноо ирэх гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд дэлхийн 190 орны 10,000 гаруй аялал жуулчлалын салбарынхныг нэгтгэх “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болох билээ.
Монгол Улс энэ үзэсгэлэнд анх удаа Албан ёсны түнш орноор оролцох гэж буйтай холбогдуулан “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ болон ITB Berlin үзэсгэлэнг зохион байгуулагч Германы Messe Berlin байгууллага хамтран 2 сарын 18-ны өдөр Берлин хотноо нээлтийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд "Messe Berlin”-ий дэд ерөнхийлөгч Мартин Бук, "ITB Berlin” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн дарга Дэвид Рютц, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, "АЖИ" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Индраа, төслийн менежер Б.Эрдэнэчимэг нар оролцож Монгол орны тухай танилцууллаа. Монгол улс жуулчлахад хамгийн таатай орнуудын нэг, тиймээс энэхүү үзэсгэлнгийн үеэр сайтар сурталчилж аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ.
Германы 100 гаруй сэтгүүлч оролцсон тус хэвлэлийн хурлын үеэр Монголын ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлбэр зэргийг толилуулжээ.
1966 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн энэхүү үзэсгэлэнг энэ жил Европын улс орнуудаас төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 170000 гаруй хүн үзэж сонирхох тооцоотой байгаа бөгөөд манай улсын аялал жуулчлалын компани болон төр засгийн өндөр дээд хэмжээний төлөөлөл оролцох төлөвлөгөөтэй байна.
Энэхүү үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор, Монгол улс эдийн засгаа олон тулгууртай болгон,”солонгоруулах” чиглэлд томоохон алхам болно гэсэн хүлээлт гадаад дотоодын ажиглагчдын дунд байна.
Т.ДАРХАН