Талархлын баяраа буудалцаанаар угтаж буй Америкчууд

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Талархлын баяраа буудалцаанаар угтаж буй Америкчууд

Талархлын баяраа буудалцаанаар угтаж буй Америкчууд

Эрх чөлөөний орон АНУ-д энэ долоо хоногт “Талархлын баяр”-ын өдөр тохиож байгаа. Уламжлал ёсоор жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт “Талархлын баяр”-ыг тэмдэглэн улс орон даяараа дөрвөн өдөр дараалан амарч хөгжилддөг билээ. Харин энэ жилийн хувьд АНУ баярын долоо хоногоо буудалцаанаар эхлүүлж, тус улсын дөрвөн мужид галт зэвсэгтэй холбоотой хэргүүд гарлаа.  Нийтдээ 10 хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ. Энэ мэт хэргүүд АНУ-д сардаа хэд хэдэн удаа гардаг гэхэд хилсдэхгүй. Иргэдийнх нь үзэж байгаагаар энэ бүхний хамгийн том буруутан нь галт зэвсгийн чөлөөтэй хэрэглээ гэв.

АНУ-д иргэдийн галт зэвсэг эзэмших эрх бүр XVIII зуунд буюу 1791 онд Үндсэн хуульд хоёр дахь удаагийн засвар оруулахад нээгдсэн юм байна. Муж тус бүр өөр өөрийн галт зэвсгийн тухай дүрэм, журмыг дагаж мөрддөг. Сэтгэцийн хувьд эрүүл, эрх зүйн чадамжтай, насанд хүрсэн америк хүн бүр зэвсэг эзэмших эрхтэй.

СТАТИСТИКИЙН БАРИМТУУД

 

2016 оны байдлаар, АНУ-ын хэмжээнд иргэдийн гар дээр 270 сая галт зэвсэг бий гэсэн тоо байдаг. Энэ нь 100 хүнд 89 буу ноогдож байна гэсэн үг. Жилд дунджаар 22 сая хүн галт зэвсэг эзэмших хүсэлт гаргадаг. Нэг жилийн дотор тус бүр нь 200-300 ам.долларын үнэтэй 10 сая ширхэг галт зэвсэг зарагддаг ба зөвхөн олон сум гаргадаг автомат төрлийг л хориглодог. Энэ бүхнийг дагаад галт зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас  амь алдагсдын тоогоороо ч  АНУ дэлхийн хэмжээнд  нэгдүгээр байранд орж байгаа юм.  Ер нь АНУ-д өдөрт дунджаар галт зэвсгээр амиа хорлосон 53 тохиолдол гардаг байна.  Харин галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэх гэсэн оролдлого хамгийн багадаа өдөртөө 300 гаруй гардаг аж. Жил бүр галт зэвсгийн улмаас хэдэн арван мянган хүн амь үрэгддэг ба зөвхөн 2011 онд гэхэд 32 мянга орчим хүн галт зэвсгийн улмаас амиа алдсаны гурван мянга нь хүүхдүүд, 12 мянга нь гэмт хэргийн золиос, 18 мянга нь амиа хорлосон, 600 нь болгоомжгүйгээс амь насаа алдсан байна. Мөн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн ихэнх нь өс хонзонгийн сэдэлтэйгээр, урьдчилан төлөвлөж тухайн хэргийг үйлдсэн байдаг ажээ.

ГАЛТ ЗЭВСГЭЭР ТЭРГҮҮЛДЭГ МУЖУУД

Галт зэвсэг эзэмшдэг хүний тоогоороо АНУ-ыг  Техас муж тэргүүлдэг байна. Холбооны мөрдөх товчоонд сүүлийн 12 сарын хугацаанд тус муж дахь галт зэвсгийн захиалгын 1.6 сая лавлагаа бүртгэгджээ. Харин жагсаалтын хоёрдугаарт Кентукки муж оржээ. Тус мужийн 1,5 сая оршин суугч Холбооны мөрдөх товчооны “NICS” буюу галт зэвсэг худалдан авахаас өмнө бүртгүүлэх системд бүртгэлтэй аж. 2012 онд бүс нутгийн оршин суугчид ямар ч зэвсэггүй байсан бол өнөөдөр зэвсэг эзэмшдэг хүний тоогоороо улсдаа тэргүүлж байна. Галт зэвсгийн эрэлт хэрэгцээ өндөртэй мужийн тоонд  Калифорни мөн багтдаг.   АНУ-ын нийт мужийн 31-д нь бусдад харагдуулахгүйгээр биедээ галт зэвсэг авч явах, зарим нь гэртээ хадгалахыг зөвшөөрдөг. Түүнчлэн зарим мужид заавал буу эзэмших ёстой гэсэн хууль байдаг юм. Тухайлбал Жоржиа мужийн оршин суугч бүр гэртээ гар буутай байхыг мужийн хуулиар үүрэгджээ. Харин Аляска, Вермонт зэрэг мужид галт зэвсэг худалдан авах, биедээ авч явахад ямар ч тусгай зөвшөөрөл шаардлагагүй, хязгаарлалт байхгүй. АНУ-д галт зэвсэг худалдаалах зөвшөөрөлтэй 130 мянга орчим аж ахуйн нэгж байдаг. Энд барьцаалан зээлдүүлэх газар, цуглуулагчид, худалдаачид орж байгаа юм.

ГАЛТ ЗЭВСЭГ ЧӨЛӨӨТЭЙ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ ЭСВЭЛ БУРУУ

Галт зэвсгийн хэрэглээ болон галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй гэмт хэргийн гаралт АНУ-ын эрх баригчдын толгойны өвчин болоод байна. Галт зэвсэг чөлөөтэй эзэмших асуудал дээр Америкчууд хоёр хуваагдан талцдаг. Нэг нь мэдээж галт зэвсгийг иргэд чөлөөтэй ашигласнаар энэ төрлийн гэмт хэргийн тоо өсч, олон гэмгүй хүмүүс гэмт хэргийн золиос болж байгаа явдал. Харин нөгөө хэсэг нь галт зэвсэггүй бол иргэд биеэ хамгаалах чадваргүй болж, гэмт хэргийн тоо улам нэмэгдэж, хохирогчдын тоо ч мөн өснө гэж үздэг. Жилд зүй бусаар амиа алддаг хүмүүсийн дотор галт зэвсгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэг хувь ч хүрдэггүй. Үүний дээр статистик мэдээнээс үзвэл АНУ-ын галт зэвсэг чөлөөтэй эзэмших эрхийг чөлөөлсөн мужуудад гарч байгаа онц ноцтой гэмт хэрэг, түүний дотор галт зэвсэг хэрэглэсэн эрүүгийн гэмт хэргийн тоо нь буу чөлөөтэй эзэмшихийг хориглосон мужуудаас бага байдаг. Өөрөөр хэлбэл, иргэ­дэд буу чөлөөтэй эзэмшихийг зөвшөөрөх нь онц ноцтой хэрэг буурахад нөлөөлдэг нэг хүчин зүйл болдог. Дээрэмдэх гэсэн хүн нь буутай байж болох тул дээрэмчид тэр бүр дайрч зүрхэлдэггүй гэсэн үг.
Буу чөлөөтэй эзэмшихийг дагалдан үүсдэг энэ нөлөөг олон орон ашигласан байдаг.Жишээлбэл, Бразиль. Энэ ул­сад буу хэрэглэсэн гудамж­ны дээрэм маш их гардаг. Иймд Засгийн газраас буу чөлөөтэй эзэмшихийг хориглох талаар санал асуулга явуулахад санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь хориод хэрэггүй гэжээ. Эрх баригчид зэвсгийн хууль бус наймаа, гудамжны дээрмийг зогсоож чадахгүй байж эн­гийн номхон хүмүүсийг эсэр­гүүцэх зэвсэггүй болгож гар му­харлах гэлээ гэж асуудлыг хүлээж авсан байна. Австралид 1996 онд Засгийн газар нь галт зэвсэг чөлөөтэй хадгалах, авч явахыг хориг­лосны дараа зэвсэгт дээрмийн хэрэг ганц жилийн дотор 59 хувиар нэмэгдсэн байдаг. Их Британид буу чөлөөтэй эзэм­ших, хадгалахыг 1997 онд хориглосноор дээрмийн хэргийн тоо 101 хувь нэмэгдсэн байна. Германд галт зэвсэг эзэмших, чөлөөтэй хадгалахыг зөвшөөрдөг болохоор иргэ­дийн гар дээр албан ёсоор 10 сая гаруй буу байдаг. Албан ёсны зөвшөөрөлтэй бууны тоо нэмэгдэхийн хэрээр зэвсэг хэ­рэгл­эсэн гэмт хэргийн тоо 20 жилийн дотор 60 хувь буурсан гэсэн үзүүлэлт ч байдаг. Энэ мэтээр иргэддээ буу чөлөөтэй эзэмших, хадгалах эрхийг зөвшөөрөх эсэхийг тойрсон маргаан их ээдрээтэй.

ОБАМА АНУ-ЫН ТҮҮХЭНД ЗЭВСГИЙН ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТ ХИЙСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн онд АНУ-д зэвсгийн худалдааг хориглоно гэж байгаад илүү их борлуулалтад хүргэсэн. Украины хямралтай холбогдуулан АНУ ОХУ-ын эсрэг арга хэмжээ авсан билээ. Хориг арга хэмжээний хүрээнд Оросын Калашниковын АК-47 бууг импортлохыг хориглон, АНУ-ын нутаг дэвсгэрт худалдахыг хориглов.

Обамагийн засаг захиргаа ийнхүү шийдвэр гаргасны 36 цагийн дараа АК-47 бууны худалдан авалт дээд амжилт тогтоов. Зэвсийн наймаачид Обамад хамгийн сайн борлуулалтын менежер хэмээн хошигнож байв. Америкт Оросоос жилд 100 мянган ширхэг АК-47 орж ирдэг байсан гэнэ. Түүнчлэн Обамаг АНУ-ын түүхэнд хамгийн их зэвсэг борлуулсан ерөнхийлөгч хэмээн нэрлээд байна. Учир нь тэрбээр Үндсэн хуулийн хоёрдугаар өөрчлөлтөд нөлөөлөх хуулийн төсөл санаачлах болгонд зэвсгийн эрэлт илт өсдөг байжээ.

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ОНЦЛОХ ХЭРГҮҮДЭЭС ДУРДВАЛ:

  • 1999 онд ахлах сургуулийн хоёр сурагч сургууль дээрээ гал нээж 13 хүүхдийн аминд хүрч, 37 шархдуулаад сүүлд нь хоёулаа амиа хорлосон.
  • 2007 онд Виржиний политехникийн их сургуульд солонгос гаралтай оюутан Сын Хи Чо гэгч нь гал нээж 32 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулсан.
  • 2010 онд Алабамагийн их сургуулийн багш, профессор Эми Бишоп хурлын үеэр хамт ажиллагсад руугаа гал нээж гурван хүний аминд хүрсэн.
  • 2012 оны наймдугаар сарын 5-нд Уэйд Майкл Пэйж гэгч арьсны өнгөөр ялгаварлагч этгээд Сикхүүдийн сүм рүү дайран орж гал нээн зургаан хүний аминд хүрсэн. Энэ хэргээс хоёр өдрийн дараа Детройт хотын усан боомтод нэгэн эмэгтэй зүгээр явж байсан хүмүүс рүү буудаж долоон хүнийг хүнд шархдуулсан.
  • 2012 оны долдугаар сард Бэтмений адал явдлын тухай шинэ киноны нээлтийн үеэр Жеймс Холм гэгч этгээд урьдаас бэлтгэж кино театрт дайран ороод үзэгчдийг буудаж 12 хүний аминд хүрч 59 хүнийг шархдуулсан.
  • 2017 оны аравдугаар сарын 1-ны өдөр Лас Вегас хотноо Степен Паддок гэх эр 22 мянга гаруй хүн цугласан “Route 91 Harvest Festival” тоглолтын үеэр гэнэт галт зэвсгээр шүршиж эхэлснээр 59 хүн амиа алдаж, 527 хүн гэмтэл бэртэл авсан юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлага болсон.
  • 2018 оны аравдугаар сарын 27-нд Питсбург хотын еврейчүүдийн сүмд зэвсэгт этгээд халдаж, мөргөл үйлдэж байсан 11 хүний амийг хөнөөж зургаан хүнийг шархдуулсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж