Монгол Улс олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний 50 жил, олимпийн аваргатай болсны 10 жилийн түүхэн тэгш ой энэ онд тохиож байна. Мөн Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ой давхцаж байна. Тэгвэл энэхүү түүхэн ойд томоохон бэлгийг барьсан боксчин бол эмэгтэй боксчдоос анхлан дэлхийн медальтан болсон Мягмардуламын Нандинцэцэг билээ. Тэрбээр эдгээр өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ий хүрэл медалийн болзлыг хангаж, маргааш /2018.11.22/ мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.
54 кг-д өрсөлдөж байгаа М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм. Өчигдөр /2018.11.20/ “Рио 2016” олимпийн наадамд өрсөлдсөн Мароккогийн Зохра Захроутай тулалдаж, 5:0-оор ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдсэн. М.Нандинцэцэгийн өрсөлдөгч олимп, дэлхийн аваргад хүчтэй өрсөлдөгч болсон өөрөөс нь таван насаар эгч байсан ч тэр илүүрхэж чадлаа.
М.Нандинцэцэгийн дараагийн өрсөлдөгч 2016 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Лондон 2012” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Болгарын Стойка Петрова юм. Хоёр боксчин маргааш тулалдаж, ялалт байгуулсан нь мөнгөн медалийн болзол ханган цааш алтан медалийн төлөө тулалдана.
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д 73 орон оролцож байгаагаас 33 орон медалийн төлөөх өрсөлдөөнийг хийсэн. Тэгвэл 21 орны тамирчид медалийн болзол хангасан бол тэдний дунд Монголын М.Нандинцэцэг багтаж чадлаа.
Энэ жил 30 настай М.Нандинцэцэг Эрдэнэт хотод төржээ. Тэрбээр айлын том бөгөөд хоёр дүүтэй аж. “Манайх аз жаргалаар дүүрэн тийм л нэг энгийн айл. Аав, ээжийнхээ гэгээн хүсэлд би ялалтаар бэлэг барихыг үргэлж боддог. Тийм учраас энэ спортоо хаяж чадаагүй. Үргэлж урагшилж, амжилтаа ахиулахыг хичээж явна” гэж хоёр жилийн өмнө хэлж байсан М.Нандинцэцэг өнөөдөр дэлхийн медальтан боллоо.
М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэж, “Хангарьд” клубын тамирчин болоод 15 жилийг үджээ. Түүний анхны багш Л.Энхбаатар бөгөөд сүүлийн жилүүдэд шигшээ багийн дасгалжуулагч нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
М.Нандинцэцэг насанд хүрэгчдийн УАШТ-д 11 удаа түрүүлж, “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. 2008 оны ДАШТ-д анх 48 кг-д өрсөлдөж байсан бол 2012 оноос эхлэн 51 кг руу орсон байна.
2018 оны ДАШТ-д боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал нараар удирдуулсан долоон тамирчин Энэтхэгийг зорьсноос 54 кг-д М.Нандинцэцэг ганцаараа медалийн болзол хангалаа.
М.Нандинцэцэг маргааш ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Стойка Петроватай медалийн өнгөө хувиргах тулааныг хийх юм.
Холбоотой мэдээ