"ЖДҮ-ийн зээлийг сонирхож үзсэн, авч чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

"ЖДҮ-ийн зээлийг сонирхож үзсэн, авч чадаагүй"

"ЖДҮ-ийн зээлийг сонирхож үзсэн, авч чадаагүй"

Загвар, урлагийн салбарт “Hаute Couture” чиглэлийг хөгжүүлж, үнэ цэнэтэй тансаг даашинзуудыг урладаг Азийн шилдэг дизайнер, СТА  Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоу жил бүр зохиогдсоор ирсэн. Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дараалан хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид тус шоуг зорин шинэ жилийн гоёлын даашинзын чиг хандлагаа тодорхойлдог. Тэгвэл энэ жил “O Couture-2019 high fashion show” арванхоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахаар болсон байна. Тус шоу болон загварын ерөнцийн талаар загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.


"O COUTURE” БРЭНДЭЭ ДЭЛХИЙД ГАРГАНА

-Таны гэргий Д.Отгонжаргалыг чадварлаг дизайнер гэдгийг хүмүүс мэднэ.  Голдуу үдшийн гоёлын даашинзаар дагнадаг.  Шинэ жилийн баярын өмнө “O Couture high fashion show" бүсгүйчүүдийн хүлээлт дагуулдаг. Энэ удаа  ‘Wonderland’ collection”-оороо сюрпириз барина гэлээ. Тэгэхээр эндээс яриагаа эхэлье?

-Гэргий маань жил бүрийн оны сүүлийн сард тухайн жилдээ хийсэн ажлаа “O couture” шоугаараа тайлагнадаг болоод таван жил болж байна. "O Couture High Fashion Show"-гаа энэ жилийн хувьд  ‘Wonderland’ collection” нэртэйгээр зохион байгуулахаар болсон. Учир нь  "O Couture High Fashion Show"-гаа нэг хэсэгтээ Монголдоо хийхээргүйгээр завсарлаж байгаа учраас өмнөх жилүүдээс нэлээд өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн байгаа

-‘Wonderland’ collection”-ны нууцаас бага зэрэг задалж болох уу. Сар гаруйхны дараа шинэ жил болох учраас бүсгүйчүүд бол танай шоуг тэсч ядан хүлээж байгаа байх?

-‘Wonderland’ collection”-оороо бүсгүйчүүдийг бяцхан охидын ертөнцөөр аялуулж, энхрий бяцхан охидын мөрөөдлийн гоо үзэсгэлэнг илэрхийлнэ. Хоёр ертөнцтэй үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулсан шоу болно. Учир нь, бүсгүй хүн бүрийн дотор хайр, энхрийлэл хүссэн бяцхан охин оршиж байдаг. Бяцхан охид бүрийн дотор гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн оршиж байдаг учраас үүнийг шоугаараа илэрхийлэхийг зорьж байгаа. Охид бүсгүйчүүд маань өөрсдийгөө гоёлын даашинзтай гүнж мэтээр төсөөлдөг. Энэхүү төсөөлөлт ертөнцийг бид шоугаараа бодит болгохыг зорьж байна. Нэг ёсондоо бүсгүйчүүдийнхээ мөрөөдлийг биелүүлж, мөрөөдлийнх нь даашинзуудыг толилуулсан Wonderland буюу үлгэрийн гайхамшигтай орчинд очсон мэт мэдрэмжийг илэрхийлсэн гоёлын, тансаг даашинзуудаа ‘Wonderland collection”-ныхоо үеэр дэлгэнэ. Бусдыг нь ирж үзээрэй.

-‘Wonderland’ collection”-ийн шоу бүсгүйчүүдийг хүүхэд насанд нь хүргэж өгөх юм байна гэж ойлголоо. Харин шоуны үеэр танилцуулах даашинзнуудын трэнд нь юу байх вэ?

-Шоуны үеэр даашинзны 70 гаруй загвар танилцуулна. ‘Wonderland’ collection”-ныг ерөнхийдөө үндсэн гурван хэсэгт хувааж болно. Хамгийн эхэнд охидын даашинзны загвар танилцуулагдана.  Хагас бөмбөгөр хормойтой сиси даашинз зонхилно. “O Couture" брэндийн гол онцлог гар ажиллагаатай дахин давтагдашгүй гоёлын даашинзыг урладагт байдаг. Эхнэрийн маань шоуг ивээн тэтгэж байгаа Sky Garden Residence, Голомт Банк, Nissan /MN/, Aero Mongolia LLC, InterCharm Beauty Residence, LORIBLU Mongolia The Diamond House, Biomon Organic Beauty Product, KOREA OPTIC Mongolia, Zaisan Hill Event Hall, Нийслэлийн үйлдвэрлэл, Инновацийн газар, Гэр контент группийн хамт олонд баярлаж яваагаа энэ дашрамд илэрхийлье.

-Та түрүүнд “O Couture high fashion show"-г нэг хэсэгтээ Монголдоо зохион байгуулахгүй гэлээ. Яагаад?

-Тийм ээ. "O couture” брэндийн дэлгүүрээ Хөх хотод нээснийг манай харилцагч нар сайн мэдэж байгаа. Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд Хубилай хааны Чамбай хатны нэрээр нэрлэсэн “Cabi” брэндээ гаргаж, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийж байсан. “Cabi” брэндийн нээлтийн шоунд Summer, autumn 2017 collection болон шинэ жилийн "O Couture High fashion show" гэсэн гурван коллекцоос бүрдсэн 60 гаруй загвар танилцуулагдсан. Өвөр монголчууд маань халуун дотноор угтаж авсанд туйлын их баяртай байна. Одоо арванхоёрдугаар сарын 15-нд Хөх хотын Чингис хаан үзэсгэлэнгийн танхимд хоёр дахь fashion show-гаа хийхээр ажиллаж байна. Өвөр Монголд манай брэнд маш амжилттай борлуулагдаж  байгаа. Учир нь, Хятадын зах зээл манай Монголынхоос том. Нээлттэй эдийн засагтай ийм орон. Тэр ч утгаараа бүх зүйл нь тодорхой хэмжээгээр төр засгийн бодлого, дэмжлэгээр явагддаг. “Cabi” брэндийг маань Өвөрмонголын Засгийн газраас маш их сонирхож байгаа. Бид хоёр 2019-2020 онд Бээжингийн зах зээл дээр брэнд дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа. Хэрвээ Бээжингийн зах зээлд амжилттай гарч  чадвал Өвөр Монголын Засгийн газраас дэмжихээ илэрхийлсэн.

-“O Couture high fashion show"-г танай гэр бүлийн загварын  шоу гэж ойлгож болох уу?

-Үгүй. Энэ бол гэр бүлийн шоу биш. Хүмүүс тэгж боддог.  Би загвар өмсөгч, эхнэр маань  дизайнер.  Энэ чиглэлээрээ арав гаруй жил багшилж байсан. Манай гэр бүлийн шоу гээд хэлчих юм бол олон жилийн хичээл хөдөлмөрөө үгүйсгэж байгаатай ялгаагүй. Яагаад гэвэл, энэ шоу маань өөрөө маш өндөр өртөгтэй болдог. Luxury, High fashion хийх гэж бид хоёр жил бүр зорьдог. Үүний цаана асар их ажил, нарийн менежмент, маркетинг, маш их төсөв, санхүү зарцуулагддаг. Ний нуугүй хэлэхэд, шоунаасаа ашиг олно гэж байдаггүй. Тэгэхээр сайн дурын үйл ажиллагаа гэж хэлж болно. Мөн үүнээс гадна салбартаа хөрөнгө оруулах, залуусынхаа нүдийг баясгахыг зорьдог. Хувцас, загвар нь өөрөө маш том салбар. Манай Монголын хувьд хувцас загвар сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд харьцангүй хөгжиж байна. Олон жилийн үүх түүхтэй хувцас загварын суурин дээр бид шоугаа хийдэг гэвэл бас үгүй. Бүр энэ салбарыг тэгээс нь эхлүүлж байгаа. Зөвхөн манай “O Couture” брэнд гэлтгүй бусад брэнд, хувь уран бүтээлчид, дизайнерууд бор зүрхээрээ л Монголын хувцас загварын салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Эхнээсээ шантрах нь шантраад, энэ салбартаа үлдэх нь үлдсэн.

 Монгол үндэсний  “O Couture”, “Cabi”  брэндийг Өвөр Монголын Засгийн газар дэмжих гээд явж байгаа нь нэгэн бодлын эмгэнэл, мөн завшаан.

-Үндэсний үйлдвэрлэгч маань  гадаадын зах зээлд гарахаар явж байгаа нь баярламаар ч ингээд үндэсний үйлдвэрлэгчээ бусдад алдах харамсалтай юм аа?

-Бид зүгээр нэг дэлхийн алдартай брэндийг өөрийн мөнгөөр эсхүл зээлээр худалдаж аваад брэндинг, менежмент хийгээгүй юм аа. Монгол бүтээгдэхүүн, монгол дизайнер, монгол үйлдвэрлэгч цаашлаад Монголдоо нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгож, монгол хүний оюун ухааныг Монголдоо болон олон улсад таниулах зорилготой ийм брэндийг гаргаж ирсэн. Мэдээж, асуудал мундахгүй гарна. Үйлдвэрлэгч хүмүүсийн зовлонг үйлдвэрлэгч хүмүүс нь л ойлгодог. Түүхий эд, материал, тоног төхөөрөмж, байр, орон сууц, хөдөлмөрийн зардал, тогтвортой хүний нөөц гээд олон асуудал бий.  Өнгөрсөн хугацаанд бид хоёр  Монголын загварын салбарыг өөрчлөн хөгжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн  сэтгэл зүрх, тэмүүллээрээ л өнөөдрийг хүртэл явж ирсэн. Түүнээс биш энэ шоугаа  хийснээрээ шууд бодит үр өгөөж байхгүй. Залуустаа загварын гоё шоу үзүүлж, итгэл, урам зориг өгье. Магадгүй шоугаар дамжуулаад төрийн дарга, цэрэг мундаг хүмүүс нь хараад залуучууд нэг ийм зүйл хийгээд байгаа юм байна гэдгийг ойлгуулахыг л хүссэн. Төр засаг маань биднийг   30-40 хүнийг амьдралтай нь, хоолтой нь залгуулаад явж байгаа үйлдвэрлэгч юм байна. Цаашилбал “Made in Mongolia” гэсэн тэмдэгтэй бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах боломжтой юм байна гэдгийг олж харах болов уу гэсэндээ өнөөдрийг хүртэл зүтгэлээ.  ЖДҮСХ-гээс зээл өгөх ч юм билүү гэж горьдсон.

-ЖДҮХС гэснээс УИХ-ын зарим гишүүн өөрийн болон хамаарал бүхий компанидаа хэдэн зуун сая, тэрбум, тэрбумаар нь  зээл авсан асуудал нийгэмд нилээд бухимдал төрүүлж байна. Танай гэр бүлийн хувьд ч гэсэн  энэ төрлийн бизнес эрхэлдгийн  хувьд гомдолтой л байх шиг?

-Тэгэлгүй яахав. Эхнэр, бид хоёрын хувьд хэд хэдэн удаа ЖДҮХС-ийн зээлийг сонирхож үзсэн. Гэхдээ зээл авч чадаагүй л дээ. Бид хоёр энэ сангаас одоохондоо зээл авах боломж байхгүй юм байна гэдгийг ойлгосон гэх үү дээ. Боломжгүй гэдэг нь манай байгууллага хүмүүст хэрэггүй юм хийгээд байгаадаа биш, нөгөө танил тал, түлхүүртэй байж авдаг зээл юм билээ. Бор зүрхээрээ яваа жижиг дунд үйлдвэрлэгч бидний хувьд ЖДҮХС бол цоожтой сан байсан. Харамсалтай нь, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хатуу шаардлага тавьдаг энэ сангийн ард ямар хулгай, луйвар  байсныг бүх монголчууд, улс даяараа, хүн болгон мэдэж авлаа шүү дээ. Энэ сангийн мөнгө хэнд очдог байв, хэн авдаг байв гэхээр том том групп компаниуд, тэрбумтанууд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, төрийн том албан тушаалтнууд нь авдаг байсан байна.

ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ ТЭМЦЭЭНДЭЭ МАШ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙСАН

-Э.Энхболдын хувьд "МNTM" шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж байгаа. Тантай уулзаж байгаагийнх нийгэмд нэлээд дуулиан тарьсан загвар өмсөгчийн амиа алдсан хэргийн талаар асуумаар байна, уучлаарай. "МNTM" шоу нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн үхлийн шалтгаан өнөөг хүртэл тодорхой бус байгаа. Нэг салбарын хүний хувьд маш хүнд эмзэг мэдээ байсан болов уу?

-Зөвхөн надад төдийгүй телевизийн баг, загварынхан, цаашилбал Өвөр монголчуудад хүртэл эмзэг туссан. Өвөр Монголд энэ шоуг шимтэн үздэг. Ямар ч байсан хэргийн шалтгаан, үнэн мөнийн талаар миний хувьд мэдээлэлгүй байна. Үүнийг хууль ёсны зохих байгууллагууд нь эцсийн байдлаар өгөх байх. .Ч.Чамин-Эрдэнэ маш ирээдүйтэй модель байсан. Тэмцээндээ маш амжилттай оролцож байсан. Сайн модель байсан. Үнэхээр харамсалтай байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.

-Амиа хорлосон байж болзошгүй гэдэг таамаглал олон нийтийн дунд  хөвөрч байна л даа.  Талийгаач ямархуу араншинтай бүсгүй байсан бэ?

-Хэлж мэдэхгүй юм.  Би ах дүү, амраг садан, гэр бүлийнх нь  хүн  биш шүү дээ. Ямар ч байсан манай агентлагийн  төдийгүй Монголын загварын ертөнцөд ирээдүйтэй модель гэдгээр би талийгаачийг мэднэ.  Дэлхийн хэмжээний шоуны үндсэн шүүгчээр анх удаа л ажиллаж байна. Тиймээс оролцог охид болгонтой шүүгчийн байр сууринаас хандахаас өөр аргагүй.  Хүмүүс асууж байна л даа, талийгаач сүүлийн үед ямар байсан бэ гэж.  Үнэндээ ямаршуу байсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хамгийн эмзэглэж байгаа зүйл бол монголчууд үхсэн хүний ясыг өндөлзүүлэх дургүй. Талийгаачийн тухай мэдэх, мэдэхгүй хүн болгон л ам уралдан ярьж, ямар ч үндэслэлгүй мэдээллээс пост хийж, хэн нэгэн рүү дайрч, давшилж, янз бүр болж байна. Үнэнийг хэлэхэд моделиудыг дандаа л сөргөөр ярьдаг. Тиймээс би амьддаа бие биенээ хайрлая гэдэг үгийн энд заавал хэлмээр байна. Ер нь бол  Монголын нийгэмд ёс зүйн хэм хэмжээ дээд зэргээр алдагдчихсан. Дээрээ ч, доороо ч тэр. Ёс зүй гэж юу болохыг бараг мэдэхгүй. Хэмжээ, хязгааргүйгээр бие бие рүүгээ дайрч доромжилдог. Бүх талаас нь шүүмжлэгч болдог.

Талийгаач шоуны шилдэг гуравт үлдсэн байсан гэл үү?

-Энэ бол нэвтрүүлгийн нууц. Ямар ч байсан амжилттай оролцож байсан. Нэвтрүүлгийн шинэ дугаар өнгөрсөн амралтын өдөр  дахиад гарч эхэлсэн байгаа. Ар гэрийнхэн нь талийгаачийн  нэвтрүүлгийн дүрсийг хасахгүй байхыг нэвтрүүлгийн багийнхнаас хүссэн. Энэ нь  ч зөв. Талийгаачийн хамгийн сүүлд бүтээсэн дүр нь шүү дээ. Талийгаач энэ нэвтрүүлэгт нэр төртэйгөөр оролцсон. Талийгаачийн шоунд оролцсон үеийн тэр дүр нь хайртай хүн бүрийнх нь сэтгэлд тэр хэвээрээ үлдээсэй гэж хүсч байсан. Энэ ч үүднээс нь гэр бүлийнхэн нь дээрх шийдвэрийг гаргасан байх.

-Ер нь загвар өмсөгч залуучууд, бүсгүйчүүдийн сэтгэл зүй маш хүнд байдаг гэсэн яриа бий. Гаднаас та бүхэн рүү тийм их дайралт ирдэг юм уу. Та энэ салбарт  олон жил ажилласан, Монголын шилдэг загвар өмсөгч хүн учраас асууж байгаа юм шүү. Таныг энэ хүртэл явахад ямар нэгэн бэрхшээл, дарамт хэр байсан бэ?

-Маш зөв асуулт асуулаа. Тийм, моделиуд руу маш их дарамт, шахалт ирдэг. Загварын салбар амар хялбар биш ээ. Хувцас нөмрөөд л амжилтад хүрчихдэг юм биш. Ялангуяа манайх шиг хөгжиж байгаа орны хувьд бол маш хэцүү салбар. Гоё сайхан байна гэдэг сүүлдээ бүр буруутан болж байна шүү дээ. Манай нийгэм өөрөө бүдүүлэг. Яах аргагүй л хөгжиж байгаа, буурай орны л нэг илрэл байхгүй юу. Жишээ нь, гудамжаар сайхан хүүхэн явахад хэдэн залуучууд араас нь орилолдоод, шүгэлддэг, ийм л  бүдүүлэг нийгэм. Эсвэл аятайхан залуу явж байвал өөрийнх нь өрсөлдөгч юм шиг дайрч доромжлоод л. Бараг барьж аваад зодчих нь холгүй байх нь элбэг шүү дээ. Би өөрөө энэ салбарын дотор нь байгаа, зовлон жаргалыг нь биеэрээ мэдэрч яваагийн хувьд хэлж байна. Бид чинь уг нь бие биенийгээ хайрлах ёстой хүмүүс. Монголчууд бид цөөхүүлээ, хамтдаа байвал хүчтэй гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ үүнийхээ эсрэг. Тэгэхээр яах аргагүй Монгол хүний төлөвшил боловсрол, хандлага гэх юм уу бүх юм нь зөв байх хэм хэмжээ нь алдагдчихсан байна л гэж би хардаг.

-Нөгөө талаар загварын өмсөгчдийн нэр хүндийг салбарын зарим хүмүүс унагадаг нь худлаа биш шүү дээ?

-Үүнийг үгүйсгэхгүй. Тодорхой хүмүүсийн үг, үйлдэл энэ салбарыг муухай болгосон байх талтай. Тэглээ гээд энэ салбарын бүх хүн тийм биш шүү дээ. Загварын салбар гэхээрээ л бүтэхгүй, балиар, хамаг муу муухай шингэчихсэн, хоосон толгойтой, царайнаас цаашгүй өлгүүрүүд байдаг юм уу гэвэл үгүй шүү дээ. Тэд аавтай бол аавтай. Ээжтэй бол ээжтэй. Эрдэм номтой, дунд сургууль, дээд сургууль төгссөн, адилхан мэргэжил боловсрол, өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцтэй. Мөн бусад шиг найз нөхөд, хүрээлэлтэй, хайртай үнэт зүйлтэй хүмүүс. Надад анх загварын салбарт орж ирэх хэцүү, хүнд байсан. Гэвч, хүн дуртай зүйлээ орхиж чаддаггүй юм билээ. Загвар өмсөх бол ажил, бүр мэргэжил, мэргэшил ч шаарддаг. Гоё сайхан бие хаатай, зүс царайтай болгон загвар өмсдөггүй юм. Энэ салбар тэсвэр тэвчээр, авъяас  мэдрэмж мэргэшил шаарддаг.  Хүн бүхэн амьдралын төлөө өөрийнхөө хийж чадах бүхнийг хийх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж