Ц.Мөнх-Оргил: Ерөнхий сайд нийгмийг өдөөн турхирах эрхгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Засаг огцруулах асуудал

Ц.Мөнх-Оргил: Ерөнхий сайд нийгмийг өдөөн турхирах эрхгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тэрбээр ямар шалтгаанаар ийм үйлдэл хийх болсныг тодруулан хүргэж байна.


-Та ямар шалтгаанаар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан бэ?

-УИХ-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Эдгээр үндэслэлүүд тус бүр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хангалттай үндэслэл гэж би хувьдаа үзэж байгаа. Миний бодлоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон үүргээ ухамсарлахгүй байна. Энэ хүн саяхан чуулганы индэр дээрээс “Би ажлаа хиймээр,  шударга ёсыг тогтоомоор байна. Даанч Үндсэн хууль болохгүй байна, Үндсэн хуулийг өөрчилж өг, шүдгүй боллоо” гэж мэдэгдсэн. Иргэн хүний хувьд ямар ч мэдэгдэл хийж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын хууль, тогтоомжийг улс орон даяар хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө хүлээдэг хүн нь “Үндсэн хууль байгаа учраас би ажлаа хийж чадахгүй байна" гэж мэдэгдэх эрхгүй.  Ёс зүйн болоод хууль зүйн эрх байхгүй. Үнэхээр хууль тогтоомж нь болохгүй байгаа бол энэ хүн ажлаа өгөөд, Үндсэн хуулийг өөрчлөх ажилд ханцуй шамлан орж болно.

Ерөнхий сайд битгий хэл ямар ч төрийн албан хаагч  улсынхаа хууль тогтоомжид нийцэж ажиллах ёстой. Үндсэн хуульд улс орны нийгэм эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, гадаад дотоод бодлогоо зангидах гэх мэт маш олон үүрэг даалгавар Засгийн газарт оногдсон байдаг. Харин Ерөнхий сайдад хоёрхон үүрэг оногдож байгаа юм. Нэгд, Засгийн газрыг удирдах. Хоёрт, төрийн хуулийг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө биечлэн хариуцна.

Үүнээс гадна энэ хүн УИХ-ын индэр дээрээс “би УИХ-д хариуцлага тооцно” гэж мэдэгдэл гаргасан. Та Ерөнхий сайдын хувьд УИХ-д хариуцлага тооцохгүй, УИХ-аас танд хариуцлага тооцно гэхээр “үгүй, би Ерөнхий сайдын хувьд биш. Би намын даргын хувьд УИХ-д хариуцлага тооцно” гэж ярьж байгаа юм. Энэ бол том эндүүрэл. Магадгүй маш аюултай үр дагавартай мэдэгдэл байж болох юм. Энэ хүн нам төр хоёрыг ялгаж салгахгүй байна. Намын дарга төрийн байгууллага тэр тусмаа УИХ-д хариуцлага тооцож болдог юм шиг бодоод явж байна. Иймд бид Ерөнхий сайдад хандаж “нам төр хоёр нийлцсэн байсан үе бий. Одоо бол нам төр хоёрыг салгах хэрэгтэй. УИХ бол төрийн байгууллага. Нам бол ТББ юм. Ямар ч ТББ мундаг даргатай байлаа гээд төрийн байгууллагад хариуцлага тооцдоггүй” гэж хэлсэн. Тэгэхээр энэ хүн нам төр хоёрыг ялгахгүй байна.

Эцэст нь энэ хүн УИХ-ын индэр дээрээс “би ард түмнээс дэмжлэг хүснэ” гэж хэлсэн. Энэ нь юуг хэлээд байгааг одоо ойлгож эхэлж байна. Ер нь жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн, УИХ-д олонх бүрдүүлж байгаа намын дарга парламентаас гадуур улстөрийн тэмцэл хийх эрхгүй. Энэ нь хориотой зүйл юм. Иргэд хуулиараа тайван журмаар жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

Энэ мэт Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргаж байгаа учраас энэ хүн бол болохгүй юм байна гэж үзээд гарын үсэг зурсан. Засгийн газрын танхимд ажлаа сайн хийж байгаа сайд нар бий. Магадгүй ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсээ сэлгээд, цааш явах боломж байсан байх. Хамгийн гол нь Ерөнхий сайдад асуудал байна.

-Та гарын үсэг зурснаараа дахиж сайд болох сонирхол байгаа юм биш үү?

-Тийм зүйл огт байхгүй. Надад ямар ч албан тушаал амлаагүй. Надад тийм сонирхол алга. Миний болгоомжилж байгаа зүйл бол Ерөнхий сайд хүн Үндсэн хуулиар олгогдсон үүргээ мэддэг байх ёстой. Чандлан биелүүлдэг байх ёстой. Тэгэхгүй бол энэ улс оронд эмх замбараагүй байдал бий болно.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэд хэдэн гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ нь шударга зүйл мөн үү?

-Зээл авсан асуудал хууль дүрмийн дагуу шийдэгдээд одоо Ёс зүйн дэд хороогоор орно. Бидний оруулж байгаа асуудал бол Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцохгүй, Үндсэн хуулиа умартаж, Монголын тусгаар тогтнолд заналхийлэл учруулсан энэ явдлыг бид эсэргүүцэж байгаа юм.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
30
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж