"Б.Ундармаагаас ажилчдынхаа цалинг авч чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

"Б.Ундармаагаас ажилчдынхаа цалинг авч чадахгүй байна"

"Б.Ундармаагаас ажилчдынхаа цалинг авч чадахгүй байна"

60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаврын тухай” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордон дахь "Иргэний танхим"-д өнөөдөр /2018.11.20/ боллоо.

Хэлэлцүүлэгт Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчид оролцож,  УИХ-ыг тарахыг шаардаж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон УИХ-ын даргад хариуцлага тооцохыг шаардаж хэрэв хариуцлага шаардаж чадахгүй бол УИХ-ыг тарахыг шаардлаа.

Түүнчлэн иргэдийн зүгээс "Прокоурын байгууллага нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг болж хувирсан. Жирийн иргэдийг хохироож хэлмэгдүүлж байдаг атлаа 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахгүй байгаа нь ашиг сонирхол байна гэж харж байна. Тиймээс энэ байгууллагын удирдлагыг даруй солих хэрэгтэй" гэдгийг хэлж байсан юм.

Иргэн н.Бадамсүрэн “60 тэрбумын хэргийн нөлөөнд иргэд хохирчхоод байна. Манай барилгын компани 2016 онд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал" банкны хөрөнгө оруулалтаар барилга барьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл  хэдэн зуун ажилчдынхаа цалинг авч чадахгүй байна. Сонсох нь ээ, Б.Ундармаа гишүүн болохын тулд тухайн банкныхаа хадгаламж эзэмшигчдийн 3 тэрбум төгрөгийг 60 тэрбумд аваачиж өгсөн гэж сонссон"гэлээ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:

УИХ бол хураангуйлсан ард түмэн. Гэтэл УИХ өөрсдөө ард иргэдийн хүслийг зөрчиж, өөрсдөө төрийн эрхийг хууль бусаар аван, Үндсэн хуулийн 3.2-ыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 19.2-д заасан гэмт хэрэг үйлдчихээд байна. Харин манай прокурор хуулийг зөв хэрэглэх байтал 22.4-өөр яваад байгаа. Шүүхийн шинжилгээний газраас  60 тэрбумын хэргийг 2016 оны зургадугаар сарын 22-нд эвлүүлэг биш гэж байсан ч сүүлдээ эвлүүлэг болоод хувирсан. Энэ бол С.Зоригийн үхэл шиг, АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн үхэл шиг мартагдаж болохгүй сэдэв. Хэрэв төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг байдлыг зөвшөөрөх юм бол дараа дараагийн Монгол төрийг 200 тэрбум, 300 тэрбум төгрөгөөр худалдаж авдаг болбол яах вэ.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс бичил судалгаа авахад нийт ард түмний 76 хувь нь УИХ-д итгэхээ больсон гэсэн хариулт өгчээ. Түүнчлэн “УИХ-ын гишүүдийг уучилж болох уу” гэсэн асуултад 62 хувь нь УИХ-ын гишүүдэд хатуу хариуцлага тооцох ёстой гэж тус тус хариулсан байна

Улс төр судлаач С.Зоригтбаатар:

60 тэрбум төгрөгтэй холбоотой  асуудлыг би 2016 оноос хойш ярьж байна. Өнөөдөр Монголын ард түмэн тэднийг 60 тэрбум төгрөгөөр төрийн алба наймаалцсаныг бүгд мэддэг болсон. Гэхдээ энэ хүмүүс өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Тэд хэргээ ямар нэгэн нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар хаацайлж байна.

Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг УИХ-аас чөлөөлөгдөх ёстой гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж