Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан албан тушаалтнуудын дуулиан олны анхаарлын төвд байгаа. Энэ асуудлаар “Нэхүүл” нам бус залуучуудын холбооноос өнөөдөр /2018.11.20/ хэвлэлийн бага хурал хийж, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардлаа.
Тус хөдөлгөөний зүгээс ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хатуу арга хэмжээ авахыг сануулж, тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.
Энэ үеэр тус “Нэхүүл” нам бус залуучуудын холбооны зохицуулагч М.Мунаа “Бид арваннэгдүгээр сарын 14-16-н хүртэл зөвшөөрлийн дагуу Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Жагсаалын дөрөв дэх өдрөөс бидэнд суулт хийх зөвшөөрөл өгөөгүй. Учир нь биднийг ямар нэгэн зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулж байна гэж үзсэн болохоор хэвлэлийн бага хурал зарлахад хүргэлээ. Бидэнд улстөржих шаардлага байхгүй. Ардчилсан нам, Монгол Ардын нам аль нь ч байсан бидэнд хамаагүй. Нийгэмд тогтсон шударга бус тогтолцоог арилгахын төлөө “Нэхүүл”-ийн залуус дуу хоолойгоо бусдад хүргэж, цаашид ч тэмцэх болно. Тиймээс ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татаж, иргэний дагуу хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Шаардлагын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Миний эрх мэдлээс хэтэрсэн. Би шийдэхгүй асуудал” гэж няцаасан байдлаар хариу өгсөн. Иймд бид тэдгээр гишүүд хариуцлагаа хүлээх хүртэл нь суулт зарлах болно гэлээ. Тус холбоонд иргэд ч бас нэгдсэн байна.
Сэлэнгэ аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны гишүүн Ч.Нацагдорж:
“Би жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэгч баялаг бүтээгч холбооны гишүүн. Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд долоо хонож байна. Нэхүүл гэдэг нам бус залуусын холбоонд нэгдэж, жагсаалд оролцож суулт хийсэн. УИХ-д ЖДҮХС-гаас мөнгө идсэн маш олон хүн байгаа. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгчид улс орноо авч явж байна. Миний ажилладаг “Годон” гутлын үйлдвэр Монголдоо танигдсан томоохон үйлдвэрүүдийн нэг боловч өнөөдрийг хүртэл тус сангаас зээл авч чадахгүй байна. Бид 10 жил подвольд ажиллалаа. Долоон жил газар гуйгаад нэмэр алга. Өнөөдөр иргэн нь улс орныхоо төв талбайд суулт зарлахын тулд зөвшөөрөл авдаг болсон байна. Зөвшөөрөлгүй бол баривчилна гэдэг. Зөрчлийн хуулиар ядарсан иргэдээ торгож, хориод улсаас өчнөөн мөнгө завшсан, дээрэмдсэн, зөрчил гаргасан УИХ-ын гишүүдэд энэ хууль үйлчилдэггүй энэ шударга бус тогтолцоог халах хэрэгтэй” гэв.
“Нэхүүл” нам бус хөдөлгөөнөөс энэ сарын 25-нд Баялаг бүтээгчдийн холбоотой нэгдэж жагсаалд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ