"Юникод" хэмээх олон улсын төрийн бус байгууллага нь ямар нэгэн улсын бичгийг албан ёсоор кодолдог. Ингээд программ хангамж хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниуд "Юникод"-оос тухайн кодыг авч ашигласнаар аливаа үсгийн ард байгаа код зөв байж, зөв мэдээллийг олонд түгээдэг. Монгол бичгийг одоог болтол кодлоогүйгээс ямар нэгэн программ дээр дүрмийн дагуу, алдаагүй ашиглаж болохгүй байгаа юм. Монгол бичгийн кодчиллын талаар хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагаас тодрууллаа.
-Монгол бичгийг анх хэдэн онд кодчилж байсан бэ. Энэ кодчилол яагаад өөрчлөгдсөн юм бэ?
-Монгол бичгийг 1000 жилийн тэртээгээс тасралтгүй ашиглаж байгаад 1950 оноос эхлэн кирил бичигт шилжсэн. Гэхдээ 1980 оноос эхлэн дунд сургуулиудад монгол бичгийг зааж эхэлсэн. Одоогоор хуулийн дагуу 6-12 дугаар ангид монгол бичиг үзэж байгаа. Дэлхийн бүх л орон цахим орчинд өөрийн бичгийг ашиглах кодыг Юникодоор албан ёсоор батлуулсан байдаг. Монгол бичгийг "Юникод"-оор батлуулах саналыг 1990 онд явуулсан байдаг. Гэвч бидэнд энэ бичгийг хэрэглэж байгаа хүмүүс хамтрах ёстой, хоёрт, энэ бичгээс салбарласан, одоо хэрэглэхгүй байгаа бүх үсгийг багтаах, гуравт, олон улсын судлаачдыг оролцуул гэсэн шаардлага тавьсан. Ингээд бид монгол бичгийг тасралтгүй ашиглаж байгаа Өвөр монголчуудтай хамтарсан. Мөн манжууд монгол бичгийг ашиглаж байхдаа бага зэрэг тэмдэг нэмсэн байдаг. Тиймээс Юникодод манж үсэг, шивээ үсгийг оруулах, тод үсэг, али гали хэмээх монгол бичгийн галиг үсгийн системийг бүгдийг багтаах шаардлагатай болсон. Ингээд 2000 онд Монгол бичгийн олон улсын стандартыг батлуулсан юм. Үүний дараа Стандарт хэмжилзүйн газраас монгол бичгийн Монгол Улсын стандартыг баталсан. Гэвч 1990 оны үед компьютерт DOS хэмжээх программ хэрэглэж байсан нь өөрчлөгдөж WINDOWS болсон. Үүний дараа Монголд ч өөр оронд ч монгол бичгийн фонд зохиож эхэлсэн. Эдгээр фондууд нь дээр баталсан кодыг баримтлаагүй, амарчлах аргыг эрэлхийлсэн байсан.
-Монгол бичгийг шинээр кодлоход ямар асуудал үүсдэг вэ?
-Монгол бичгийг "Юникод" стандартад бүртгэхэд нэлээд маргаантай зүйлүүд байгаа. Тухайлбал, Өвөр монголын тал дүрс үсгийг кодчилдог аргаар монгол бичгийг кодлох саналтай байдаг. Харин Монголын тал нь сонгомол, авиа үсгийг дүрс үсгийн зарчмаар кодолж болохгүй гэж үздэг. Бас манай улс энэ асуудлыг анхаарах газаргүй байснаас энэ асуудал дунд нь орхигдсон. Хууль гарсантай холбоотойгоор одоо хөдөлж эхлэх гэж байна. Монгол Улс монгол бичгийг нэгдсэн журмаар ингэж кодолж байна гэсэн нэгдсэн журмаа "Юникод"-од өгөх ёстой юм. Техник, технологи хөгжиж, компьютер байнга ашиглах болсон энэ үед монгол бичгийг кодлох нь маш чухал зүйл. Монгол бичгийг 30-аад жил олонд зааж яваа хүний хувьд монгол бичгийг кодлохыг л хүлээж сууна даа.
Холбоотой мэдээ