Хуучирсан мэдээ: 2015.02.19-нд нийтлэгдсэн

Ази тивийн олон орон билгийн тооллыг эртнээс хэрэглэж иржээ. Билгийн тооллоор тооцон тэмдэглэдэг томоохон баяр нь шинэ жил буюу Цагаан сарын баяр юм. Гэр бүлээрээ цугларан тэмдэглэдэг энэхүү баяраар хүүхэд хөгшдийн гарыг цайлган баярлуулахыг чухалчилдаг байна.

 

 

ОШЁОГАЦУ

 

Дорнын улсууд дундаас эртний соёлоо хадгалж үлдсэн, өндөр соёлтой орон бол Япон улс юм. Япончууд цагаан сарын баяраа Ошёогацу хэмээн нэрлэдэг. Тэд дорнын уламжлалаар цагаан сарын баяраа тэмдэглэдэг хэдий ч билгийн тооллоор тогтоодоггүй онцлогтой. 1873 оноос хойш Ошёогацу баярыг билгийн тооллоор бус аргын тооллын жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ. Хөгшид, настанд ил захидлаар баярын мэндчилгээ илгээдгээс шуудангийн ачаалал эрс нэмэгддэг. Гашуудалтай байгаагаас бусад бүх гэр бүлийнхэн Ошёогацу баярыг тэмдэглэн тухайн жилийн амьтны бэлгэдэлт зураг бүхий ил захидлуудыг голчлон хэрэглэдэг. Уг ил захидлыг Нэнгажёо хэмээн нэрлэдэг. Нэнгажёо-гын хариуд илгээх ил захидалд “Баярлалаа” гэсэн үг бичдэггүй нь мэнд мэдсэний хариуд ил захидал явуулсан утгатай болж ёс алдахаас сэргийлсэн утга юм.

 

Япон хүүхдүүд жил бүр эцэг эхчүүд, ахмад настангуудаас авдаг Отошидама-гаа тэсэн ядан хүлээдэг. Отошидама гэдэг нь хүүхдүүдийн гарыг цайлган өгдөг бэлэг буюу мөнгө байдаг. Дээхэн үед бол Отошидама нь мөнгө биш цагаан будааны бялуу байжээ. Цагаан будааны бялуу нь Бурханы сүнсний бэлгэ тэмдэг болдог. Отошидама-д мөнгө өгдөг болсноос хойш “Цагаан сарын Бурханы бичиг”-т заагдсан байдаг цагаан будааны бялууг тахилын ширээн дээр залдаг болсон аж. Отошидама-г идэх нь Бурханы сүнсийг биедээ оруулж, хүчийг нь олж авах нэг арга гэж Япончууд үздэг. Эдогийн үеэс буюу ойролцоогоор 410 жилийн өмнөөс эхэлсэн Отошидама-гийн соёл өдгөө мөнгө болон өөрчлөгджээ. Өнөөгийн япон залуус Ошёогацуг хуучных шигээр ёслол төгөлдөр тэмдэглэхээ больсон ч Отошидама-д авдаг мөнгийг тэсэн ядан хүлээдэг гэх ахмад хүмүүсийн шүүмжлэлд ихээр өртдөг. Бага насны хүүхдүүдэд Отошидамад амттан, чихэр өгдөг бол өсвөр насныхан, залуучуудад таваас арван мянган иен бэлэглэх нь дундаж ханш гэж тооцогддог. Дундаж амжиргаатай айлын нэг хүүхэд 300 мянга хүртэлх иений Отошидама цуглуулдаг нь монгол мөнгөөр 5 сая орчим төгрөг болно.

 

 

СЭОЛАЛ

 

Хойд Солонгосчууд олон жилийн туршид жил бүрийн нэгдүгээр сарын нэгнийг Сэолал буюу Шинэ жилийн баяр болгон тэмдэглэдэг байжээ. 1989 оноос хойш энэ өдрөөр Шинэ жилийн баяр биш бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Хятад болон Солонгосын тоолол яг таардаг учир нэг өдөр тэмдэглэдэг. Ахмад настан, аав ээждээ хүндэтгэл илэрхийлж хоёр гарын алгыг харуулан духандаа нааж, хоёр өвдөг дээрээ сөхрөн сууж мөргөдөг. Хэдийгээр баярын өдөр ч гэлээ хоёр солонгосын иргэд Солонгосын дайнд амиа алдагсдын шарил дээр очин идээ өргөдөг. Солонгосчууд Сэолал баярын бэлэг жилээс жилд өөрчлөгдөж, эдийн засгийн нөхцөл, тухайн жилийн бэлэгний чиг хандлагаас үүдэн өөр өөр байдаг. Сүүлийн жилүүдэд Алдартай Их дэлгүүрүүдээр үйлчлүүлэх карт, бэлэн мөнгийг ахмад настан болон хүүхдүүдэд өгдөг болжээ. Эцэг эхдээ өгдөг түгээмэл бэлэгний төрөлд Хүн орхоодой, Зөгийн бал, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Массажны сандал зэрэг бэлэгнүүд онцгой байдлаа алдаагүй байна. Бусад нийтлэг бэлэгнүүд болох шампунь, анхилуун үнэрт саван зэрэг ариун цэврийн хэрэглэлүүд, загас, уламжлалт солонгос жигнэмэг, сагстай жимс, чихэр болон амттан ч Шинэ жилийн баярын бэлэгний дийлэнх хувийг эзэлдэг хэвээр байгаа юм. Дийлэнх хувийг эзлэж байгаа бэлэгнүүдийн нэг онцлог бол импортын бараа бас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байдаг онцлогтой.

 

 

ТЕТ БАЯР

 

Вьетнамчууд Цагаан сарын баяраа Тет хэмээн нэрлэдэг. Тет гэдэг нь “Шинэ оны анхны өдрийн анхны өглөө” гэсэн утгатай үг юм. Тет баярыг тэмдэглэх байдал, өдөр нь Хятад улстай маш адилхан байдаг. Хүн-байгаль, соёл-уламжлал, үхэл-амьдралын нэгдлийг Тет баяраар илэрхийлдэг гэж Вьетнамчууд үздэг. Дээхэн үед Тет баярын гол, нандин бэлэг нь Мунг Туой буюу ахмад настны мэргэн зөвлөгөө, сургаал байжээ. Харин орчин үед нандин бэлэг нь Лиши хэмээн нэрлэгддэг улаан дугтуйнд хийсэн Азын мөнгө болж өөрчлөгджээ. Улаан дугтуй нь амжилт, баялгийг бэлгэддэг. Улаан дугтуйн дээр алтан үсгээр аз жаргал, эрүүл энхийг ерөөсөн, тухайн жилийн амьтанг дүрслэж хийсэн шинэ загварууд сүүлийн үед ихээр зарагдаж болжээ. Ахмад настанд өгөх бэлэгний төрөлд үндэсний болон гадаад улсын чанартай дарс, амттан ч багтдаг.

 

Орон бүрийн Цагаан сарын баяр өөр өөрийн онцлогтой хэдий ч ахмад настан, аав ээж, хүүхдийн гарыг цайлган баярлуулахыг эрхэмлэдэг байдал Азийн орнуудад нийтлэг байдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй цаг үеийн байдлаас шалтгаалан уламжлалт бэлэгний төрөл зүйлд гадаадын бараа бүтээгдэхүүн, ялангуяа мөнгө өгөх нь элбэг болсон. Ахмадын өгсөн мөнгөөр хүссэн зүйлээ авах нь амттан авч өгснөөс дээр гэсэн үзэл залуу гэр бүлийнхний дунд их болж үүнийгээ дагаад өвөө эмээ нар нь ч уламжлалт бэлэгтэй хамт мөнгө өгч эхэлсэн байна.

 

Л.ЭРДЭНЭЖАРГАЛ

 

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж