Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Тэлмэн нуурын дээгүүр мотоцильтой зорчиж явсан тус сумын иргэн Н амиа алджээ. Мөс цөмөрснөөс нууранд живж амиа алдсан байна. Эл хэрэг энэ сарын 16-нд болжээ. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллан, талийгаачийн цогцсыг нуураас гаргаж авсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгахад талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.
Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ