УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.11.20/ 09.00 цагт хуралдахаар тов зарласан. Гэвч 11.20 цагийн байдлаар хурал эхлээгүй байна. Байнгын хороогоор Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг тус Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хэлэлцэхээр байсан ч ирц хүрээгүй хойшлогдсон юм. Энэ шалтгааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Хууль зүйн байнгын хороонд оролцохгүй байх чиглэлийг гишүүдэд өгсөн гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдээд байгаа юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн 3,4 дүгээр хэлэлцүүлэг хийхийн өмнө би Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд бараг 5 цаг болсон. Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн дарга бид хэд сууж байгаад Ерөнхийлөгчийн бодлого зөв юм байна. Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, тэр 500 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж болох юм байна гэж ярьсан. Ингээд Ерөнхий сайд төсвийг татаж авах гэж байснаа болиод төсөв дээр хориг тавих юм бол Ардын нам хүлээж авахаар ярьсан юм. Гэтэл МАН-ын бүлэг үдээс өмнө хориг хүлээж авахаар болсон байсан ч үдээс хойш дахин хуралдаад хориг хүлээж авахааргүй болчихсон” гэж ярьсан байдаг.