УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, УИХ-д мэдүүлснээр У.Хүрэлсүхийн танхимын хувь заяа Ардчилсан намын гарт шилжлээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүний кноп дээр С.Жавхлан, О.Баасанхүү нар хэний талд шийдвэр гаргахаас У.Хүрэлсүх Засгийн газраа үлдээж чадах уу, эсвэл унах уу гэдэг хамаарна гэсэн үг.
Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.1-д Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-д Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хуралдаж, асуудлыг хэлэлцэн, илээр санал хураалт явуулж, шийдвэрлэнэ хэмээн заажээ. Иймээс танхимаа авч үлдэж чадах эсэх асуудал Ерөнхий сайдын хувьд 14 хоногоор хязгаарлагдаж байна.
Экс бүлгийн дарга Д.Хаянхярваагаар удирдуулсан бүлгийн хувьд У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах зорилго тавьсан бол 27 кноп нэмэгдэх талтай. Одоогоор огцруулах саналд гарын үсэг зурсан нь 27 болохоос цаана нь дэмжээд сууж буй хэд, хэдэн гишүүн бий. Хүчний харьцаагаа бодсон ч таван кноп нөөцөд байгаа. Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, 33, 32 болсон. Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр харьцаа 32х32 болж тэнцсэн.
Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд дөнгөн данган бүлэг байгуулж байсан Ардчилсан намын есөн суудал Засгийн газрын хувь заяаг шийдэх хэмжээнд очсон нь 65 суудлаас ч үнэтэй болж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ