УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай улс төрийн нөхцөл, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсэг гишүүдээс цуглуулж өчигдөр өргөн барилаа. Та ямар шалтгаанаар Засгийг огцруулах бичигт гарын үсгээ зурсан бэ?
-Нийтдээ долоон үндэслэлийг тодорхойлж өчигдөр хуулийн дагуу УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуулийн зөрчил, хариуцлагагүй мэдэгдэл, бүтэн нэг жилийн хугацаанд төр засгийн хийж буй ажлын үр дүн, шатахууны үнийн өсөлт, хариуцлага шударга ёс, ард түмний сайн сайхны төлөө, эрүүл байх, боловсролын чанарын асуудал нэн чухал. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн урт хугацааны бодлого төлөвлөлт, яамдуудад гарч байгаа өөрчлөлтүүд төдийлөн ард түмний амьдралд харагдахгүй байна. Гаргасан нэг шийдвэрээ дахин дахин өөрчилж байна. Тулгамдсан цаг үеийн олон асуудлуудыг шийдвэрлэх байх гэж харсаар нэлээд хугацаа өнгөрлөө, шийдвэрлэсэнгүй.
-УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар огцруулсан. Тус үндэслэлтэй та санал нийлэх үү?
-Дээр хэлсэн. Намын бүлгээ хоёр хуваасны бурууг бүлгийн дарга байсан Д.Хаянхярваад тохсон нь бүрэн үндэслэл болж чадахгүй. Хувь хүн бүрийн, бүүр цаашилбал УИХ-ын эрхэм түшээдээр сонгогдсон гишүүдийн ёс зүй, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын асуудал шүү дээ. Ер нь бид хариуцлага, ёс зүйтэй шударга ажиллана гэж үүрэг хүлээсэн “төрийн хар” хүмүүс шүү.
-Эрх баригч намын дотоод зөрчлийн асуудал өнөөдөр улс төрийн хүрээний гол асуудал болчихоод байна. Намын бүлэг дотроо болж буй үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр 2016 онд үнэмлэхүй ялалтыг байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах боломж олдсон. Ард түмний сайн сайхан амьдрал, удаан хугацааны бат бэх хөгжлийн төлөө гар нийлэн тууштай ажиллаасай гэдгийг л биднээс эрж хайж байгаа шүү дээ. Бид үүний төлөө ажиллах парламент байх ёстой. Гэтэл намын болон үндэсний нийтлэг эрх ашгийн төлөөх эрхэм зорилго, үнэт зүйлээсээ гажиж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж жилийн өмнө Засгийн газраа унагасны хуваагдал, хагарал улам хурцдаж байна. Гэхдээ шударга үнэн хэзээд ялна гэдэгт итгэдэг.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдсэн. Ер нь Засгийн газар, УИХ-ын алинд нь хариуцлага тооцох нь зөв вэ?
-УИХ бол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газар нь хуулиа хэрэгжүүлдэг байгууллага, УИХ-ын гишүүд асуудал дэвшүүлж шаардлага тавихад эргээд УИХ-аа тараана гэж ярих гишүүдийн тоо олширлоо. Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн парламент л хэрэгжүүлдэг. Энэ утгаараа УИХ тарах, эсэхийг хууль тогтоогчид л шийднэ. Ер нь төрийн гурван институц болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтдаа нийтлэг эрх ашгаа зөв эрэмбэлж, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж нэг зүгт хамтран ажиллах нь чухал байна.
-2019 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан ч МАН-ын бүлэг хүлээж аваагүй. Ирэх оны төсөв урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. Таны хувьд ирэх оны төсөв хэр чамбай болсон бэ?
-Ойрын хэдэн жилийн дундажтай адил байдлаар төсвийн алдагдлыг баталсан. Чамбай болсон гэж хэлэхгүй. Энэ талаар ч өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Засгийн газрын өргөн барьсан төсвийг бараг чигээр нь баталсан. Нэг төгрөгний орлого нэмж, зардал бууруулаагүй ээ. Төсвийн орлогыг дайчилсан байсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд зориулсан хөрөнгийн хуваарилалт дутагдалтай байсан. Баялаг бүтээгчдээ дэмжих төсвийн бодлого орхигдсон байсан, бид ажлын хэсгээрээ ярилцаж байж нэмсэн.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг тойрсон асуудал нийгэмд нэлээд шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар таны байр суурийг сонсвол?
-Хуулийн дагуу хандах ёстой. Давуу байдлаа ашиглана, бусдын боломжийг хязгаарлана гэдэг байж боломгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй бөгөөд хуулиар хариуцлага хүлээх үйлдэл. Төр буй дор татвар буй, татвар буй дор төр буй гэж нэг сайхан үг бий. Татварыг хэн бий болгох вэ? Үйлдвэрлэл эрхлэгчид шүү дээ. Бид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байж л бидний хөгжил урагшилна. Гэтэл цорын ганцхан боломжоос нь давуу байдлаа ашиглан “хулгайлна” гэдэг байж болохгүй хэрэг.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ. Тэд авсан зээлээ буцааж төлөөд, уучлал гуйгаад өнгөрөх нь ёс зүйд нийцэх зүйл мөн үү?
-Хуулийн орчныг эрс сайжруулж, ил тод, нээлттэй, шилэн болгох хэрэгтэй. Дээрх хоёр нөхцөлөөс гадна хугацааны хувьд, нөхцөлийн хувьд авсан зээлээ буруу зүйлд зарцуулж ашиг хүртсэн бол олсон ашгаасаа, хүүгийн зөрүүгээр учруулсан хохирлыг эргэн төлүүлэх хэрэгтэй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж, бодит дүгнэлт хийж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргах хэрэгтэй. Би дахиад хэлье. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёс зүйгүй, тангаргаа зөрчсөн үйлдэл мөн. Үүнийг хуулийн холбогдох байгууллагууд нь ямар хариуцлага, шийтгэл хүлээлгэхийг тогтоох биз ээ.
-УИХ-ын эмэгтэй гишүүдийг нийгэмд шүүмжлэх нь олонтой. Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ. Эмзэглэдэг үү?
-Ер нь шүүмжлүүлдэггүй эмэгтэй хүн, гэргий хүн гэж байна уу? Шүүмжлэл бол байх ёстой зүйл. Гэхдээ үндэслэлтэй, ёс зүйтэй шүүмжлэл эерэг хөгжлийг дагуулна шүү. Хүний хөгжил гэж юуг хэлэх вэ? гэж нэг эрдэмтэн хэлснийг санаж байна. Хүн аливаа асуудлыг эерэг талаас нь хардаг болохыг л хүн хөгжиж байна гэдэг гэсэн. Шүүмжид ч гэсэн эерэг сайн тал байх ёстой. Бид бие биедээ “шийдэлтэй шүүмжлэл” санал болгоё. Тэгвэл хэн хэн маань цагаа хэмнэнэ шүү. Зөв зүйлийг зөв гэж, буруу бүхнийг буруу гэх шударга хатуу чанартай, ноён нуруутай л байцгаая гэж уриалмаар байна даа.
Холбоотой мэдээ