"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

"Эмээлт" захад эзэн суусан хятадууд

Баруун талаараа Хүй долоон худаг, зүүн талаараа 22-ын товчоотой хиллэдэг “Эмээлт” захын орчимд үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрийн талаар өмнө нь бид сурвалжилж байсан билээ.

Энд түүхий эдийн зах үүссэнээс хойш худалдаа үйлчилгээ өргөжин, айл өрх оршин суух томоохон тосгон буй болоод удсан. Эндхийн иргэд нь нэхий, шир давслах, бой хийх, малын гэдэс гүзээ цэвэрлэх зэрэг ажил хийж, амь амьдралаа залгуулдаг. “Эмээлт”-ийнхэн төр засгаас сохор зоос ч гуйлгүй үдшээс үүр цайтал, өглөөнөөс орой болтол ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж яваа. Харин үүнийг нь овжин ашигласан хятад хүмүүс мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр эрхэлж "Эмээлт" захад “бэрс” гарсан сурагтай. Улсад татвар төлдөггүйгээс гадна стандартын шаардлага хангаагүй үйлдвэрт үйл ажиллагаа явуулдаг хятад хүмүүсийн талаарх иргэдийн гомдол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байнга ирэх болжээ. Иргэдийн гомдлын дагуу НИТХ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Ингээд НИТХ-ын ажлын хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон бусад холбогдох байгууллагууд өчигдөр /2018.11.19/ "Эмээлт" захын орчимд үйл ажиллагаа эрхэлдэг махны 2-3 үйлдвэрт гэнэтийн  шалгалт хийсэн юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32, 20, 21 дүгээр хороонд махны 30-аад үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн зарим нь давхар нядалгаа явуулж байхад зарим нь мах боловсруулна. Ерөнхийдөө өдөрт 50-иас цөөн мал нядалж байвал гар аргаар мал нядлах газарт тооцогдоно. "Эмээлт"-д ийм 13 газар бий. Эдгээр нь ченж нарын малыг нядалж өгдөг. Эндээс гарсан махыг “Хүчит шонхор”, “Хархорин” зэрэг зах руу дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Гэнэтийн шалгалт хийхээр сонгосон хамгийн эхний газар бол хятад эзэнтэй гэх махны үйлдвэр байсан юм. Анзаарч харахад үйлдвэрийн хашааны гадна, нэр, хаяг байсангүй. Хашааны хаалгыг цохиход эндхийн манаач бололтой настай эр гарч ирэв. Түүнд хэрэг учраа тайлбарлахад үйлдвэрийн ажилтантай холбож өглөө. Үйлдвэрийн ажилтан “компанийн захирал гадаад явсан” гэв. Бидэнд гэнэтийн шалгалт хийх зөвшөөрөл шаардлагатай бичиг баримт, удирдамж байсан учир үйлдвэрийн ажилтантай хамт махны үйлдвэрийг зорьсон юм. Үйлдвэрийн гадна чингэлэгт хонь, ямааны нийт 30 гаруй хөлдүү гулууз байсан бол шулсан яснууд арзайн байх нь жихүүдэс хүрмээр. Биднийг үйлдвэрт ороход хэн ч байсангүй. Цааш орвол хамар цоргисон хурц үнэр нэвт шувт үнэртэнэ. Учир нь, том хэмжээний 10-12 саванд их хэмжээний мах дэвтээгээд орхижээ. Цаад хэсэгт шалан дээр овоолсон гулууз харагдана. Ямартай ч ямааны махыг экспортод гаргахаар бэлдэн хайрцагласан байв. Үйлдвэрлэгч байгууллага нь “Траст Трейд” ХХК хэмээн хайрцган дээр бичжээ. НМХГ-ын байцаагч нараас “Траст  Трейд” ХХК нь захиалагч компани эсэхийг лавлатал “мэдэхгүй байна”гэх хариултыг өгсөн юм.

Харин эндхийн ажилчны хэлж буйгаар “Манай захирал хятад хүн байдаг. Энд хааяа ирнэ. Ихэвчлэн монгол талын захирал биднийг хянадаг. "Эмээлт" захад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хятад эзэнтэй. Бидний хувьд туршилтын журмаар анх удаа мах боловсруулсан” гэж байв. Үйлдвэрийн нэг хэсэгт өргөтгөл хийгдэж байгаа бол нөгөө хэсэгт нь экспорт болон дотоодын махыг иймэрхүү байдалтай бэлдэж байна. Өргөтгөлийн хэсэгт ажиллаж буй гурван хятад иргэн ямар ч  бичиг баримтгүй байсан юм. Махны үйлдвэрт ажиллаж буй ажилчдад  нь мэргэжлийн үнэмлэх байгаа эсэх, хэн удирдаж зохион байгуулж байгаа болон  үйлдвэрийн зөвшөөрөлтэй эсэх нь ч  тодорхойгүй аж.

Эндээс гараад дараагийн үйлдвэрээр орлоо. Шалгалт хийсэн махны үйлдвэрүүдийн нэрсийг түр хугацаанд нууцлахыг холбогдох байгууллага хүссэн юм. Тус үйлдвэр нь мал нядлахаас гадна махыг боловсруулан ангилан савладаг аж. Гэхдээ зөвхөн бод мал төхөөрдөг гэлээ. Үйлдвэрт 13-14 шулаач ажилладаг. Нэг бүтэн үхэр шулахад өдрийн 20.000-25.000 төгрөг байдаг гэнэ. Тэд өглөө 09-18.00 цаг хүртэл ажилладаг. Өдөртөө 10-14 үхрийн гулууз мах шулдаг байна. Өнөөдөр харин илүү цагаар ажиллаж байна гэж тэднийг хариуцсан залуу хэлж байв. Үйлдвэрийн хоёрдугаар давхрын булангийн өрөөнд хятад хүмүүс аж төрөн төвхнөжээ.

ӨДРИЙН  ЦАЛИН 200-300 МЯНГАН ТӨГРӨГ

 "Монгол малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хүмүүс ний нуугүй хэлэхэд хятадууд л  байна. Малын махыг шулдаг хүний өдрийн цалин нь бараг 200-300 мянган төгрөг аж. Гэтэл энэ төрлийн ажил хийх залуус ховорхон олддог байна.

Шалгалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадоржоос цөөн асуултад хариулт авлаа.

СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ ЭНД БАЙНА

Гэнэтийн шалгалтаар 2-3  газраар орлоо. Ер нь бол ихэнх үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй стандартын зөрчлүүд  их илэрч байна. Цаашид яах ёстой вэ? 

-НИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээт махыг бэлтгэж байгаа "Эмээлт" зах орчмын махны үйлдвэрүүд ямар стандартаар, ямар шаардлагын дагуу үйлдвэрлэл эрхэлж, экспортолж байна вэ гэдгийг шалгалаа. Гэнэтийн шалгалтаар нэлээдгүй зөрчлийг илрүүллээ. Тухайлбал, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр аюулгүй байдал, ажилчдын эрүүл ахуйн байдлыг хангах дэглэм алдагдсан байна. Цаашдаа засч залруулах тал дээр ажлын хэсэг нэгдсэн шийдвэр гаргаж ажиллана. Зөвхөн шалгаад өнгөрөх биш цаашдаа мах бэлтгэлийг системтэйгээр бэлтгэх,  аж ахуй нэгжүүд  эрүүл ахуйн стандартыг хангасан бүтээгдэхүүнийг хэрхэн  бэлтгэх вэ гэдэг  дээр тууштай арга хэмжээ авч ажиллахгүй бол үнэхээр асуудал дагуулсан аюул нүүрлэж байгаагийн жишээ энд байна. 

-Өвлийн идэш бэлтгэх цаг ирээд байна. Энэ үед махны үнэ өсдөг. Өөрсдөө дотоодынхоо махны үнийг хөөрөгдлөө гэдэг боловч  үнэндээ хятадууд дотоодын махны үнийг тогтоож байна гэх шүүмжлэл яваад байгаа. Энэ тал  дээр та юу хэлэх вэ? 

-Монгол Улс 80 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Гэтэл энэ маань  эсрэгээрээ болоод байна. Ажиллах визгүй хятад иргэд бэлэн мөнгө өвөртөлж ирээд сезоны улирлын үед мах худалдан аваад Хятад руу их хэмжээгээр гаргаж байна. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа юм. Тэгэхээр бид хатуу үнэ барихаасаа илүү хэзээ нь хэдэн тонн  махыг хил гаалиар гаргаж байгаа вэ гэдэгт хүртэл хяналт тавих шаардлагатай байна. Тийм учраас манай төрийн байгууллагууд цаашдаа энэ асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг зөвхөн нөхцөл байдлыг нь судлаад, цаашдаа хэрэгжүүлэх арга хэмжээг НИТХ-аар хэлэлцэнэ. Цаашдаа иргэдийн хурлаар бодлого болгож  хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Махны үйлдвэрүүдийн дийлэнх зөрчлийг харахад НМХГ ажлаа хийж чадахгүй байгаа юм шиг санагдлаа?

-Мэргэжлийн байгууллага нь "Эмээлт"-ийн үйлдвэрүүдэд шалгалт хийгээч, санаа тавиач гэж хэлмээр байна. Мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийх ёстой. Цаашид махыг экспортод гаргах гэх нэрийдлээр хүнсний аюулгүй байдал алдагдсан үйл ажиллагаа явуулаад байх юм уу гэдэг дээр бодлого гаргаж, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Тодорхой системтэйгээр мах бэлтгэх ёстой. Маш олон алдаа дутагдал зөрчил, магадгүй системийн гажуудал энд байна.

АСУУДАЛ ХҮНДЭРВЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛДЭГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал  эмнэлгийн хяналтын улсын байцаагч Э.Оюунсоёмбоос дараах асуултад хариулт авлаа.

Мах боловсруулах хэд хэдэн үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Зөрчил нэлээд илэрлээ. Цаашид хэрхэн ажиллах вэ?

-Тухайн аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ нь махан бүтээгдэхүүний стандартыг зөрчсөн давхар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийг давхар зөрчиж байна. Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуух бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл сул байсан. Түүнчлэн тухайн үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайн үйлдвэрүүдэд мэргэжлийн хүн дутмаг байна. Тухайлбал, малыг хүлээж авах малын эмч, технологийн урсгалыг хянах технологич байх ёстой.

-Эдгээр зөрчлүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу аж ахуй нэгж байгууллагыг гурван сая төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр торгоно. Хэрэв холбогдох бичиг баримтуудыг үзээд асуудал хүндэрвэл прокурор руу үйл ажиллагааг нь зогсоох саналыг хүргүүлдэг.

НМХГ-аас  мах боловсруулах үйлдвэрт хэр хяналт шалгалт хийдэг вэ?

-НМХГ-аас  удирдамжтай шалгалтууд удаа дараа хийгдсэн.  Төлөвлөгөөт бус  шалгалт аравдугаар сард нэгдсэн журмаар явагдсан.

-Тухайн үед хэчнээн үйлдвэрүүдээр орсон бэ ямар зөрчлүүд илэрч байв?

-Нэгдсэн тоог би сайн мэдэхгүй байна.

Мах боловсруулах нэг үйлдвэрт 14 хятад хүмүүс ажиллаж байна гэхээр үндсэндээ “Эмээлт” зах хятад ажилчдаар хүрээгээ тэлжээ гэж хэлэхэд хол зөрөхгүй болов уу. Үйлдвэрт ажиллаж буй хятад ажилчид жуулчны визээр орж ирэн Монголд  нутагшиж байна. Малчдын ноос, ноолуур, арьс, ширийг худалдан авч, энэ төрлийн борлуулалт, үйлдвэрлэлтийг бүрэн атгахын тулд тус улсаас жил бүр хэдэн тэрбум юань цацдаг тухай яриа ч ченжүүдийн дунд байх аж. “Эмээлт”, “Цайз” захаас эхлээд хятадуудын мэдэлд бүрэн шилжсэн газрууд олширсоор байгаа нь эмгэнэлтэй ч гашуун үнэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж