Ах нартаа гомдсон түшээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

76:1

Ах нартаа гомдсон түшээ

Ах нартаа гомдсон түшээ

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаад Агваансамдангийн Сүхбатыг танилцуулж байна.

Агваансамдангийн Сүхбат 1971 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн Дархан аварга, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм. Түүхийг нь сөхвөл 1990-ээд оны сүүлээр бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн, хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга байв. Аварга маань монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээс олон “фен”-тэй болж, улмаар улс төрийн дэвжээнд ялалт байгуулах эхлэл нь тавигдсан. Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдхэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь түүний авьяас чадвараас гадна багш аавынх нь ч нөлөө байсан гэдэг. Гэвч ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхисон тэрбээр бизнесийн салбарт хүч үзээд “Олимп” сургуулиа нээсэн байдаг. Дараа нь солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг явсан гэдэг. Эл бизнесээ хийхийн тулд "Ноёд"  объектыг худалдаж авсан ч төлөвлөгөө нь амжилттай хэрэгжээгүй аж.

Түүний амжилтуудаас дурдвал:

  • 1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
  • 1997 онд 7 давж улсын заан цол,
  • 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
  • 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
  • 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
  • 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
  • 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
  • 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
  • 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
  • 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
  • 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
  • 2014 оны долдугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дархан аварга цол хүртээсэн юм.

Анх 1990 оны Үндэсний их баяр наадам, Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ Дархан аварга цол хүртэж байжээ. Үүнээс 25 жилийн дараа А.Сүхбат Дархан аварга цол хүртсэн байна. Тухайн үед тэрбээр “Энэ зууны анхны Дархан аварга цолтон боллоо. 10 жилийн дараа, хөлсөө хатчихсан байхад Дархан аварга цол авлаа” гэж баяр, гуниг давхацсан сэтгэгдлээ илэрхийлж байжээ.

Харин өнөөдөр дээрх хоёр Дархан аварга маань хоёулаа Төрийн ордонд заларсан. Тэд Үндэсний бөхийн холбооны тэргүүний суудал, Бөхийн өргөөний асуудлаас болж тун таагүй харилцаатай аж. Мөн Б.Бат-Эрдэнийг сайдаар ажиллаж байхад Засгийн газрыг огцруулах бичигт А.Сүхбат гарын үсэг зурсан билээ.

А.Сүхбат гишүүний авгайгаа сольсон түүх уртаар хөврөх ч улс төрд орсон түүх товчхон гэж ёжлох нэгэн бий. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм. Бөхийн дэвжээнд амжилт гаргасан ч улс төрийн дэвжээнд түүний мэдэхгүй зүйл олон байдаг бололтой. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэг нь А.Сүхбат юм. Тэрбээр бүлгийн хурал дээр ах нартаа хандаж “та нар өөрийнхөө эзэмшдэг компаниараа зээл авч болохгүй гэж хэлэхгүй яасан юм бэ” хэмээн гомдоллосон гэдэг. Залуухан аварга, залуухан гишүүн, залуухан өвөө маань алдаж онохыг алийг тэр гэхэв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд -Төрхурахын сургууль 8 дугаар анги
  • 1987 онд -Барилгын техникум
  • 1994 онд -Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • 2015 онд -Удирдлагын академийн төрийн захиргааны удирдлага

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1991-1994 онд -Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин
  • 1994-1995 онд -Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш
  • 1994-1998 онд -Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин
  • 1994-1995 онд -“Говь” ХК-д гэрээт тамирчин
  • 1996-2000 онд -“Буян” ХХ Компанийн гэрээт тамирчин
  • 2001-2005 онд -“Бишрэлт Холдинг” ХХ компанийн гэрээт тамирчин
  • 2006 онд -“Алтан хүнс” групп
  • 2007 онд -Олимп сургуулийг байгуулсан
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2001 онд -Монгол Улсын аварга
  • 2004 онд -Далай аварга, Дархан цолны болзол хангасан
  • 2005 онд -Монгол Улсын гавьяат тамирчин
  • 2007 онд -Даян аварга
  • 2014 онд -Дархан аварга

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж