Калифорнийн түймэр даатгалын компаниудад асар их хохирол учруулна

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Калифорнийн түймэр даатгалын компаниудад асар их хохирол учруулна

Калифорнийн түймэр даатгалын компаниудад асар их хохирол учруулна

Калифорни мужийг нөмөрсөн энэ удаагийн түймэр хамгийн их хор хохирол дагуулсан, олон хүний амийг авч одсон гамшиг болон тэмдэглэгдэх болж байна. Түймэр анх арваннэгдүгээр сарын 8-нд Калифорнийн хойд хэсэгт гарч эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар  /2018.11.19/ сураггүй алга болсон хүний тоо 1200 давж, амиа алдсан хүний тоо 79-д хүрчээ. Олон хүмүүс орон гэргүй болж, өмч хөрөнгөө алдсан энэхүү түймэрт нийт 93 мянган га газар шатсан нь Чикаго, Бостон хотыг нийлүүлснээс ч их байгаа юм. Түймрийн улмаас 300,000 хүн орон гэрээ орхин нүүжээ.

Мужийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь түймэрт өртөөд байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Бямба гаригт /2018.11.18/ түймэрт бүрэн сүйрсэн Парадайс хотын нөхцөл байдалтай биечлэн  танилцав. 27,000 орчим оршин суугчтай байсан Парадайс хотын дал орчим хувь нь бүхэлдээ шатаж, сэргээн засварлахад дор хаяж таван жилийн хугацаа шаардлагатай болжээ

Өнгөрсөн жилийн хувьд Калифорни муж нийт төсвийнхөө 52 хувийг түймэртэй тэмцэх ажилд зарцуулсан байна. Энэ удаагийн түймэр бүрэн унтраагүй байгаа тул эдийн засагт ямар хэмжээний хохирол учруулсныг нь нарийн тооцоолох боломжгүй. Гэхдээ шатаж, сүйдсэн газруудыг цэвэрлэж, нөхөн сэргээхийн тулд маш их хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө шаардах бол олон зуун айлын байшин шатсан нь даатгалын компаниуд асар их хохирол хүлээхээс аргагүйд хүргээд байна.

Даатгалын компаниуд асар их хохирол амсана

Түймэр бол урьдчилан таамаглах аргагүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас даатгалын компаниуд асар их хохиролтой тусдаг аж. Дэлхийн ихэнх улс оронд иргэдийнхээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг байгалийн гамшгаас даатгуулсан байхыг шаарддагийн адилаар АНУ-д ч энэ зарчим үйлчилдэг. Эд хөрөнгийн даатгалыг ихэнхдээ хувийн хэвшлийн байгууллагууд хариуцдаг.  Тэдгээр нь эрсдэлээ цааш нь том компаниудад давхар даатгуулдаг байна. Түймрийн аюулын харанга жил болгон дэгдэж байдаг Калифорнийн иргэдийн ихэнх нь өмч хөрөнгөө гамшгийн даатгалд даатгуулсан. Нэгэнт л эд хөрөнгөө даатгуулсан болохоор гарз хохирлоо нөхөн төлүүлэх зарчим үйлчилнэ.

Калифорни мужид энэ оны наймдугаар сард ч бас түймэр гарсан бөгөөд даатгалын компаниудын зүгээс нийт 845 сая ам.долларын нөхөн төлбөрийг барагдуулжээ. Мөн 2017 онд гарсан томоохон гал түймрийн үеэр энэхүү нөхөн төлбөр нь 10.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм. Харин энэ удаагийн түймэр мужийн түүхэнд байгаагүй их хохирлыг дагуулж байгаа учраас даатгалын компаниудад оногдох хохирлын хэмжээ доод тал нь долоон тэрбум ам.доллар болох төлөвтэй байна /businessInsider/.

“BusinessInsurance.com” веб сайтад тавигдсан мэдээллээс үзвэл энэ удаагийн Калифорнийн түймэрт хамгийн их хохирол амсах даатгалын компаниуд нь State farm, Farmers, Liberty Mutual зэрэг байгаа юм. Эдгээрээс Farmers компани нь Цюрихийн даатгалын группт давхар даатгалтай. Харин АНУ-д төвтэй давхар даатгалын компаниуд болох Allstate болон American International Group нь харьцангуй бага хохирол хүлээх хандлагатай байгаа нь Калифорнийн түймэр эхэлсэн үеэс хойшхи тус компаниудын хувьцааны үнийн хэлбэлзэл харуулж байна.

Түймэрт нийт 12 мянган байшин барилга шатаад байгаагаас арван мянга нь орон сууцны барилга юм. Мөн Холливүүдийн алдартнууд олноор амьдардаг, тансаг зэрэглэлийн байшингууд ихтэй Малибуд 500 гаруй байшин түймэрт өртөж, сүйрсэн. Гал түймрийн гамшигт өртсөн Холливүүдийн алдартнууд Калифорнийн иргэдэд туслах аян зохион байгуулж эхэлжээ.

Байшин барилгыг засварлах, дахин барих

Түймэр унтарсны дараа орон гэрээ алдсан хүмүүсийн байшин, оффис болон бусад барилгуудыг засварлах, дахин барих өргөн хүрээтэй ажил эхэлнэ. Калифорни мужийн хувьд байшингуудыг нөхөн сэргээх ажлыг хувийн компаниуд голлон хийх төлөвтэй байгаа юм. Харин засварын ажлыг хийхэд шаардлагатай материалууд буюу мод, цемент, төмөр, зэс гэх мэт металлын үнэ сүүлийн саруудад зах зээл дээр өсөх хандлага ажиглагдаж байна.

АНУ-д гал түймэр гарах давтамж 1970 оноос хойш 400 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, дан ганц Калифорни мужид ч бус нэгдсэн улс даяар хуурайшил ихтэй энэ үед түймэр ихээр гардаг. Түймэрт хамгийн их хохирол амсаж байсан мужууд Калифорниос гадна Колорадо, Аризона юм.

Калифорни мужид хүн амын өсөлт их байгаа буюу 1970 оныхоос 40 саяар нэмэгдсэн нь хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр халуун агаар ихсэж, гал түймрийн давтамж улам нэмэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж