Зүүн Хойд Азид итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азид итгэлцлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Улс төрийн асуудал хариуцсан Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Мирослав Иенжаг хүлээн авч уулзан, Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахиулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулахад чиглэсэн НҮБ-ын эрхэм зорилгыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг сайд Д.Цогтбаатар тэмдэглээд бүс нутгийн төдийгүй, олон улсын аюулгүй байдлыг сахиулахад Монгол Улсын оруулж ирсэн бодит хувь нэмэр болох НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг санаачилгын ач холбогдлын талаар тайлбарлав.

Ноён Мирослав Иенжа Монгол Улс олон талт хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг өндрөөр үнэлээд, бүс нутгийн улсуудтай хоёр талын болон олон талын шугамаар хөгжүүлж буй Монгол Улсын харилцаа нь Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг тэмдэглэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг НҮБ-ын Улс төрийн газар талархан дэмжиж байгааг онцлов.

Сайд Д.Цогтбаатар бүс нутаг төдийгүй дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад итгэлцэл, яриа хэлэлцээ, дипломат арга барил ихээхэн чухал болохыг онцлоод үүнтэй холбогдуулан залуу дипломатууд, судлаачдад зориулсан “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал” санаачилгыг дэвшүүлж байгааг танилцуулав. Ноён Мирослав Иенжа уг санаачилгын ач холбогдлыг өндрөөр үнэлээд энэ чиглэлд цаашид хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр ирэх 2019 онд Зүүн хойд Азийн залуучуудын төлөөллийг хамруулсан “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” семинарыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж