БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.02.18/ 18 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй хуралдаж Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Харин хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, “хуулийн заалттай холбогдуулж төрийн албан хаагчийн хариуцлагын асуудлыг чангатгасан тогтоол гаргах нь зүйтэй” гэсэн санал гаргасан юм.
Ингээд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг батлахыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс