Аудитынхны илрүүлээгүй зөрчлийг АТГ илчлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Аудитынхны илрүүлээгүй зөрчлийг АТГ илчлэв

Аудитынхны илрүүлээгүй зөрчлийг АТГ илчлэв

Эрх баригчдын татвар төлөгчдийн мөнгөөр “тоглодог” баримт ганц Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээр цэг тавихгүй нь.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хийсэн шалгалтаар аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч, төрийн өмчит компанийн захирлын хууль зөрчсөн баримтууд шилээ даран хөвөрч байна.

Баримт 1

Ховд аймгийн Жаргалант суманд ус зөөвөрлөх автомашин хэрэгтэй болж, Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөг зарцуулсан ч худалдан авсан автомашин нь бохирын машин болж, зориулалт нь өөрчлөгдсөн байжээ.

Баримт 2

Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь 102.800.000 төгрөгийн үнэтэй, 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн автомашиныг дуудлага худалдаанд оруулж, 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалджээ. Мөн өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай, 1995 онд БНСУ-д үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь гурван-эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлсэн байна.

Баримт 3

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн өртөгтэй тендерт 2015 онд татан буугдсан “Легион” ХХК-ийг сонгон шалгаруулжээ.

Баримт 4

Дорнод аймаг, сумын ИТХ болон тэргүүлэгчид нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоосон байна. Тухайлбал, Баян-Уул суманд тав, Цагаан-Овоо суманд дөрөв, аймгийн ИТХ-аас гурав, ИТХ-ын Тэргүүлэгчид нэг шийдвэрийг эрх хэмжээ хэтрүүлэн гаргажээ.

Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль хэрэгжсээр атал аймгийнх нь албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, төсвийн хөрөнгийг хууль бусаар үр ашиггүй зарцуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хоцроох, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилсны дараа хянуулах, төрийн үйлчилгээний албан хаагчид иргэдээс хууль бус төлбөр хураамж авсан зэрэг үйлдлүүд ч шалгалтаар илэрчээ.

Баримт 5

Сумын ИТХ нь тухайн орон нутгийнхаа хөрөнгийн өмчлөгч нь байхаар хуульчилсан байтал Баян-Өлгий аймгийн ИТХ-аас сумын ИТХ-ын эрх хэмжээнд халдаж хөрөнгийг нь худалдах, хувьчлах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж устгах шийдвэрийг гаргажээ. Гэтэл уг акталсан хөрөнгө нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эвдрэл гэмтэлгүй, үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтой тоног, төхөөрөмжүүд байжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр зөрчлүүд нь орон нутагт эрх мэдэлтнүүд төсвийн хөрөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж, тоглож буйг харуулсан баримт бол нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг ч болж хувирч байна.

Аудитын байгууллагынхан орон нутагт ажиллаж, санхүүгийн шалгалт хийдэг. Гэтэл эдгээр зөрчлийг илрүүлээгүй нь хачирхалтай.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж