Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийг үнэлэх, суурь судалгаа авах, бичиг баримтын бүрдлийн үзлэг хийх ажил орон даяар гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан ажлын хэсгийн гишүүд орон нутагт болон нийслэлд хуваарийн дагуу үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсаар байна. Нийслэлд үнэлгээний төв комиссоос томилогдсон таван ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд яамд, яамдын харьяа агентлаг байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хууль, хүчний байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нийслэлийн дүүргүүдийн тамгын газар, нийслэлийн харьяа агентлагуудын нийт албан хаагчдын хууль эрхзүй, компьютерийн хэрэглээний мэдлэгийг шалгах тестийн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгаад байна. Орон нутагт томилогдсон 10 ажлын хэсэг аймаг тус бүрт хуваарийн дагуу үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулсаар байна.
Нийслэлд Хуульзүйн яамны харьяа байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчид болон Төрийн тусгай албан хаагчдыг үнэлэх тестийн шалгалтыг Хууль сахиулахын их сургуулийн мэдээллийн технологийн танхимд явуулжээ. Компьютер, тоног төхөөрөмжийн хангамж, интернетийн өндөр хурд, анги танхим уужим багтаамжтай байсан нь шалгуулагчдад таатай орчныг бүрдүүлсэн гэв.
Албан хаагчид Үндсэн хууль, Төрийн албаны тухай шинээр мөрдөгдөх хуулийн талаарх болон компьютерийн хэрэглээний мэдлэгийн түвшинээ түүврийн аргаар сонгогдсон хүн тус бүрт зориулагдсан 60-120 хүртэлх тестэд гурван хариултаас оновчтойг нь сонгох хэлбэрээр хариулна. Эцсийн үнэлгээгээ компьютерийн автомат программын тусламжтайгаар тэр дор нь авч байгаа юм. Урьдчилсан байдлаар ХСИС дээр шалгалтад орсон 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдын дийлэнх олонхи нь 80% түүнээс дээш хувийн үнэлгээ авсан байна. Шалгалт зохион байгуулагдсан аймаг орон нутгийн төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшний урьдчилсан үнэлгээ ч 60%-аас дээш гарч байгааг төв комисс мэдээлж байна.
ЗГХЭГ-аас төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн үнэлгээг тогтоох нэгдсэн ажил зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдынхаа түвшинг тодорхойлох зорилгоо биелүүлж байгаагаас гадна тухайн төрийн албан хаагч бүрт үр өгөөжтэй, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхийн өмнө нийтээрээ судалж, суурь мэдлэгээ сэргээсэн маш чухал ач холбогдолтой ажил болж байна гэж шалгуулагчид дүгнэж байв. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.