Өвлийн улирал эхэлж байгаатай зэрэгцээд өвлийн спортын тэмцээн уралдаанууд явагдаж эхэллээ. Аравдугаар сарын 28-нд Австрид гиант слалом төрлөөр эхлэж байсан уулын цанын дэлхийн цом өнгөрсөн амралтын өдрүүдэд Финланд улсын Леви дэх цанын баазад слалом буюу их туг сүлжих төрлөөр явагдав. Австрид цаг агаарын таагүй уур амьсгал дунд эрэгтэй гараа цуцлагдаж байсан бол Финландад цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй слалом төрлийн уралдаан явагдсан. Нийт 70 гаруй тамирчин эхний шатанд өрсөлдсөн бол 2-р шатанд 28 тамирчин уралдсан бөгөөд АНУ-ын тамирчин М.Шиффрин хоёр гүйцэтгэлийн дүнгээр 1 мин 32.61 сек-н амжилт үзүүлж улирлын эхний түрүүгээ хүртэв. Түүнтэй хамт шагналын тавцанд Словак улсын П.Влхова болон Австрийн Б.Шилд нар гарсан байна.
Америкийн уулын цаначин М.Шиффрин 10 сард явагдсан дэлхийн цомын эхний гараа олох Австрийн Зёльденд гиант слалом төрөлд хүрэл медаль хүртээд байсан. Ийнхүү улирлын эхний 2 гараанд хоюуланд нь шагналын тавцан дээр гарснаар нийлбэр дүнгээр 160 оноо авч дэлхийн цомыг тэргүүлж байна.
Австрид цаг агаарын таагүй байдлаас болж эрэгтэй гиант слалом гараа цуцлагдаад байсан бол өчигдөр Финландад эрэгтэй уулын цаначид улирлын анхны уралдаанаа хийлээ. Слалом төрөлд нийт 88 тамирчин мэдүүлэгт нэрээ өгсөн бол тэмцээний 2-р шатанд ердөө 27 тамирчин гарсан юм. Ингээд эхний гарааны ялагчаар энэ цаг үеийн шилдгүүдийн нэг Австрийн М.Хиршер эхний гүйцэтгэлдээ 54.27 сек-н амжилт, 2 дахь гүйцэтгэлдээ 56.77 сек-н амжилт үзүүлж нийлбэр 1 мин 51.04 сек-н амжилтаар ялагч болсон байна. Түүний араас +0.09 сек-н алдагдалтайгаар Норвегийн Х.Кристофферсен орсон бол хүрэл медалийг Шведийн А.Мюрер хүртжээ.
Ийнхүү уулын цанын дэлхийн цомын гараа эхэлж байгаа бөгөөд дараагийн гараа эрчүүд Канадад, бүсгүйчүүд Америкт ээлжит уралдаанаа хийцгээнэ.
Б.БЯМБАБАЯР