Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Битүүлэх ёсон

Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг.

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.


 

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

УУЦ ХӨНДӨХ ЁСОН

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

 

БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж