Улаанбаатар хотод хоёр жилийн хугацаанд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Концессын гэрээгээр бариулж, ашиглалтад оруулахаар талууд өнөөдөр гэрээг байгууллаа. Тодруулбал, энэ ажлыг Аж үйлдвэрийн яам гардаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлэх юм. Ингэснээр 2015 онд 30, 2016 онд 42 цогцолборыг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Концессын гэрээгээр дээрх ажлыг гүйцэтгэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх төдийгүй олон талын ач холбогдлыг дагуулах аж. Энэ тухай Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сургууль, цэцэрлэг барих нэрээр төсвийн хөрөнгө үргүй зарагдаж, тараагдаж байсныг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр онцгой эрхийн нөхцөлөөр зохион байгуулах болж байгаа нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, богино хугацаанд буюу хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэг цогцолбороор баригдана. Өмнө нь компаниуд зөвхөн барилга бариад хүлээлгэж өгдөг байсан бол одоо баригдах барилгуудад бүх асуудлыг цогцоор нь шийдсэн байна.
Хоёрдугаарт, чанар, хяналт, үйлчилгээний хэлбэрээр төр хувийн хэвшлийн үйлчилгээг шилжүүлж байгаагаараа ач холбогдолтой. Энэ гэрээний нөхцөлөөр барилга барьсан компани нь 20 жилийн хугацаанд цогцолборынхоо үйлчилгээ бусад асуудлыг хариуцахаар заасан нь бид цаашдаа ийм зөв арга замыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.
Цаашид аймаг, орон нутагт шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг Концессын гэрээгээр гүйцэтгэх асуудлыг судалж эхэлнэ, 2016 оноос хэрэгжүүлэх зорилт тавьж байна” гэсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд сурах орчин чухал. Энэ шийдлийг гаргаж байгаа Аж үйлдвэрийн яаманд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хэмжээнд хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэг баригдсанаар хүүхдүүд гэрээсээ сургуульдаа алхаж хүрэх боломж бүрдэнэ. Дүү нь цэцэрлэгтээ, ах нь сургуульдаа орно. Удахгүй 10 орчим сургууль, цэцэрлэг шинээр барих ажлыг эхлүүлнэ. Эдгээр барилгууд баригдсанаар дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээргүй болно” гэсэн юм.
Онцлоход, Аж үйлдвэрийн сайдын тодотгосноор концессын гэрээгээр хэрэгжүүлэх ажлыг боловсролын салбарт хэрэгжих дээрх ажлаар хязгаарлахгүй юм байна. Эрчим хүч, авто зам, эрүүл мэндийн салбарт хэрэгжих төслүүдийг мөн концессын гэрээгээр гүйцэтгүүлэх зарчим барих аж.
Г.ДАРЬ