УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ыг тараах албан бичигт гишүүдийн газрын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Мөн Засгийн газрыг огцрох ёстой гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний хэвлэл хариуцсан зөвлөхөөр ажилладаг Т.Зөнбилэгийн биед халдсан хэрэг гарсан. Зөвлөх маань 25 дугаар эмийн сангийн хажуугийн байранд амьдардаг. Тэдний орц бол кодтой. Орцны шатаар алхаж байхад нь араас нь хүн боож, урдаас нь төмрөөр цохисон байсан. Иймд би Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандахад хуулийн дагуу явах ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн. Ингээд хууль, шүүхэд хандаад байна. Энэ бүхэн эрх мэдэл албан тушаалын төлөөх зохион байгуулалттай арга хэмжээ гэж харж байна. Миний туслахын биед гэмтэл учруулснаар надад болон миний гэр бүл, хамтран зүтгэгч нар минь өгч буй сануулга юм болов уу гэж хардаж байна. Хэрэв дээрэм тонуулын шинжтэй байсан бол гар утас болон бусад зүйлийг нь авах байсан байх. Гэтэл биед нь халаад орхисон байгаа юм. Энэ хэргийг Ж.Мөнхбат өөрөө зохион байгуулсан гэж хардах нэгэн байна. Би зөвлөхийн толгой руу төмрөөр цохиод зогсож байх ёс суртахуунтай хүн биш” гэв.
Мөн “Өнөөдрөөс эхэлж УИХ-ыг тараах тогтоолын төсөл дээр гарын үсэг цуглуулж эхэллээ. Миний хөндөөд байгаа тогтоолын төсөл бол Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах тухай зөвшилцөх саналаас өөр хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл УИХ өөрөө тараах санал гаргаж, гарын үсэг цуглуулж байна гэж ойлгож болно. Ерөнхий сайд Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцох чадамжгүй болсон гэж үзэж байна. Тэр байтугай Ерөнхий сайд УИХ-ын чуулганы үеэр Үндсэн хууль миний ажлыг хийх боломжгүй болгосон байна. Үндсэн хуулийг өөрчилнө. УИХ, Засгийн газрыг тараах асуудлыг хөндөн тавьж, ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ” гэх мэт үймээн самуунд уриалсан мэдэгдэл хийсэн. Түүний мэдэгдлийг бүлгийн хурлын үеэр гишүүд шүүмжилсэн. Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд жагсаал цуглаан зохион байгуулахаар ярилцсан байна. Ингэж ард түмнийг өдөөн турхирч болохгүй. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Хууль зүйн байнгын хороонд оролцохгүй байх чиглэлийг гишүүдэд өгч байна. Ийм байдлаар төрийн гацаа үүссэн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж үзээд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Хоёрдугаарт, УИХ-ыг тар гэж байгаа шалтгаан нь төрийн нэр хүнд унасан. Алдаа гаргасан сайд нарт Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй юм байна. Хариуцлага алдсан хүмүүст томилсон субъект нь хариуцлага тооцож чадахгүй бол чадамжгүй УИХ болно. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулж эхэллээ” гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ыг тараах бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ?
-УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрох шаардлагад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна дөрөв, таван гишүүн миний өрөөнд орж ирээд, гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн.
-Иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд, МАН-ын дарга нар учраа олж болохгүй байна уу?
-Өнөөдөр энэ асуудал эхэлсэн юм биш. Бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулах үеэр сонин үндэслэл гаргаж тавьсан. Д.Хаянхярваа намаа хагалсан гэж байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Яг жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэр хоёр хуваагдсан. Чуулганы хуралд тал нь орж ирээгүй. Энэ үеэс л намын уур амьсгалд цав суусан. Миний бие эв зүйгээ олох санал санаачилга гаргаж, хичээж ажилласан ч болсонгүй. Нам гэдэг бол хэн нэгний компани биш. Учраа олж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой гэдгийг би илэрхийлж байгаа.
-Нэг намын дотоод хагарлаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?
-Би бол хувийн эрх ашгаас дээгүүрт намын эрх ашиг байх ёстой. Намын эрх ашгаас улс орны эрх ашиг байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Энэ толхилцооноос үүдэж эмх замбараагүй байдал үүсэхгүй байх гэж итгэж байна. Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүс арай ч Үндсэн хуулийн бус аргаар нийгмийг хямрал руу түлхсэн зүйл хийхгүй байх гэж бодож байна.
Т.НОМИН