Хиймэл оюун ухаан буюу(Artificial Intelligence A.I.)- ийн талаар амтай бүхэн ярьж, түүний дараагийн хөгжил юу болохыг дэлхий нийтээрээ ажиглан хүлээж байна. Харин зарим хүмүүс хиймэл оюун ухааны талаар эсрэг байр суурьтай байдаг ч секундээр өөрчлөгдөн хувьсаж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд түлхүү нэвтэрч буй технологийн дэвшлийн эрчийг сааруулж чадахгүй л байна. Магадгүй ихэнх A.I.-ийг эсэргүүцэгч нар хиймэл оюун ухаан яваандаа хүн төрөлхтөнийг орлох вий хэмээн эмээж байгаатай холбоотой байх.
Гэхдээ түүний хэрэглээ хаа сайгүй гэдгийг та анзаарсан уу? Хиймэл оюун ухааны хэрэглээний энгийн жишээ нь хүн бүрийн ухаалаг утас юм. Ирээдүйд хиймэл оюун ухаан бидний амьдралд ямар өөрчлөлтийг авчирч болох талаар зарим жишээгээр тайлбарлахыг зорилоо.
Ажилчин ангийн давхарга үгүй болж хүн бүр хүссэн зүйлээ хийх боломж нээгдэнэ
Хүмүүс бид мөрөөдлийн тухай их ярьдаг. Хүн бүр мөрөөдөх эрхтэй ч мөрөөдлөө биелүүлэхэд нийгмийн зүгээс ирэх саад бэрхшээл их билээ. Хүүхэд бүр л багадаа хүссэнээрээ мөрөөддөг ч насанд хүрэх үед ихэнх хүмүүс мөнгө санхүү олох, гэр бүлээ халамжлах үүрэг гэх мэт олон шалтгаанаас болж ажилчин ангийн нэгэн болж хувирдаг. Ажилдаа хичнээн дургүй байсан ч нэгэн хэвийн, механик үйлдэл хийхийг шаарддаг ажлаа л хийнэ.
Тэгвэл хиймэл оюун ухаант роботуудыг бий болгосноор хүн төрөлхтөн илүү бүтээлчээр ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж болохыг Bloomberg болон Оксфордын судалгаагаар ирээдүйд робот эсхүл хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой 700 ажлын байрны жагсаалтыг танилцуулсан. Үүний дотор зээлийн эдийн засагчаас авахуулаад, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч зэрэг ажлын байруудыг хиймэл оюун ухаант роботууд орлон гүйцэтгэх боломжтой болохыг тодорхойлоод байна.
Энэхүү судалгааны үр дүнг сонссон ихэнх хүмүүс яг үнэндээ өөрийн эрхэлдэг ажлын байрыг хиймэл оюун ухаанд алдах болсонд маш ихээр дургүйцнэ. Ингэснээр амьжиргааны эх үүсвэрээ алдах магадлалтай учир ихээхэн айдаст автах нь тодорхой юм. Гэхдээ нөгөө талаас нь бодож үзвэл хүн төрөлхтөн энэхүү боломжийг ашиглан сэтгэлгээний хувьсал хийх боломжтой болж байна.
Алдарт сэтгэл судлаач Маслов хүний амьдралын хэрэгцээг 5 үе шаталбараар дүрсэлсэн. Эдгээр хэрэгцээ нь доороосоо дээш хангагдах бөгөөд хэрэв хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох доод 2 хэрэгцээ хангагдахгүй бол хүн сэтгэл зүйн болон оюун ухааны хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна (Зураг 1) .
Иймд хиймэл оюун ухааны хөгжил нь магадгүй бидний өмнөөс анхдагч хэрэгцээг маань хангахын тулд ажиллах юм. Робот бий болсноор тухайн улс ажиллах хүчээр хангалттай хангагдаж, үйлдвэрлэл хөгжин цэцэглэж, улс орны эдийн засаг тогтворжино. Түүнчлэн улс орон, ард иргэдийнхээ нийгмийн хангамжийг сайжруулах бүрэн боломжтой болно. Хэрэв иргэн бүрийн амьдрах анхдагч хэрэгцээ хангагдвал хүмүүс дараагийн 3 шаталбарын хэрэгцээг хангахаар өөрийгөө бүрэн дайчлах цаг хугацаа болон боломж бололцоотой болохоос гадна нийгэм маань бидний мөрөөддөгчилэн илүү эрх чөлөөтэй, хүмүүнлэг, ардчилсан болон хувьсан өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй юм.
Зураг 1: Хүний амьдралын хэрэгцээт 5 үе шат
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг хиймэл оюун ухаан нээж өгч байна
Цахим гэмт хэрэг нь технологийн хөгжлийн хурдаар ихсэж байгаа энэ цаг үед, компьютерийн араас хүн цахим гэмт хэрэгтэй тэмцэх гэж цаг хугацааг их алдаж байна. Түүгээр ч үл барам эдгээр гэмт хэргийг илрүүлэхийн тулд хувь хүний нууцад халдах нь ч бий. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг хиймэл оюун ухаанд даатгаж илрүүлснээр нэгдүгээрт хурдыг хурдаар буюу нэн даруй олж илрүүлэх, хоёрдугаарт хүмүүсийн хувийн нууц алдагдахаас бүрэн сэргийлэх боломжтой болно.
Үүний нэг баталгаа бол Гүүгл, Нүүрном, Амазон гэхчлэн том том нийгмийн сүлжээний удирдагчид хиймэл оюун ухааны хамгаалалтын систем бий болгохоор шаргуу ажиллаж байгаа нь хакеруудтай тэмцэх хамгийн зөв арга хэмээн дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэнд туслах боломжийг нээж байна
Хиймэл оюун ухаан мэндлэснээр хөгжлийн бэрхшээлтэй л гэхээр нийгэмд үл үзэгдэгч болж хувирдаг байсан цаг үе нэгэнт ард хоцрон үлджээ. Хиймэл оюун ухаан бий болсноор хараагүй хүн харах, хэл ярианы бэрхшээлтэй хүн өөрийн дуу хоолойг бусдад хүргэх, тэргэнцэртэй хүмүүс хүссэн газар луугаа явах боломжтой болж байна. Ингэснээр өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд оролцоо багатай, улсаас тэтгэмж авч амь зуудаг гэх ойлголтыг үгүй хийгээд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ажиллах чадвартай гэдгээ харуулах цаг хаяанд ирээд байна.
Мэдээж хэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрт хэрэгтэй төхөөрөмжөө худалдан авахад одоохондоо амаргүй ч тун удахгүй тэдний хэрэгцээг хангахаар том том үйлдвэрлэл бий болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үүний анхдагч болсон ухаалаг утасны хөгжил саяхан хараагүй хүнд хараа нь болж камераар унших, дуу хоолойг хураан авч мессеж илгээх зэрэг энгийн үйлдэлтэй байсан бол одоо саажилттай иргэдийн хэрэгцээг хангахаар өөр олон үйлдэл хийх чадвартай тэргэнцэр болон хиймэл оюун ухааныг үйлдвэрлэж эхлээд байна. Тэр ч бүү хэл дохионы яриаг орчуулах боломжтой бээлий ч бий болжээ.
Энэ мэтчилэн хиймэл оюун ухааны хөгжлийг бид нэгэнт зогсоож чадахааргүй болсон тул түүнийг хэрхэн амьдралдаа өөрт ашигтайгаар ашиглаж болохоо сайтар тунгаах цаг ирсэн байна.
Ирээдүйн технологийг бүтээгч, ухаалаг хэрэглэгч иргэдийг одооноос бэлтгэж байна
Урд хөршид маань бүрэн дунд боловсролын системд технологийн хичээл гэж шинэ хичээл нэмэгдэж байна. Энэхүү хичээлээр бидний мэдэх копьютерийн хэлээр хэрхэн багаасаа програм бичих, бичсэн програмаа идэвхжүүлэх, хиймэл оюун ухаант техникийг хэрхэн ашиглах, хэрхэн хиймэл дагуулд мэдээ илгээх гэхчлэн алс ирээдүйг харсан сонирхолтой хичээлийн агуулгатай сургалтын хөтөлбөрийг шинээр бий болгож байна.
Тухайн улсын Засгийн газар нь тус салбарыг хөгжүүлэхээр эрс шийдсэн нь энэхүү салбарт оруулж буй хөрөнгөөс авахуулаад ард иргэдээ одооноос бэлдэж эхэлсэн зэргээс шууд харж болно.
Энэ жилийн тавдугаар сард БНХАУ-д айлчлал хийсэн Германы Ерөнхий сайд Ангела Меркель хүртэл БНХАУ-ын технологийн хөгжлийг гайхан биширч, хиймэл оюун ухааныг өөрийн эх оронд хөгжүүлэхээр эрс шийдсэн байна. Одоогоор Германы Засгийн газар өнгөрсөн жилүүдэд AI судалгаанд жилд 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ жил 151 сая еврогоор хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, боловсон хүчнээ бэлдэхээр шийдвэрлээд байна. Энэ мэтчилэн дэлхийн олон улс орон хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр шаргуу анхаарч ажиллаж байна.
Монголчууд бид энэ бүгдээс хоцорч үлдлээ гэж бодолгүй, хүн бүр хиймэл оюун ухааныг хэрхэн ухаалгаар ашиглаж болохыг одооноос бодож үзвэл зохистой билээ.
Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн
Мэдээллийн эх сурвалж
- Jobs most at risk of being replaced by robots (2017)
- Kriti Sharma, How AI will continue its journey into the mainstream in 2018 (2017)
- Rana el Kaliouby, 3 A.I. Predictions for 2018: Emotion, Data, Ethics( 2017)
- 在中国受到震撼,默克尔回国急开AI峰会(2018)
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ