Дарханы бичил уурхайчид

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Дарханы бичил уурхайчид

“Манайх ам бүл дөрвүүл. Гэрийнхэн маань аймгийн төвдөө байдаг. Харин би хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ Шарын голд байр хөлсөлж амьдарч байна. Гэхдээ ажлынхантайгаа тохиролцож байгаад сард хэдэн удаа гэртээ очоод ирдэг юм. Манайх уул уурхайн буянаар боломжийн амьдраад л байна. Сард 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн орлого олдог” гэж ярих энэ хүнийг Н.Чинзориг гэдэг. Тэрбээр 10 дахь жилдээ бичил уурхайд ажиллаж байгаа нэгэн. Түүнээс өмнө нинжа байж үзсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, алт илэрсэн сургаар хүссэн газраа гар аргаар алт олборлодог иргэдийн нэг байж үзсэн байна. Харин одоо нөхөрлөлд хамрагдан, татвар, даатгал төлдөг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийдэг хүмүүсийн нэг болжээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим нөхөрлөл байдаг бөгөөд тэдэн дунд бүртгэлгүй нөхөрлөл ганцхан байдаг нь “Буянтын хөндий” төрийн бус байгууллага юм байна. Тус байгууллагад 1100 хүн ажилладаг аж. Тэдний нэг нь Н.Чинзориг юм.  Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон болон хэсэг сэтгүүлчидтэй нэгдэн бичил уурхайчдын үйл ажиллагаатай танилцсан юм.  Дараа нь Үнэт металлын сорьц тогтоох лабораторитой танилцав.

Хамаг байдгаараа дулаан хувцасласан ч бичил уурхайчдын ажилтай танилцах зуур нэлээд жиндэв. Харин уурхайчид хүйтнийг ажирсан шинжгүй ажилласаар байлаа. Өвөл алтны гарц багасахтай зэрэгцэн уурхайчид цөөрдөг байна. Мөн сумын төвийн урлагийн их наадам болох гэж байгаа тул  уурхайчин цөөхөн байлаа.

Овоолсон шорооны хажууд шар өнгийн хувцастай уурхайчид ажиллаж байна Ухсан нүхний амсар дээр олс ороосон төмөр байх агаад түүгээр дамжин ээлжээр нүх рүү орж, бусад нь амсар дээр үлдэх аж. Ингээд нүхэнд орсон хүн шороогоор дүүргэсэн савыг олсонд уяж, бусад нь татан авч байлаа. Техникийн хүчээр газрыг сэндийчихгүй байх энэ аргыг “Унагалдай” гэдэг аж. Нүх рүү шагайтал хүн байгаа нь харагдсангүй. Нэг нүхийг 20 орчим метр ухдаг аж. Тухайн нүхийг одоогоор 13 метр ухаад байгаа нь энэ ажээ. Харин гэрэл тусгаж зургийг нь авав.

Уурхайчдын ажил тарах дөхсөн бололтой олсоо хурааж байлаа. Тэдний ажил 09.00 цагт эхэлж 17.00 цагт өндөрлөгдөг юм байна.

АШИГЛАСАН ГАЗАРТАА ИРЭХ НАМАР НОГОО ТАРИНА, ГАХАЙ, ТАХИА МАЛЛАНА

 

Ингээд “Буянтын хөндий” төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаагаас бүртгэлгүй нөхөрлөл болон бичил уурхайчдад тулгамддаг асуудлын талаар тодрууллаа.

-Танайх 1100 гишүүнтэй гэсэн. Үүний хэд нь Шарын гол сумынх вэ. Заавал нутгийнх, Дарханых байх ёстой гэсэн шаардлага тавьдаг уу?

Манай байгууллага 2008 онд байгуулагдсан. Түүнээс өмнө хувиараа алт олборлодог нинжа нар их байсан. Ямар ч зохион байгуулалтгүй, хууль эрхзүйн орчингүй, нэн ядуу, хөөгдмөл, туугдмал, осол аваар их гардаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагүй байсан. Манайх албан ёсоор 1100 гишүүнтэй. Үүний 565 нь Шарын гол сумынх. Үлдсэн нь бусад аймаг, сумаас ирж ажиллаж байна. Нэг гишүүний ард багаар бодоход гурван хүний амьдрал бий.

-Танайх бүртгэлгүй нөхөрлөл гэж явдаг юм билээ. Бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн ялгаа  нь юу вэ?

-Засгийн газрын 151 дүгээр журамд нэг ноцтой алдаа бий. Журамд “Бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн жишгээр үйл ажиллагаа явуулж болно” гэсэн байдаг.  Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн гишүүнтэй байдаг. Үүнд нөхөрлөл байгуулж байгаа хүний эхнэр, хүүхэд, бэр, хадам нь багтдаг. Тэд тухайн газарт маш том хэмжээний техник оруулж, байгальд хохирол учруулж сэндийлж байна. Мөн бүртгэлтэй нөхөрлөлд 70:30 гэсэн зүйл үйлчилдэг. Энэ нь орлогын 70 хувийг техниктэй хүмүүс , 30 хувийг эзэн авна гэсэн үг. Нийгмийн хариуцлагын гэрээ гэж байдаггүй.  Ерөнхийдөө шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөл явуулдаг. Тиймээс 151 дүгээр тогтоолд байгаа Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг устгахыг хүсч байна.

Монгол Улсын хэмжээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй манайх шиг нөхөрлөл алга.

-Бүртгэлгүй нөхөрлөл ашгаа хэрхэн хуваадаг вэ?

-Дулааны улиралд нэг хүний сарын орлого сая төгрөгөөс буудаггүй ч насаараа төрийн албанд ажиллаад тэтгэвэрт гардаг ажил биш. Түр ажлын байраар хангагдаж байгаа энэ үед нь бүхий л даатгалд хамруулахыг хичээдэг. Бид ашгаа тэнцвэртэй хуваадаг. Бүртгэлтэй бичил уурхайчид шиг эзэн нь 30 хувиа авдаг байсан бол би энэ зун гурван килограмм алттай болох байлаа. Энэ чинь 240 сая төгрөг шүү дээ. Бид гаднын том техник ашигладаггүй. Зөвхөн өөрсдийн хүчээр ажиллаж, орлогоо тэгш хуваадаг.

-Танайх 5.6 га-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэсэн. Үүнийхээ хэдэн хувийг ашигласан бэ. Мөн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ?

-Манайх 5.6 га-д үйл ажиллагаа явуулах гэрээ хийснийхээ 2.6 га-г ашигласан. Энэ газрынхаа хаягдлыг бүрэн ашиглачихаад, дараа нь аж ахуй эрхлэх гэж байгаа. Ашигласан газартаа ирэх намар ногоо тарина. Гахай, тахиа маллана. Бид бэлтгэл ажлаа хийсэн. Одоогоор техникийн нөхөн сэргээлтээ хийж амжаагүй байна.

-Дээрх 2.6 га-гаас хэчнээн хэмжээний алт олборлож, Монголбанкинд тушаасан бэ?

-Манайх энэ зун Монголбанкинд 10 орчим кг алт тушаасан. Өмнө нь алтыг ченжээр дамжуулан Улаанбаатарт тушаадаг байсан. Маш их асуудалтай байдаг байлаа. Харин саяхан Дарханд сорьцын лаборатори байгуулагдсан. Ингэснээр ажил хөнгөрч харын сэтгэлгүй болсон.

СУМЫН ИРГЭДИЙН ОРЛОГО 25-30 ХУВЬ ӨССӨН

Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Шинэхүүгээс сумын иргэдийн хэдэн хувь нь бичил уурхай эрхэлдэг, амьжиргаа нь хэрхэн өөрчлөгдсөнийг лавлалаа . Тэрбээр “Манай сумын иргэдийн 10 хувь нь бичил уурхай эрхэлдэг. Сумын мөнгөн урсгалыг бид судалсан юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай сумын иргэдийн орлого 25-30 хувь өссөн байна. Энэ хэрээр иргэдийн амьжиргааны төвшин сайжирч байна” гэсэн юм.

Уурхайчид өдөржин ухаж гаргасан шороогоо портер дээр ачаад талбайгаас зүүн тийш байрлах байгалиас ундаргатай нуурын уснаас татан угаадаг юм байна. Тэнд очтол модоор бүрхсэн үзэсгэлэнт талын энд тэнд  газрыг сэндийлсэн байгаа харагдав. Үүний учрыг “Буянтын хөндий” төрийн бус байгууллагын тэрүүн О.Цэцэгмаагаас  лавлахад “Манай энд модны “оршуулга” хаа сайгүй байдаг юм. Бүртгэлтэй нөхөрлөлүүд том техникээр модыг унагаж, уул өөд өгсөн  газар ухаад л байдаг юм. Уулыг овоолго болгосон тохиолдол Монголд бий шүү дээ. Бүртгэлтэй хэрнээ сайн ажиллаж байгаа газрууд бий ч энэ мэтээр бусдынхаа нэр хүндийг унагадаг нь олон. Техниктэй нөхөрлөлүүд нь шалгалт ирэхээр техникээ нуучихдаг” гэлээ.

ЛАБОРАТОРИ НЭГ САРД 95.8 КГ АЛТНЫ СОРЬЦЫГ ТОГТООЖЭЭ

Удалгүй нар жаргасан тул бид Дархан- Уул аймаг руу хөдөллөө.  Маргааш өглөө нь Үнэт металлын сорьц тогтоох лабораторитой танилцсан юм. Тус лабораторийг Монголбанк болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан юм. Түүнээс өмнө алтны сорьцыг зөвхөн Улаанбаатарт тогтоодог байв. Харин өнгөрсөн сард Баянхонгор болон Дархан-Уулд сорьц тогтоох лаборатори байгуулсан юм. Ингэснээр бичил уурхайчид алтаа ченжээр дамжуулалгүй сорьцыг нь тогтоолгож, тушаадаг болсон юм.

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст Үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулагдсан нэг сарын хугацаанд 95.8 кг алтны сорьцыг тогтоожээ. Алтыг эхлээд хайлуулж дараа нь сорьцыг тогтоодог юм байна. Алтыг нэг граммыг нь 50 төгрөгөөр хайлуулдаг бол сорьц тогтооход 1-100 граммыг 10 мянган төрөг, 101-500 граммыг 20 мянган төгрөг, 501 граммаас- нэг килограммыг 30 мянган төгрөгийн өртөгтэй байдаг юм байна.

Харин тус лабораторид сорьцыг нь тогтоосон 95.8 кг алтнаас 33 кг-ыг тус аймгийн Монголбанкинд тушаасан байна. Дээрх лабораторид сорьцыг нь тогтоосон алтыг Монгол банкнаас гадна Капитрон банк авдаг юм байна.

Үүнээс өмнө Монголбанкинд алт тушаахад өндөр татвар төлдөг байсан тул иргэн, аж ахуйн нэгж нь алтаа ченжид өгөхийг илүүд үздэг, хууль бусаар хил гаргадаг байжээ. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Монголбанкинд алт тушаах нь нэмэгдсэн байна. Иргэд хариуцлагатайгаар олборлосон алтаа газар дээр нь тушаадаг болсноор аль ч талдаа хүндрэл чирэгдэлгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг болжээ. Эх орныхоо алтыг хууль бусаар хил давуулалгүй, Монголбанкинд тушааснаар гадаад валютын албан нөөц нэмэгдэж, ханш тогтворжиход чухал ач холбогдолтой билээ.

Гэрэл зургийг А.ЧИМЭДЦЭРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж