АПЕК-ийн уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэл гаргасангүй | News.MN

АПЕК-ийн уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэл гаргасангүй

АПЕК-ийн уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэл гаргасангүй

АПЕК-ийн уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэл гаргасангүй

АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт 25 жилийнхээ түүхэнд анх удаа хамтарсан мэдэгдэл гаргалгүйгээр өндөрлөлөө. Жил бүр зохион байгуулагддаг АПЕК-ийн улс орнуудын удирдагчдын энэ удаагийн уулзалт Папуа Шинэ Гвинейд болж, 21 улсын төлөөлөгч оролцсон юм.

Уулзалтын төгсгөлд удирдагчид худалдааны асуудалд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй нь АНУ, Хятадын худалдааны дайнтай холбоотой байжээ. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Трампыг төлөөлсөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс “АНУ, БНХАУ-ын худалдаанд харилцан ашигтай, шударга байх зарчим алдагдсан. Бид цаашид Хятад улстай алдагдалтай худалдаа хийгээд байж чадахгүй” гэжээ. Тэрбээр өнгөрсөн сард Хятад улсад айлчлах үедээ ч бас Хятадыг зах зээлээ илүү нээлттэй болгохыг шаардаж байсан билээ.

Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин уулзалтын үеэр “Хүйтэн дайнд ч, халуун дайнд ч ялагч гэж байдаггүйг түүх бидэнд харуулсан. Худалдааны дайн ч бас ялгаагүй” гэж хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр “протекционист бодлого болон худалдааны шударга бус байдлыг үгүй хийхэд” улс орнууд санал нэгдэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн юм.

Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд АПЕК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Ази Номхон далайн бүс нутагт нээлттэй, чөлөөт худалдааны зарчмыг хэрэгжүүлэх зорилготойг анхааруулан хэлсэн байна.

Олон улсын худалдааг зохицуулдаг гол байгууллага болох Дэлхийн худалдааны байгууллагын тогтоосон худалдааны зарчмуудыг АПЕК-ийн орнууд худалдааны практиктаа тусгахаар хэлэлцэж байсан боловч энэ нь БНХАУ-ын төдийгүй АНУ-ын худалдааны дайны үеэрээ авч хэрэгжүүлж буй гадаад худалдаанд тэгш эрхтэй, нээлттэй, ялгаварлахгүй байх зарчимтай зөрчилдөж байсан юм. Тухайлбал, худалдааны дайн эхэлснээс хойш тус хоёр улс нь импортын барааныхаа татварыг “нэр төрөл зааж”, онцгойлон өсгөж байгаа нь энэхүү зарчимтай харшилж байгаа аж.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдлийг гаргаж чадаагүй ч Папуа Шинэ Гвиней улсын зүгээс хурлыг даргалагчийн тэмдэглэлийг удахгүй гаргаж, олон нийтэд танилцуулна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж